Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар 2025.04.02-ны өдөр Алтай таван Богдын Cонгинотын даваанаас 5000 км зам туулах гүйлтээ эхлүүлсэн. Гүйлтээ эхэлснээс хойш 8 өдрийн дараа буюу өнөөдөр /2025.04.10/ Ховд аймагт орж иржээ.
Тэд баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт буюу 99 хоногт туулж, 2025.07.10нд барианд орох юм.
Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замыг туулах зорилт тавин гүйж байгаа юм.
Өмнө нь ахлах ахлагч Э.Даваажамц монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гаран 46 хоногийн турш нийт 2127 км замыг туулж байсан удаатай.
Мөн түүний Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсын хамтаар Монгол цэргийн музейд хадгалж үлдээсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!