Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Монос Групп ХХК нь ургамлын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр ХБ-наас Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 5.9 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Эл компанийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар эзэмшдэг аж. Зээлийн санхүүжилтээс 5.89 тэрбум төгрөгийг бэлэн зарлагаар гаргасан тул зарцуулалтыг нарийн шалгах боломжгүй болсон гэдгийг шинжээч танилцуулсан юм.
Ташрамд дурдахад, сонсголд Монос ХХК-ийн зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг гэрчээр дуудагдсан боловч ирээгүй юм.