Төрийн өмчит компаниудад хяналт тавьж, бүтээмжийг сайжруулна ганган "гуншинтай" менежерүүд томилогдож байна. Үүнийг нь харин олон нийт "Хоёдугаар ээлж хоолондоо орж байна" хэмээн харж буй. Үнэний л ортой зүйл. Угаас төрийн өмчит компаниуд дээр хийгддэг томилгоод утгаа алдаад удаж байгаа нь үнэн. Энэ хэрээр авлига, хээл хахууль гээд олон асуудлын үүр уурхай болж байгааг төрийн түшээдээс нь авхуулаад шүүмжлэх болсон. Тиймдээ ч сүүлийн хоёр жил төрийн өмчит компаниудын эрх зүйн орчныг шинэчлэх асуудал эрчимтэй хөндөгдөж буй билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа төрийн өмчит компаниудад томилогдсон бүтээмж болон хяналт хариуцсан менежерийн албан тушаалтай холбоотой зарим мэдээлэлтэй танилцъя.
-ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД 250-350 МЕНЕЖЕР ШИНЭЭР ТОМИЛОГДОЖ БАЙНА-
Хамгийн сүүлд авагдсан мэдээллээр төрийн өмчийн 99 компани, түүний охин компани нийлээд 123 компани байгаа. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын хэлж буйгаар Засгийн газрын шийдвэрийн дагуу бүх төрийн өмчит компаниуд дээр энэхүү томилгоог хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, 123 төрийн өмчит компанид 250-350 менежер шинээр томилогдож байгаа гэсэн үг. Угтаа бүтээмж хариуцсан менежер болон хяналт хариуцсан менежерийн албан тушаалд тус бүр нэг хүн томилогдох учиртай. Гэвч зарим компаниуд түүнээс давсан тоогоор томилгоо хийсэн тохиолдол байна.
-БҮТЭЭМЖ, ХЯНАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРҮҮДИЙН ЦАЛИНД САРД 1.5-2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА-
Хоёрдах асуулт. Эдгээр менежерүүдийн цалинд хэдэн төгрөгийг зарцуулах вэ.
Тэгвэл шинэхэн менежерүүд маань хамгийн багадаа 5-7 сая төгрөгийн цалинг сард авах гэнэ. Өөрөөр хэлбэл, 123 төрийн өмчит компанид томилогдсон 250-350 хүний цалингийн зардалд сард дунджаар 1.5-2.1 ТЭРБУМ төгрөг зарцуулна. Харин цалинтай холбоотой үүсэх асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлахдаа "Зардал, орлогоо өөрсдөө тооцоод явдаг компаниуд учраас төсөв дээр ямар нэгэн дарамт ирэхгүй" гэв. Гэлээ гэхдээ энэ хэмжээний мөнгө зүгээр л "давхардсан" чиг үүрэг хүлээсэн нөхдүүдийн халаас руу ороод дуусах вий гэдэг болгоомжлол байна.
Нөгөө талдаа төрийн өмчит компаниудын санхүүгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа. Тухайлбал, тэдний алдагдал ямар байгаа вэ гэдгийг эргэн санах шаардлага үүсэж байна.
Төрийн өмчийн 123 компанийн 43 нь алдагдалтай ажиллаж байна хэмээн дүгнэгдсэн байдаг. Харин эл 43 компани дотор гурван жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авхуулалгүй яваа 21 компани бий. Улмаар алдагдалтай ажиллаж байгаа гэх тодотголд багтаад буй 43 компанийн алдагдлын дүнгийн нийт хэмжээ 150 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ.
-ТӨЛӨВ: Хяналтын менежерт АН-ынхан, Бүтээмжийн менежерт МАН, ХҮН намынхан голлон томилогджээ-
Ямартай ч менежерүүдийн томилгоо хийгдээд эхэлсэн нь баттай, ноттой болоотхов. Тэгвэл төрийн өмчийн 16 компани багтдаг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харъяанд байх компаниудад энэ чиглэлд ямар томилгоо хийгдсэнийг сонирхуулья. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын өгсөн мэдээллээр 8 компанид нь албан ёсоор томилгоо хийгдээд байгаа. Бид компани тус бүртэй холбогдоход дараах мэдээллүүдийг өгч байсан юм.
-ШИВЭЭ ОВОО ХК-нд 2 МЕНЕЖЕР ТОМИЛОГДСОН-
Шивээ овоо ХК-ийн бүтээмж хариуцсан менежерээр томилогдсон Г.Батзам нь МАН-ын гишүүн. Түүний хувьд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 онд ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Харин хяналт хариуцсан менежерээр Б.Анхбаяр томилохоор болжээ. Б.Анхбаярын тушаал хараахан гараагүй байгаа аж. Учир нь түүнийг томилохтой холбоотойгоор АТГ урьдчилсан мэдүүлгийг нь хянаж, саяхан хариу бичиг нь тус компанид ирсэн гэнэ.
-“Монголросцветмет” ТӨҮГ: 2 МЕНЕЖЕР ТОМИЛОГДСОН-
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч даргын статус бүхий Бүтээмж хариуцсан менежерээр томилогдоод буй. Харин хяналтын менежерт АН-аас томилгоо оржээ. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөрийн МҮАН фракцын гишүүн Б.Даваацэрэн эл албан тушаалд очоод буй юм.
-ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ 2 МЕНЕЖЕР ТОМИЛОГДСОН-
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хяналт хариуцсан менежерээр Г.Одхүү, бүтээмж хариуцсан менежерээр Д.Баярбилэг нарыг томилогдсон. Д.Баярбилэгийн хувьд Компьютерын ухаан, мэдээллийн систем чиглэлийн мэргэжилтэй бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт ХҮН намаас дэвшиж байв.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ДӨРВӨН МЕНЕЖЕР ТОМИЛОГДООД БАЙНА-
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т бусад компаниудтай харьцуулахад олон албан тушаал дээр томилгоо хийгджээ. Ингэхдээ хяналтын менежерээр И.Мөнхжаргал томилогдсон. Түүний хувьд 2022-2023 онд Ардчилсан намын ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Харин Г.Цогнэмэхийн хувьд НИТХ-ын сонгуулийн VIII тойрогт ХҮН намаас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн. Тэрбээр олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан аж.
-ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ ХХК-Д ХОЁР ХҮНИЙГ МЕНЕЖЕРЭЭР ТОМИЛНО-
Эрдэнэс Оюутолгой компанитай холбогдоход бүтээмж болон хяналтын менежерт хоёр хүн томилох талаар тушаал нь "Эрдэнэс Монгол" ХХК-иас ирсэн гэж байлаа. Харин хэн гэгч хүмүүс томилогдох талаар мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэсэн юм.
-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-НД ГУРВАН МЕНЕЖЕР ТОМИЛОГДСОН-
Эрдэнэс Тавантолгой ХК-нд гурван менежер томилогджээ. Хяналтын менежерээр томилогдсон Н.Пунцагийн хувьд Ховд аймгийн АН-ын гишүүн. Харин Б.Мөнхболдын тухайд, тэрбээр өнгөрөгч онд УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт ХҮН намаас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн юм. Бизнес хөгжил хариуцсан менежерээр томилогдсон С.Баярмөнхийн хувьд, "ТV8" телевиз, Сэрүүлэг сониныг үүсгэн байгуулагч нэгэн бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард эл албан тушаалд МАН-аас томилогджээ.
-ЭРДЭНЭС МОНГОЛ ТӨХК-Д ХОЁР МЕНЕЖЕР ТОМИЛОГДООД БАЙНА-
Хяналтын менежерээр томилогдсон Н.Жавзанпагмын хувьд Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин Д.Ядамжавын хувьд улстөрд орж ирж буй залуу төлөөллийн нэг бөгөөд 2012 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Хуульч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын туслахаар ажлын гараагаа эхэлж байсан. Тэр утгаараа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ойр гэх нь бий.
-БАГАНУУР ХК-Д ГУРВАН МЕНЕЖЕР ТОМИЛОХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА-
Багануур ХК-д одоогоор албан ёсны томилгоо хийгдээгүй байгаа. Гэхдээ эх сурвалжаас авсан мэдээллээр АН-аас ҮБХ-ны гишүүн Ц.Одонтунгалагийн нэр яригдаж буй аж. Мөн н.Гантулга, н.Отгонболд зэрэг хүмүүсийн нэрсийн "сураг" бий гэнэ.
-ТОМИЛГОО ХИЙГДЭЭГҮЙ ГЭХ ХАРИУ ӨГСӨН КОМПАНИУД-
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн харъяанд байх дээрх компаниудад хараахан томилгоо хийгдээгүй байгаа гэдэг хариултыг өгсөн юм. Хэдийгээр одоогоор томилгоо хийгээгүй гэх мэдээллийг өгч буй боловч менежерээр томилогдох хүмүүсийн нэрс ил болсоор буй билээ.
-Б.ЭНХБАЯР: 400 бүтээмжийн менежер томилж байгаа нь УЛС ТӨРИЙН АВЛИГА-
Сүүлийн өдрүүдэд хийгдсэн энэ мэт томилгоодтой холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, “Төрийн болон орон нутгийн өмчит компаний бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” анхдагч хуулийг төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс "400 бүтээмжийн менежер томилж байгаа нь УЛС ТӨРИЙН АВЛИГА. Намуудыг дуугүй болгож, НАЙРААН ДУНДАА идэж уух гэж байна. Энэ дээр АТГ сайн хяналтаа тавиараа. Улс төрийн хүрээнд нь БИД ӨӨРСДӨӨ ТЭМЦЭНЭ. Төрийн өмчийн 123 компанид жилдээ 30 тэрбумын зөвхөн цалин авах 400 бүтээмжийн менежер томилох гэж байна" гэсэн юм.
-АТГ-ЫН ДАРГА: Төрийн өмчит компаниудад ажиллагсдын тоо нэмэгдэхийн хэрээр бидний хараа хяналтаас сугарч үлдэх эрсдэл байна-
Нэгэнт төрийн өмчийн компаниуд дээр олон талын асуудал үүрлэсэн нь үнэн. Энэ нь эргээд авлигын төсөөллийн индекс, авлигын эсрэг тэмцэлд муугаар нөлөөлж буй талаар АТГ-ын дарга нь гишүүдийн чихэнд хүргээд амжлаа. Тэрбээр "Төрийн өмчит компаниудад ажиллагсдын тоо нэмэгдэхийн хэрээр бидний хараа хяналтаас сугарч үлдэх эрсдэл байна. Энэ нь эргээд авлигын гэмт хэрэг үйлдэх суурь нөхцөл болж байгааг үгүйсгэхгүй. Судалгаа шинжилгээний албаас, төрийн өмчийн компаниуд чинь нэмэгдэж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байна. Засаглал нь тунгалаг биш байна гэдгийг хэлж байгаа" гэж байв.
-Төрийн өмчийн компаниудад "ДАРГА УЛС" бий болгохоосоо урьтаад...-
АТГ-ын дарга нь ч Монгол Улсын хөгжлийн суурь үзүүлэлтэд чухал нөлөөтэй авлигын эсрэг тэмцэлд төрийн өмчит компаниудад хийгдэж буй томилгоод нөлөөлж буйг хэлж байна. Үүнд ТӨХК-иудын засаглал, менежменттэй холбоотой асуудал ч багтаж буй. Гэтэл энэ мэтээр төрийн алба, төрийн өмчийн компаниуддаа "дарга улс" бий болгоод байвал хэзээ хөгжлөө нэгдүгээрт тавих билээ. Иймд бүтэц ярьж хөөрцөглөхийн оронд хэрхэн алдагдлаа нөхөж, менежментээ сайжруулах вэ гэдгээ бодолцох шаардлагатай байна
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!