Ц.Батзул: Ирэх тавдугаар сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй төсөл, арга хэмжээг зогсоож, төсөвлөсөн хөрөнгийг Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу буцаан татна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 22 секунд

Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг захиалагч болон, тендер сонгон шалгаруулалтад оролцогч ААН-үүдтэй хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-т "батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" хэмээн заасны дагуу энэ онд улсын төсвийн 2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих ёстой нийт 89 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн явцыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзулаас тодрууллаа.

-Энэ оны төрийн худалдан авах ажиллагаа ирэх тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ-

- Өмнө нь яамдууд өөрсдөө төсөл, арга хэмжээний тендерт сонгон шалгаруулалтаа хийдэг байсан бол энэ жилээс Төрийн худалдан авах ажиллагааны газар буюу танайх бүрэн хариуцахаар болсон байдаг. Төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэл хэдэн хувьтай биелэгдээд байгаа вэ?

-Төрийн худалдан авах ажиллагааны газрын чиг үүрэг бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн тендер шалгаруулалтыг зохион байгуулах юм. Энэ хүрээнд УИХ-аас баталсан улсын төсвийн 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 89 төсөл арга хэмжээний тендер зохион байгуулалтыг Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу манайх гүйцэтгэлийг хангаж ажиллах үүрэг хүлээгээд явж байна.Одоогийн байдлаар тендерт сонгон шалгаруулалт нь эхэлчихсэн 74 төсөл, арга хэмжээ байна. Үлдсэн 15 төсөл, арга хэмжээний техникийн даалгавар, ажлын даалгавар, зураг, бусад холбогдох материалууд нь манайд хараахан ирээгүй байна. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 08-ны өдөр буюу төрийн худалдан авах ажиллагаа дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна.

Бидний хувьд энэ оны тендер сонгон шалгаруулалтаа нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зарласан. Гэхдээ Төрийн хэмнэлтийн хуульд заасны дагуу ирэх тавдугаар сарын 31-ний дотор захиалагч талууд болон ААН-үүд гэрээгээ байгуулж амжаагүй бол тухайн төсөл, арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг анхааруул хэлье.

Энэ хүрээнд манай байгууллага нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Ер нь тендер сонгон шалгаруулалтаа зарлахаас авхуулаад гэрээ байгуулах хүртэлх процесс дуусахад ажлын 45 хоног орчим хугацаа шаардагддаг. Гэтэл одоо хүртэл худалдан авах ажиллагаа нь хараахан хийгдэж эхлээгүй байгаа төсөл, арга хэмжээнүүдийн хувьд Төрийн хэмнэлтийн тухай хулиараа боломжгүй болох эрсдэл үүсэж байгаа учраас холбогдох яамдуудад удаа дараа хэлж, сануулж, албан бичиг хүртэл хүргүүлсэн. Цаашид бид хууль, эрх зүйн зохицуулалтаа зөв мөрдөөд явбал бидний дунд шүүмжлэл дагуулдаг бүтээн байгуулалтын ихэнх ажил өвөл болоод байна гэдэг асуудал арилж, зөв зохион байгуулалтад орох юм.

Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс төсөл, арга хэмжээнд шаардлагатай бүх материалуудыг хуулийн хугацаанд бүрэн бүрдүүлж, төсөв батлагдсан даруйд тендер шалгаруулалтаа эхлүүлдэг байх шаардлагатай байна. Захиалагч, сонгон шалгаруулалтад оролцож буй ААН-үүд аль аль нь үүнийгээ анхаарах ёстой.

-Зураг төсөвгүй, магадлалгүй, холбогдох зөвшөөрлүүд нь олгогдоогүй төсөл арга хэмжээнд тендер зарлах боломжгүй-

-Энэ жилийн худалдан авах ажиллагаатай холбоотой зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэл яагаад ийм удаашралтай байгаа вэ. Улсын төсөв батлагдахдаа эхлээд Ерөнхийлөгчийн хоригтой тулснаас үүдэж, Засгийн газраас зардлаа танаж дахин УИХ-д оруулж хэлэлцүүлэн батлуулах процесс хооронд хугацаа шаардагдсан нь нөгөө талд тендер сонгон шалгаруулалт зарлахаас авхуулаад хугацаа алдахад нөлөөлсөн зүйл бий юу?

-Тийм. Монгол Улсын 2025 оны төсөв батлагдахтай холбоотой сар орчмын хугацаа алдсан. Өмнө нь Төсвийн тухай хуулиараа 11 дүгээр сарын 15-ны дотор батлаад Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийхээ жагсаалтыг Засгийн газарт арванхоёрдугаар сарын 01-нээс өмнө өргөн барьж, арванхоёрдугаар сарын нэгнээс эхлэн тендер сонгон шалгаруулалтаа зарлаад эхэлчихдэг байсан. Энэ оны тухайд онцлог байсан учраас арай хожуу зарлагдаж эхэлсэн. Нөгөө талаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн шинэ зохицуулалт үйлчилж эхэлж байгаатай холбоотой. Хуульд заасан хугацаанд амжиж худалдан авах ажиллагааг хурдасгах, захиалагч тал материалын бүрдлээ нэн яаралтай гүйцээж ирүүлэх гэх мэт хэрэгцээ шаардлага үүсчхээд байгаа юм.

-Төсөл, арга хэмжээ нь хугацаандаа амжиж хийгдэхээргүй болж байгаа болон материал бүрдүүлэлт дутуу хүлээгдэж байгаа ямар яамдууд байна вэ? Та түрүүн 15 төсөл, арга хэмжээний материал бүрдэл дутуу, зогсонги байдалтай байна гэлээ?

-Хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор хэд хэдэн худалдан авах ажиллагааны зохицуулалтууд үйлчилж буй. Өмнөх ярианд дурдагдсан хугацаанаас гадна хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд цаашид хэрэгжихэд боломжтой, ТЭЗҮ нь батлагдсан, магадлал нь хийгдчихсэн, зураг төсөв нь эцсийн байдлаар батлагдаад түүнийхээ хүрээнд төсвөө батлуулж явах зохицуулал үйлчилж байгаа. Энэ оны төсөл, арга хэмжээний хувьд яамдаас шалтгаалахаас илүү төсөв нь батлагдахдаа зарим зүйл нь дутуу байдлаар батлагдсан төслүүд ч бий. Үүний тендер сонгон шалгаруулалтад шаардлагатай баримт материалыг бүрдүүлэх ажилд нэлээд хугацаа зарцуулж байгаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, зураг төсөвгүй, магадлалгүй, холбогдох зөвшөөрлүүд нь олгогдоогүй төсөл арга хэмжээ дээр хөрөнгө баталчихаар бид тендер сонгон шалгаруулалт явуулах боломжгүй болчхоод байдаг. Энэ байдлаас болоод тендерээ зарлаж чадахгүй уддаг. Үүнийг хүмүүс ойлгохдоо тендерээ зарлахгүй байна, уяад байна гэдэг. Одоо Төсвийн тухай хууль, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ заавал ТЭЗҮ хийгдсэн, магадлалаар баталгаажсан, холбогдох зөвшөөрлүүд олгогдсон бол уг төсөл, арга хэмжээ дээр хөрөнгө батална гэдэн хууль хэрэгжиж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг дөрөв ангилж байгаа. Эхнийх нь барилга байгууламж буюу шинээр авто зам, эрчим хүч, дэд бүтэц, барилгын төсөл арга хэмжээ байдаг. Дараа нь их засварын ажлууд, тоног төхөөрөмж худалдан авах, ТЭЗҮ боловсруулах гэсэн эдгээрт хөрөнгө тавигддаг. Энэ онд хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн багагүй хэсэгт тоног төхөөрөмж худалдан авахаар байгаа. Үүнтэй холбоотойгоор яамдуудад үүсдэг нэг хүндрэлтэй асуудал нь улсаас баталж өгсөн төсөвтөө багтааж, өөрсдөд шаардлагатай төсвийн хэрэгцээгээ эрэмбэлж, заримыг нь хасаж, төлөвлөх шаардлага үүсдэг.

Жишээ нь, Эрүүл мэндийн салбар энэ онд 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах төсвийг баталсан бол салбар эмнэлгүүдээс нь ЭМЯ-нд 700 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж шинэчлэх хүсэлт ирчихсэн. Үүнээс болж хэрэгцээтэй байгаа төсвөө, батлагдсан төсвийн хүрээнд барьж, нэн шаардлагатайгаас эхлээд эрэмбэлж шийдвэр гаргахад тодорхой хэмжээний хугацаа авах шаардлага тулгарч байгаа юм. Энэ мэт олон талын нөхцөл, шаардлагаас болж худалдан ажиллагаа хугацаандаа амжихгүй байх бэрхшээлүүд гарч нэг талдаа гарч байгаа гэсэн үг.

-Төрийн өмчит компаниуд тендер сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагаа оновчтой тодорхойлох шаардлагатай -

-Яг өнөөдрийн байдлаар 89 төсөл, арга хэмжээний хэд нь хуулийн хугацаандаа амжиж, хэд нь хоцрох эрсдэлтэй байгаа вэ. Тавдугаар сарын 31-ний дотор амжиж гэрээ хийгдээгүй төсөл арга хэмжээг буцаахдаа түүнд төсөвлөсөн хөрөнгийг төрийн сандаа эргүүлж татна гэсэн үг үү?

-2025 онд хэрэгжих улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ёстой 89 төсөл, арга хэмжээний 5 төсөл, арга хэмжээнд гэрээ байгуулагдсан байна. Тендер сонгон шалгаруулалт болоод ялагч нь тодорчихсон 9 төсөл, арга хэмжээ байна. Сонгон шалгаруулалтаа зарлаад тендерүүдээ хүлээж аваагүй үнэлж байгаа 12 төсөл, арга хэмжээ, тендерээ зарлаад хугацаа нь дуусаагүй байгаа 28 төсөл, яамдуудаас санал нь ирээд Үнэлгээний хороо байгуулчихсан 14 төсөл, тендер сонгон шалгаруулалт зарласан боловч компани шалгараагүй 2 төсөл, арга хэмжээ, Үнэлгээний хороо байгуулахаар ажиллаж байгаа 5 төсөл, арга хэмжээ, ТЭЗҮ ирүүлэх буюу ажлын даалгавар ирүүлээгүй 14 төсөл арга хэмжээ байна.

Бидний хувьд хуульд заасан хугацаандаа амжиж тендер сонгон шалгаруулалтаа зарлаад шахаж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэсэн хэдий ч яг юу худалдан авах нь тодорхойгүй төсөл, арга хэмжээ байгаа бол ямар ч тендер зарлах боломжгүй гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй байх. Хэрэв ийм тохиолдол үүсвэл тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хөрөнгийг нь хэмнэлтэд тооцно гэсэн үг.

-Тэгэхээр захиалагч тал болоод, тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа ААН-үүд цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатай байгаа вэ, түгээмэл тохиолдож байгаа хүндрэлтэй тал нь юу байна вэ?

-Олон асуудал бий. Тухайлбал, захиалагч тал техникийн тодорхойлолтдоо тавьж байгаа шаардлагууд нь харилцан адилгүй, зарим тохиолдолд биелүүлэх боломжгүй нөхцөлүүд байгааг хэлдэг. Хоёрдугаарт, зарлаж байгаа сонгон шалгаруулалтад хууль бус зүйлүүд байгаа бол тэр ажил цааш явах боломжгүй болчихдог. Компаниудын хувьд өрсөлдөөнд маш сайн орох хэрэгтэй байгаа. Цаашид төрийн бүх худалдан авах ажиллагааг нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар явуулахаар ажиллаж буй. Энэ агуулгаар 2023 онд шинэ хууль батлагдаж, 2024 оноос эхлэн мөрдөж эхэлсэн байдаг. Захиалагч байгууллагуудын гаргадаг нэг алдаа нь өндөр шалгуур тавих тусам сайн компаниуд оруулна гээд босгоо өндөрсгөчихдөг. Гэтэл нөгөө талд хувийн хэвшилд хэт хатуу шаардлага болж хувирдаг. Үүнээс болж тендер сонгон шалгаруулалт зарласан боловч босгыг нь давж орж ирж чадаагүйгээс ялагч тодрохгүй байх нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс захиалагч тал цаашид ААН-үүдэд тавьж байгаа шаардлагаа зөв, оновчтой байлгах хэрэгцээ үүсэж байгаа юм.

Ихэнхдээ зөвхөн компанид нь зориулж шалгуураа тавиад байдаг. Сүүлийн хоёр жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай гэх мэт. Жишээ нь, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах болоход бусдын үйлдвэрлэсэн буюу импортын барааг нийлүүлэх гэж байгаа тохиолдолд өмнө нь тухайн бараагаа зарсан туршлагатай байх ёстой. Нийлүүлж байсан бараа нь ямар нэг асуудалгүй байх шаардлагатай ч гэдэг юм уу хэт ач холбогдолгүй шаардлагыг тавьдгаас болоод компаниудыг үргээх нэг шалтгаан болж байна. Иймд захиалагч шаардлагаа бодитоор харж, шалгуураа оновчтой тодорхойлох нь нэн чухал гэдгийг ярианы төгсгөлд хэлмээр байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд  987 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 20 жилийн хугацаанд 987 хүүхэд амь насаа алджээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!