Дуучин Ч.Уранхолбоо цахим хуудаснаа “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсан” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалнямаас тодрууллаа.
-Дуучин Ч.Уранхолбоогоос өөрийн цахим хуудсан дээр төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэргийн талаар удаа дараа мэдээлэл гаргаж байгаа. Хамгийн сүүлд /2023.02.27/ дээрх хэргийг прокурор олон удаа хааж байна гэсэн мэдээллийг оруулж, прокурорын хариу өгсөн албан бичгүүдийг нийтэд дэлгээд байна. Энэ талаар тодруулбал?
-Иргэн Ч.Уранхолбоогийн цахим хуудаст гарсан “төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэргийг хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл.
Өөрийн төрсөн охин М-г түүний эцэг болох Э хүчирхийлсэн байж болзошгүй талаар иргэн Б-аас гаргасан гомдлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн хааж шийдвэрлэсэн.
Тодруулбал, хүүхдийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн.
-Хэдэн удаа шинжилгээ хийсэн бэ?
-Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан. Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж 3 удаагийн шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүхий л хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.
Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас болон Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, анхан шатны прокурорын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэмж хэлэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн хэргийн оролцогч болдог бөгөөд прокуророос дээрх хэрэгт гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хэргийн оролцогч нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн.
Харин иргэн Ч.Уранхолбоогийн хувьд хэргийн оролцогч биш атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй ташаа мэдээллийг гаргаж байна. Мөн хүүхдийн хувийн нууцад халдаж, овог нэр, хувийн байдал зэргийг олон нийтэд дэлгэж байгаад харамсалтай байна.
Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн, сахин биелүүлэхээс гадна хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.