Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин МУ-ын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал ТОГТООГДЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 54 секунд

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан IHC гэх койныг гаргасан “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. Тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн ч шүүх хүлээн авалгүй, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Цагдан хорихоос татгалзсан үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн “Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн юм. Бидний авсан мэдээллээр прокурор яллагдагчаар татах тогтоолоо баталж, мөрдөгч Цагдан хорих 461 дүгээр анги руу дээрх гурван хүнд танилцуулахаар явах хооронд ажлын цаг дуусах дөхсөн байж. Тиймээс цахимаар яллагдагчаар татах тогтоол, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Улаанбаатарын авто замын түгжрэл саатлаас үүдэн яллагдагчаар татах тогтоолтой танилцуулж, гарын үсэг зуруулж амжаагүй байхад таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал орохоор болсон аж. Тиймээс шүүгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэж үзээд цагдан хорихоос татгалзсан юм билээ.

Тэгвэл мөрдөгч, прокурор нь өнгөрсөн даваа гарагт О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал дахиж дээрх шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг өчигдөр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс О.Мөнхжинг энэ сарын 14-нөөс эхлэн 30 хоног цагдан хорихоор болжээ.

Бидэнд олдсон мэдээллээр О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшин ямар нэг аргаар эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, АНУ-д гурван сая ам.долларын хөрөнгө оруулснаар иргэн нь болдог журмын дагуу далайн чанадын орны иргэний паспорт эзэмшсэн гэнэ. Хэрэв О.Мөнхжин хилээр гарч АНУ-д очсон тохиолдолд тус улс нэгэнт иргэншилтэй болсон хүнийг Монголд буцаан өгөхгүй нь ойлгомжтой. Ингэснээр койнд мөнгөө оруулсан хүмүүс буцаан авч чадахгүй, хохирол төлбөр барагдахгүй байх магадлал өндөр юм.

О.Мөнхжингөөр тогтохгүй “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар саналаа прокурорын байгууллагаас тус шүүхэд хүргүүлсэн ч энэ хоёр яллагдагч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан байна.

Бэлтгэсэн Г.РАВЖАА

“Ард бит“ ХХК-ийн “ARD” койныг шалгаж байна
“Ард бит“ ХХК-ийн “ARD” койныг шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.