Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкнаас 14,9 сая ам.долларын зээл авсан “Монгол Драй Милк“ ХХК-ийн шүүх хурал 17 удаа хойшилж, асуудал шийдэгдэхгүй явсаар байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
14 минут 34 секунд

Хөгжлийн банкны асуудал олон нийтэд ил болоод чамгүй хугацаа өнгөрч, зээлийн эргэн төлөлт ч чамлахааргүй хийгдсэн. Гэвч "авсан хүн 1 тамтай, алдсан хүн 10 тамтай" гэдгийн үлгэрээр Хөгжлийн банкны хувьд зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа зарим компаниудтай ёстой л "муур хулганадаж" байна.

Олны анхааралд ихэвчлэн "Хөтөл" ХХК "Бэрэн" ХХК, "Эрэл" ХХК гэх мэтчилэн томоохон компаниуд өртдөг ч жижиг компаниудын хувьд ч мөн адил зээлийн үүргээ биелүүлээгүй, төсөл ч хэрэгжиж эхлээгүй маш олон тохиолдол бий.

Хөгжлийн банкнаас зээлдэгч компаниуддаа хүндрэл чирэгдэл үүсгэхгүйн тулд асуудлыг хялбаршуулсан журмаар мөн аль болох уян хатан нөхцлөөр зээлийн эргэн төлөлтөө хийлгэхийг хүсэх авч, зээлдэгчдийн зүгээс зээлээ төлөх боломж, бололцоо муу байна хэмээж буй. Тийм ч учраас төслийн хэрэгжилт огт хийгдээгүй, чанаргүй зээлийн ангилалд байгаа компаниудаа шүүхэд өгч, шүүх дээр маргаан үүсгэсэн боловч удаан хугацааны турш анхан шатны шүүх хурлаа ч хийж чадахгүй нөхцөл байдалтай байгаа юм.

Зээлдэгчид цаг хожихыг хүсэж, шүүх хурлыг удаа дараа хойшлуулах авч, нөгөө талаасаа энэ нь зээлийн хүү буурахгүй байх удаах нэгэн шалтгаан болдог байна.

Тэдгээр компаниудын нэг бол Хөгжлийн банкнаас 14,9 сая ам.долларын зээлийг "Монгол хуурай сүү" төсөлд зориулан авсан "Монгол Драй Милк" ХХК юм. Нийт 21 аймгийн 60 сумд хуурай сүү, аарцны цех байгуулж, малчдын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой байсан ч өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжээгүй, харин долоон аймгийн долоон суманд л үйлдвэрээ байрлуулсан хэдий ч үйл ажиллагаагаа огт явуулаагүй байдаг.

Аймгийн нэрс

Сумын нэрс

1

Хөвсгөл

Их Уул

2

Хэнтий

Баянхутаг

3

Булган

Хутаг - Өндөр

4

Дорнод

Баяндун

5

Хөвсгөл

Галт

6

Говь-Алтай

Эрдэнэ

7

Дорнод

Баян - Уул

Дээрх долоон суманд үйлдвэр нээгдсэн ч ашиглалтад ороогүй гэсэн үг юм. Мөн 30 үйлдвэрийн тоног төхөөрөмж хил дээр байгаа гэх авч өнөөдрийг хүртэл манай улс руу орж ирээгүй байдаг.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрөгч долоо хоногт үргэлжилж, 300 гаруй гэрчийг дуудсан.

Сонсголын үеэр "Монгол Драй Милк" ХХК-ийн зээлд холбогдуулан нотлох баримт судлахад “Монгол Драй Милк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Эрдэмбилэг өөрөө биечлэн оролцож амжихгүй учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батбаасанг оролцуулах хүсэлт гаргасан байдаг. Мөн зээлээр авсан 3,1 сая ам. долларыг гадагш шилжүүлсэн ч эргэн Монгол Улсад орж ирсэн талаар дурдсан. Гэвч тухайн данс нь зээлдэгчийн гэр бүлийн хүн гэдэг яриа албан бусаар гарч буй юм.

Тиймээс "MDМ" ХХК-ийн зээлийн мэдээлэл болон эргэн төлөлт, мөн Хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад асуудлаар Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбектэй ярилцлаа.

"Хуурай сүүний үйлдвэр" барих төсөл үр өгөөжтэй ч огт хэрэгжээгүй. Тиймээс ХБ 74 тэрбум төгрөг төлүүлэх саналтай байгаа ч компанийн зүгээс 47,7 тэрбум төгрөг төлөх саналтай байгаа тиймээс шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, цаг хожих гэж байна

-Хөгжлийн банкнаас нийт хичнээн зээлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Мөн хичнээн зээлийн асуудал шүүхээр шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн байгаа вэ?

-Нийтдээ 42 компанийг хууль хүчний байгууллагатай хамтарч ажиллан төлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй зээлийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Долоогоос найман зээлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн.

Яг 2019 оноос хойш шүүх дээр удаан хугацаанд маргаан үүсгээд явж буй гурван компани байна. Тухайлбал, "MDM" компани буюу "Монгол Драй Милк" ХХК-ийн хувьд 2019 оноос хойш шүүх хурал хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Дараагийн компаниуд нь "Эрэл" ХХК болон "Чингис хаан" банктай холбоотой асуудлууд байж байдаг. Энэ гурван зээлийн тухайд өнөөдрийг хүртэл анхан шатны шүүх хурлаа хийж чадахгүй маргаад явж байна.

-"Монгол Драй Милк" ХХК-ийн хувьд хэдэн онд Хөгжлийн банкнаас хичнээн хэмжээний зээл тусламж авч байсан юм бэ?

-2017 оны тавдугаар сард нийт 4 сая ам.долларын зээлийг 9,75 хувийн хүүтэйгээр /хүүгийн хүүтэй/ авсан байдаг. Хоёрдахь зээлээ 2017 оны зургаадугаар сарын 07-ны өдөр 3,4 сая ам.долларын зээлийг мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 7,5 сая ам.долларыг 9,75 хувийн хүүтэйгээр буюу гурван удаагийн санхүүжилтээр нийт 19,4 сая ам.долларын зээлийг авсан байдаг.

Зээлийн үр дүнд Монгол Улсад 30 орчим үйлдвэр орж ирсэн мөн долоон аймгийн долоон сумд тоног төхөөрөмж орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Төслийн хэрэгжилт хангалтгүй. Мөн зарим баримтыг харвал зээлийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь тогтоогддог.

Тухайлбал, гадагш шилжүүлсэн мөнгө нь эргээд Монгол Улсад орж ирсэн буюу Түвшинбаяр Наранчимэг гэсэн хүний Худалдаа хөгжлийн банкны дансанд 3,1 сая ам.доллар орж ирсэн байдаг. Гэх мэтээр зарцуулалтын хувьд эргэлзээтэй асуудал гарч ирж байгаа.

-Түвшинбаяр Наранчимэг гэдэг хүнийг зээлдэгчийн эхнэр гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар тодорхой мэдэх үү?

-Миний хувьд тухайн хүнийг эхнэр нь мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн яриагаар гэр бүлийнх нь хүн гэж яригддаг юм билээ.

-Зээлийн эргэн төлөлт хийгдсэн үү. Мөн барьцаа хөрөнгийн хувьд?

-Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөртөө нийтдээ 900 гаруй мянган ам.доллар, хүүндээ 11 мянга орчим ам.долларыг эргэн төлсөн байна.

Харин барьцаа хөрөнгийн хувьд ирээдүйд бий болох сүүний үйлдвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө мөн Дорнод аймагт байрлах "Миланж" ХХК-ийн эзэмшлийн уурхай буюу хүрэн нүүрсний ордыг барьцаалсан байдаг.

-“Монгол Драй Милк” ХХК-ийн хувьд Хөгжлийн банкнаас “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 60 хуурай сүү, аарцны цехийн зориулалтаар зээл хүссэн байдаг шүү дээ. Тухайн төсөл хэр үр өгөөжтэй гэж харж байсан бэ?

-Төслийн хувьд үр өгөөжтэй, малчид, хөдөлмөрчдөд хэрэгтэй төсөл үү гэвэл тун хэрэгтэй төсөл. Нэг ёсондоо хөдөө орон нутагт байгаа малчин өрхүүдийн амжиргааг дээшлүүлэх, нөгөөтэйгүүр түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон ач холбогдолтой.

Гаднаас импортоор орж ирж байгаа хуурай сүүний тодорхой хувийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах бололцоо бүрдэх хэрэгцээтэй төсөл. Тэр ч утгаараа Хөгжлийн банкнаас тухайн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байдаг.

Тухайн үед Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 60 үйлдвэрийг 60 сумд аваачин малчин өрхүүдээс шингэн сүү авч, хуурай сүү болгон буцаагаад эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төсөл байгаа. Эдийн засгийн өгөөж талаасаа айл өрхөд маш хэрэгтэй төсөл.

Гэвч харамсалтай нь уг төсөл хэрэгжээгүй. Нэг ёсондоо 30 үйлдвэр Монгол Улсад орж ирсэн, 30 үйлдвэр нь Эрээнд байгаа гэдэг тайлбарыг харилцагч талаас тайлбарлаж байгаа. Мөн орж ирсэн 30 үйлвэр эдийн засгийн эргэлтэд орж болно гэтэл өнөөдрийг хүртэл ороогүй байна.

Долоон үйлдвэрийг долоон суманд аваачаад тавьчихсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Үлдсэн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус, эргэн төлөлтөө ч хийсэн зүйлгүй эдийн засгийн эргэлтэд ч ордоггүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэхээр шүүх хурал нь болж өгдөггүй ийм л нөхцөл байдалд байна. Тиймээс бид зээлдэгчтэй уулзаж, ярилцаж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

Мөн зээлийн барьцаанд байгаа хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хөгжлийн банкнаас харилцагчтайгаа хамтран ажиллаж байгаа.

-Ашиглалтад орсон гэх долоон үйлдвэр өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Хөвсгөл, Булган, Хэнтий, Говь-Алтай гэх зэрэг аймгуудад үйлдвэр байршсан байгаа. Зээлдэгчийн зүгээс бол ашиглахад бэлэн гэдэг тайлбарыг өгч байгаа ч газар дээр нь очоод танилцахаар хэдэн тоног төхөөрөмж л байж байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа зүйл нүдэнд харагддаггүй.

Зээлдэгчийн зүгээс бол хэвийн ажиллаж байгаа гэдэг тайлбарыг өгч байгаа.

-Дээр дурдсан шүү дээ. Шүүхээр асуудал нь шийдэгдэхгүй 2019 оноос хойш өнөөдрийг хүрлээ гээд. Хэд хэдэн удаа шүүх хурал хойшилсон гэж ч яригддаг. Өнгөрсөн лхагва гарагт мөн анхан шатны шүүх хурлын тов зарлагдсан байсан шүү дээ. Шүүхийн процесс дээр яг ямар асуудал тулгараад байна?

-Тухайн компанийг яагаад шүүхэд өгсөн бэ гэхээр зээлээ цаг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний үүргийг удаа дараа хангахгүй байгаа зэргээс шалтгаалан 2019 онд шүүхэд хандсан.

Гэвч өнөөдрийг хүртэл анхан шатны шүүх хурлаа хийж чадахгүй явж байсан. Өнгөрөгч лхагва гарагт анхан шатны шүүх хурлаа хийлээ. Гэвч ирэх хоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшиллоо. Тодруулах зүйл мөн нэмж материал гаргаж өгөх үүднээс шүүх хурал дахин хойшлоод байна.

Нийтдээ 17 удаагийн шүүх хурал болж байна. 27 удаагийн үндэслэлээр хойшилсон байдаг. Нөгөө талаас шалтгаалан шүүх хурал хойшилдог. Тиймээс энэ бүхнийг хардан эрхийнхээ хүрээнд юу гэж харж байгаа вэ гэхээр, Санаатайгаар, хүү багатай зээл авсан учраас мөн зээлдэгчийн талаас 47,7 тэрбум төгрөгийг төлнө гэдэг саналыг шүүхэд гаргаж байгаа. Харин Хөгжлийн банкнаас 74 тэрбум төгрөг авна гэсэн хүсэлтэй байгаа.

Нэг ёсондоо энэ хүртэлх хугацаанд ашигласан хүү болон бусад зүйлийг бид төлөхгүй. Анх 2019 онд шүүхэд хандсан. Тэр өдрөөс хойших хүүг төлөхгүй гэж байгаа бол Хөгжлийн банкнаас шүүх хурлыг богино хугацаанд хийлгэж, асуудлыг шийдвэрлүүлэх байр суурьтай байсан.

Харамсалтай нь маш олон удаа шүүх хурал хойшилж байна. Энэ нь яг юуг харуулаад байна вэ гэхээр, цаг хугацаа хожих мөн 47,7 тэрбум төлж, ашигласан мөнгөнийхөө зээлийн хүүг төлөхгүй гэсэн башир арга хэрэглээд байна уу гэсэн хардлагатай байна.

-Зээлийн эргэн төлөлт хийхгүй мөн хүүгээ төлөхгүй байгаа тохиолдолд алдагдсан боломж гэдэг зүйл яригддаг л даа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Шүүх хурал 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл болохгүй байгаа нь зээлийн хүү буурахгүй байх үндсэн нөхцөл шалтгаануудын нэг нэг болж байгаа. Зээлийн хүүнд эрсдэлийн зардал тусдаг. Харин гадны улсуудад шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тодорхой хугацааны дотор хэрэгждэг бол манайд шүүхийн процесс маш их цаг хугацаа авдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан ч зээлийг төлүүг төлүүлэхэд ч бас тодорхой цаг хугацаа авдаг юм байна.

Урт хугацаа өнгөрөх тусад маш их боломжийг алддаг. Магадгүй 10 сая төгрөгөөр худалдан авах боломжтой тоног төхөөрөмж маань таван жилийн дараа 15 сая төгрөг болох жишээний. Мөнгөний үнэ цэн жил ирэх тусам буураад байдаг.

Тиймээс хууль эрх зүйн орчинг сайжруулах, шаардлагатай тохиолдолд албадан зээлээ төлүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Иргэний тухай хуулийн 219, 222.4, 222.5-д алдагдсан боломжийг ава боломжийн талаар заасан байдаг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкны зүгээс ийм кейсүүд дээр тооцоо, судалгаа гаргаж, холбогдох хуулийн байгууллагад хандахаар ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр нийслэлд цас орохгүй
Өнөөдөр нийслэлд цас орохгүй
 
АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна
АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.