Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Европын Холбоо (ЕХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) хамтран “Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын зорилго нь Монгол Улсын эдийн засагт газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох, хөдөө аж ахуйн чанартай, нэр хүндтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн маркетингийн боломжуудыг бий болгох, үндэсний газар зүйн заалтын тогтолцоог боловсронгуй болгох шийдлийн талаар олон улсын сайн туршлагыг солилцох, Монгол Улсад нутагшуулах арга замыг хэлэлцэхэд оршино.
Тус чуулга уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрбээр “Газар зүйн заалттай бүтээгдэхүүн буюу тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, нутгийн хүмүүсийн дадал заншилтай холбоотой онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийд таниулах бүхий л үйл ажиллагаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих нэг чухал арга хэрэгсэл юм.
Газар зүйн заалттай бүтээгдэхүүний жилийн борлуулалтад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эзлэх жин өндөр байна. Тухайлбал, Европын холбооны зах зээл дэх Газар зүйн заалттай бүтээгдэхүүний 35 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. Тиймээс Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай газар зүйн заалттай бүтээгдэхүүн хөгжүүлбэл экспортыг нэмэгдүүлэх, малчид тариаланчдыг дэмжих боломжтой гэж харж байна” хэмээн нээж үг хэллээ.