Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: 2017 оноос өмнө 3 их наяд төгрөгийн концессын өр үйлдвэрлэснийг төсвөөс төлж ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 56 секунд
Ubn.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2017 оноос өмнөх үед нийт 3 их наяд төгрөгийн концессын өр хуримтлагдсан байдаг

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэ оноос өмнө батлах гэж байна. Концессын хуулиас юугаар ялгаатай юм бэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд урьд өмнө зохицуулалтгүй, ойлгомжгүй байсан асуудлуудыг тодруулж тусгасан нь илүү давуу талтай хууль гэж хэлж болно. Өмнө нь төр, хувийн хэвшлийн харилцаа гэхээр концесс хийгддэг, тухайн концессыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийгээд төр рүү шилжүүлдэг, эсвэл хувийн хэвшил өөрөө хөрөнгө гаргаад тодорхой хугацаанд ашигласны дараа төрд шилжүүлдэг байсан.

Дээр нь концессын өмнөх хууль мөрдөгддөг байхад 2016 онд шинэ Засгийн газар бүрдэж бүр өмнө нь байгуулаад хэрэгжүүлж байсан 3 орчим их наяд төгрөгийн концессын өрийг хүлээж авсан байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувийн хэвшлээр хий, дараа нь мөнгийг нь өгнө гээд гэрээ байгуулчихсан асуудлын цаана нийт өртгийн дүн нь 3 их наяд болж байгаа юм.

Товчхондоо энэ тэндгүй хэдэн хүн концесс хийчхээд дараа нь түүний өрийг төр төлж байгаа хэлбэр л дээ.Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль бол дээрх санхүүгийн замбараагүй байдлын алдаа онооноос сургамж авч боловсруулагдсан хууль гэж би үздэг.

-Ер нь гадаадын хөнгөлөлттэй зээл, хандив тусламжийн шугамаар татсан хөрөнгө оруулалт яг чиглэгдсэн тодорхой төслүүдээ санхүүжүүлж, үр дүнд хүрч чадаж байгаа юу?

-Концессын гэрээг хийхдээ урд нь бол Сангийн яамтай заавал холбогдохгүйгээр зүгээр нэг аймгийн засаг дарга өөрөө хийчихдэг, яам нь ч өөрсдөө хийчихдэг байсан. Гэтэл эндээс өрийн асуудал үүсэж эхэлсэн. Тухайлбал, нэг компани зам барьчихдаг. Тухайн зам дууссаны дараа мөнгөө өг гэдэг нөхцөлтэй. Тэгэхээр 3 их наяд төгрөгийн концессын өр эндээс эхэлж бий болж одоо хүртэл төсвөөс барагдуулаад явж байгаа шүү дээ. 2017 оноос хойш шинэ концесс байгуулагдаагүй. Дээрх өр нь дандаа тухайн оноос өмнөх хуримтлагдсан өр гэсэн үг.

Өөрөөр хэлбэл хүн бүр тал бүрд концесс хийгээд дараа нь түүнийгээ төлөхгүй явсаар төсөв дээр дарамт үүсгээд алга болчихдог. Эсвэл концесс хийхдээ 2025 оноос эхэлж төлөгдөнө гээд Засгийн газар хийчихвэл 2024 онд сонгууль болоход бидэнд хамаагүй дараагийн хэнд ч энэ өр үлдсэн яах вэ гэдэг ийм сэтгэлгээ байсан юм.

"Б.Энхбаяр гишүүний гүтгээд байгаа 7 төслөөс тав нь хэрэгжсэн байдаг"

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх үед гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд багагүй хэрэгжиж, зарим нь царцсан асуудал яригдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сүүлийн үед төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл дээр багагүй шүүмжлэлтэй хандаж, таныг сонгогдсон тойрогтоо 7 төсөл хэрэгжүүлж, өр хураасан гэж ярьдаг. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд тэр төсөл дотор Б.Энхбаяр гишүүн өөрөө гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр үнэнд нийцсэн тайлбарыг өгье гэж бодож байна. Нийт 7 төсөл яригдсан байдаг. Тухайн долоон төслөөс тав нь УИХ-аар батлагдсан төсөл, хоёр нь батлагдаагүй. Ийм төслийг над дээр нааж бичсэн байгаа юм.

Эхний төсөл “Тогтвортой аялал жуулчлал” гээд 30 сая ам.долларын зээлийг Увс аймагт хийж өрийг нь Монголын ард түмэн төлж байна гэх агуулгаар ярьж байсан. Гэтэл энэ төсөл намайг Сангийн сайдынхаа ажлыг өгснөөс жилийн дараа Засгийн газраар хэлэлцэгдээд УИХ-д орж ирээд дэмжигдээгүй төсөл юм билээ. Тэгэхээр тэр төслийг надад нааж байна гэдэг нь гүтгэлэг байсан.

Дараагийн төсөл нь “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” 2018-2022 онд нийт 3.5 сая ам.долларын өртөгтэй. Энэ зээл биш тусламж байсан. Дөрвөн аймагт хэрэгжсэн нь Төв аймгийн Бор нуур сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Увс аймгийн Улаангом сум. Эдгээр нь газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ хэрэгжсэн төсөл. Ийм дөрвөн аймагт хэрэгжсэн төслийг ганцхан Увс аймагт хэрэгжсэн гэдгээр ганц аймаг тодотгосон нь буруу.

Мөн "Хүнсний ногоо, усалгаатай хөдөө аж ахуй” төсөл 2020-2026 онд зээл нь 40 сая ам.доллар, тусламж нь 2 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж нийт 10 аймагт хэрэгжиж байгаа төсөл юм билээ. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод гэсэн аймгуудад хээржих төсөл байгаа.

Үүнээс Увс аймгийн Улаангом хотын ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн 50 га газрын усжуулалтын системийг шинэчлэн сэргээн засах, талбайн техникээр хангахад нийт 469 мянган ам.доллар зарцуулна гэсэн байдаг.

Дараагийн төсөл нь Боомтын шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын зээлийг Сүхбаатар аймгийн Бичигт, Увс аймгийн Боршоо боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудыг шинэчлэх, ГЕГ-т гаалийн тоног, төхөөрөмж нийлүүлэх, чадавх бэхжүүлэх зориулалттай төслөөс 7.5 мянган ам.доллар нь Увс аймгийн Боршоо боомтыг шинэчлэх ажилд, Хүүхэд хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл 2021-2023 онд тусламж хэлбэрээр 3 сая ам.долларын төсөл хэрэгжсэн байдаг.

Б.Энхбаяр өөрөө дэд сайд байхдаа энэ зээлийг оруулж ирж зээл дээр гарын үсэг зурж байсан хүн шүү дээ. Тэгэхээр тэр хамаагүй ингэж хүн гүтгэж ярьж болохгүй гэж хандаж хэлмээр байна. Увс аймгийн Улаангом сумын түр хамгаалах байрны засварын ажилд 71 мянган ам.долларын тусламжаар санхүүжилт хийхээр төлөвлөгдөөд гэрээ байгуулагдаад ажиллаж байна. Энэ бол зээл биш тусламжаар олгогдож байгаа санхүүжилт бөгөөд их хэмжээний хөрөнгө биш 71 мянган ам.доллар гэсэн үг.

Мөн Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл 2019-2023 онд зээл нь 40 сая ам.доллар, тусламж нь 20 сая ам.доллар байгаа. Нийт 6 аймагт дээрх төслийг хэрэгжинэ гэж үзсэн байдаг. Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Хөвсгөл гэсэн аймгууд. Харин Увс аймагт салхины станц байгуулна гэж төлөвлөөд тооцоо нь гараагүй учраас хэрэгжээгүй гэсэн үг. Үүнээс гадна Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нийт өртөг 93 ам.доллар, төсөл нь 38 сая ам.доллар байсан.

БХБЯ, ХХААХҮЯ-аас нийт 14 аймгийн 49 суманд хэрэгжүүлэхээр ярьж байгаа төсөл юм л даа. Ингээд дээрх төслүүдийг аваад үзэхэд намайг Сангийн сайд болсноос хойш 8 сая ам.долларын ажил нь Увс аймагт хэрэгжсэн байна. Гэвч 440 сая ам.долларын төслийг Увс аймагт хэрэгжүүлсэн гэж гүтгээд байгаа юм билээ.

-Гадны хөрөнгө оруулалт, хандив, тусламжийн шугамаар орж ирсэн санхүүжилттэй төслүүдийг Засгийн газраар оруулахгүйгээр шууд УИХ-д өргөн мэдүүлж батлуулдаг гэх шүүмж бий.

-Тийм юм хуулиараа байхгүйг зарим хүмүүс зохиож надад наагаад байгаа. Би өөрөөр хууль, журмыг хатуу баримталдаг хүн. Засгийн газраар төсөл орохгүйгээр УИХ руу орно гэж байхгүй л дээ. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаараа оруулаагүй, гарын үсгээ зурж баталгаажуулаагүй төслийг УИХ-аар оруулдаггүй. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүний яриад байгаа зүйлүүд гүтгэлэг. Олон нийтийг хууль мэдэхгүйгээр нь далимдуулж худлаа хэлж, хүн доромжилж байгаа үйлдэл шүү дээ. Би энэ хүнийг хуулийн байгууллагад өгч байгаа.

"Би БЭТ-ийг он дуусал 500 сая ам.доллар төвлөрүүлнэ гэдэгт итгэж байна"

-ЭТТ ХК-д өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газраас 6 сарын онцгой дэглэм тогтоож БЭТ томилсон байгаа. Он дуустал 500 сая ам.доллар улсад төвлөрүүлэх үүргийг тус компанид хүлээлгэсэн шүү дээ. Өнөөдрийн байдлаар төлөлт ямар байгаа вэ? Оны эцэс гэхэд дээрх үүргийг биелүүлж ажиллаж чадах уу?

-Нүүрсний хэмжээ, үнийг чуулганаар төсөв ярьж байх үед хөндөж байсан. ЭТТ ХК өмнө нь өөрсдөө эдийн засгийн тооцоо хийгээд он дуустал 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Үүнээс 140 сая ам.доллар нь ороод ирчихсэн байгаа. Үлдсэн хугацаандаа Засгийн газраас томилогдсон бүрэн эрхтэй төлөөлөгч, Сангийн яамны ТНБД Д.Ганбат дээрх зорилтыг биелүүлж ажиллахаа амласан байдаг. Би үүнд нь итгэдэг хүний нэг.

-Та байнгын хорооны хуралдаан дээр нүүрсний хяналтыг сайжруулахын тулд нүүрсний худалдааны чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, ААН-үүд зах зээлийн зарчмаараа хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын түвшинд нүүрсний ханшийг өсгөх боломж бий санал оруулж байсан. Энэ асуудал хэр дэмжигдэж байгаа вэ?

-Нүүрс худалдаж авъя гэсэн хүний боломжийг нээж, компаниудын худалдан авах чөлөөт зах зээлийг нь тавьж өгөх ёстой. Биржээр худалдана гэдэг нь ил тод болгох, үнээ тодорхой болгох, борлуулалт сайжрах, цаашлаад алдагдлаа нөхөх боломжтой гэсэн нөхцөлийг л тавьсан.

Засгийн газрын тогтоол гарч 2023 оны нэгдүгээр улиралд багтаан биржээр худалдаалах шийдвэр гарчихсан байгаа. Тэгэхээр УИХ дээр уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийг өргөн мэдүүлсэн байгаа.УИХ-ын гишүүд уг хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Б.Мягмарсүрэн

С.Энхболд: Эрт илрүүлгээр хавдрын 2500 гаруй сэжигтэй тохиолдол илэрч, үүнээс 153 хортой хавдар БАТЛАГДСАН
С.Энхболд: Эрт илрүүлгээр хавдрын 2500 гаруй сэжигтэй тохиолдол илэрч, үүнээс 153 хортой хавдар БАТЛАГДСАН
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.