Энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Гэвч сүүлийн үед эрт илрүүлгийн явц удааширч, зарим хороодод бүртгэл нь зогссон зэрэг шүүмжлэл дагуулаад буй. Тиймээс энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.
-Эрт илрүүлгийн явц нэлээн шүүмжлэл дагуулж байна. Ирэх жилийн төсөвт суугдсан уу. Цаашид эрт илрүүлгийн ажлыг үргэлжлүүлэх үү?
-Эрт илрүүлгийн ажлыг жил бүр хийнэ. Анх 2018 онд хэрэгжихдээ шинжилгээний нэр төрөл цөөхөн, насны 4 багцад явагддаг байсан. "Алсын хараа 2050" бодлогын бичиг баримт, Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж заасан. Энэ хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх дэд бүтцийг бэлдсэн. Энэ нь 19 аймаг, 2 сумдын эмнэлэг, 5 дүүрэгт урьдчилан сэргийлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулсан гэсэн үг. Ингэж байж урьдчилан сэргийлэх үзлэгийг хүртээмжтэй, ард иргэдийг хүндрэл чирэгдэлгүйгээр үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Үүнд нийтдээ 36.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа.
20 кабинеттай, иж бүрэн тоног төхөөрөмжтэй, хүний нөөцөө давхар чадавхжуулж сургасан. Ийм хүчин чадлаар энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн улс орон даяар урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Насны 6 багцаар, насны багцаас шалтгаалан шинжилгээний нэр төрөл нь өөр байгаа. 0-17 насанд 5-6 нэр төрлийн шинжилгээ, 18-аас дээш насанд 12-19 нэр төрлийн шинжилгээ бий. БЗХӨ, ДОХ, B, С вирусийн тест, найман төрлийн хавдрыг илрүүлэх зорилгоор шинжилгээний нэр төрлийг нэмсэн.
Өнөөдрийн байдлаар 616 мянган хүн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Үүний 51 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн хувь нь орон нутагт байгаа. 616 мянган иргэний давхардсан тоогоор 360 мянга гаруй хүнд өвчлөлийн сэжигтэй тохиолдлууд илэрсэн байгаа. 0-5 насныханд ихэвчлэн шүд цоорох, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд гарч байна. Насанд хүрэгчдийн дийлэнхэд нь ходоод, улаан хоолойн эмгэгүүд гарч байна.
-Хавдрын тохиолдол хэр их илэрсэн бэ?
-Хортой, хоргүй хавдрын 2500 гаруй сэжигтэй тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар тэдгээр тохиолдлуудаас 153 хортой хавдрын оношийг баталгаажуулсан. Урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийгээд ирэхээр өмнөх жилүүдийн статистик тоон мэдээллүүдэд өөрчлөлт гарна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгийг хийснээрээ өвчлөлийн маш том ДАТА-тай болж байна. ЭМЯ-наас долоон чиглэлээр судалгааны баг гаргаад цаашид хэрэгжүүлэх ажилд анхааран ажиллаж байна.
-Ирэх жилийн төсөвт хэдэн төгрөг суугдсан бэ?
-Энэ жил эрт илрүүлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Ирэх оныхт үүнээс бууруулахгүй, дээшээ нэмж батлахаар ажиллаж байна. Мөн эрт илрүүлгийн суурин хийхээс гадна явуулын байдлаар хийж байгаа. Төмөр замын эмнэлэгтэй хамтраад 4 вагоныг тоноглочихсон. Төмөр зам дагуух суурьшлын бүсүүдэд үзлэг хийж байна. Мөн Цэргийн төв эмнэлэг хилийн заставуудад албан хаагчид болон гэр бүлийнхэнд нь үзлэг хийж байна. Түүнчлэн автобус тоноглоод ойрхон сумд, алслагдсан дүүргийн иргэдийг хамруулах явуулын баг ажиллаж байна.
-Зохион байгуулалт муу байна. Эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна гэж иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан нь тусдаа зам гаргаж байгаа гэсэн үг. Амбулаторийн тусламж үйлчилгээтэй нийлүүлээд хийвэл өдөртөө 50-60 хүн үзэж чадахгүй. Тиймээс Эрүүл мэндийн дэмжих төвийг тусад нь нээж өгч байж, зохион байгуулалтыг хийж байна. Ингэхдээ байгууллагуудын хүчин чадлаас хамаарч, өдөрт 40-60 хүн хамруулна гэж төлөвлөсөн. Энэ дагуу л хийгдэж байгаа. Тэгэхээр хүний нөөц, дэд бүтэц зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг учир энэ зохион байгуулалтаар явж байна. Мэдээж олон шат дамжлаг дамжиж хийгдэж байгаа учир зохион байгуулалт дээр алдаж байгаа зүйл байгаа. Хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс гомдол маш их гардаг. Маш олон хүмүүс ходоод, улаан хоолойн хавдрын эрт үедээ оношлогдож байна. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө анхаарах ёстой. Өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдаж чаддаг бол хожуу гарах хүндрэл, санхүүгийн асуудалд өртөхгүй байх боломжтой юм. Тиймээс иргэд өөрсдөө маш хариуцлагатай байх шаардлагатай.
Дэлхийн банкнаас өгсөн санхүүжилтэд Монголын талаас аудит орж гүйцэтгэл 69 хувьтай гэж дүгнэсэн, Латви улсаас ирсэн аудитын хүн 30 хувьтай гэж дүгнэсэн
-Шинжилгээний хариу маш удаж гардаг гэж шүүмжилдэг. Ер нь эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоонд хэрхэн анхаарч байгаа вэ. Цахимжуулах ажил хэр байна?
-Энэ Засгийн газар цахим шилжилтийг маш эрчимтэй явуулж байгаа. Эрүүл мэндийн салбарт ч энэ ажлууд хийгдэж байна. Бид иргэдэд аль болох хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай тусламж үзүүлэхийг л зорьдог. Сайжруулахаар л ажиллаж байна. Авлига хээл хахуулаас ангид байх ажлуудыг хийж байна. Үүний нэг нь цахимжилт яах аргагүй мөн. Цахим эрүүл мэнд төсөл Дэлхийн банкнаас санхүүжиж байгаа. Энэ нь хоёр дахь төсөл. Энэ төслийг 2016 оноос эхлүүлсэн. Гэхдээ энэ ажил хэрэгжих хүртлээ 4 жилийг зарцуулчихсан. Албан ёсоор хийгдэж эхэлсэн нь 2021 оны есдүгээр сар. Энэ жил хийгдээд явж байна. Үр дүнгүүд гарч байна. Эхний ээлжинд 528 анхан шатны байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог болсон. Дараагийн мэдээлэл солилцох ажлууд хийгдэж байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарт платформ хийгдэнэ гэсэн үг.
-Дэлхийн банкнаас 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч зарцуулсан. Харин одоо Дэлхийн банк хуулийн байгууллагад хандсан гэх мэдээлэл байна?
-Дэлхийн банкнаас нийтдээ 19.5 сая ам.доллар өгсөн. Өмнөх өмнөх сайдууд 2016 оноос хойш 2021 он хүртэл нийт 7.9 сая ам.долларыг нь зарцуулсан байна. Бид энэ ажлыг эхлүүлснээс хойш 2022 оны тавдугаар сард урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 1.2 сая ам.долларыг зарцуулсан. Дэлхийн банкнаас санхүүжилсэн мөнгийг тэр чигт нь зарцуулчихсан юм шиг мэдээлэл гараад байна. Тийм зүйл байхгүй. Гарах ёстой төлбөрүүд нь тухай тухай үедээ зарцуулагдаад явж байна.
Энэ төсөл албан ёсоор 2021 оны есдүгээр сард эхэлсэн. Дэлхийн банкнаас аравдугаар сард нь аудит оруулна гэсэн. Төсөл хэрэгжээд л сарын дараа аудит оруулна гэсэн. Бид тэгье, гэрээнийхээ дагуу аудит хийлгэе гэсэн. Олон улсын аудитын компани шалгаруулах тендер зарлаад компани шалгараагүй нэлээн хугацаа зарцуулагдсан. Харин наймдугаар сард ЦХХХЯ, ТЕГ зэрэг холбогдох бүх шатны байгууллагаас нийлсэн Монголын талын аудит орсон. Энэ хугацаанд ажлын гүйцэтгэл 69 хувьтай гарсан. Тэгэж үнэлсэн.
Есдүгээр сард мөн Дэлхийн банк Латви улсаас нэг хүний бүрэлдэхүүнтэй аудит оруулсан. Тэр хүний дүгнэлт 30 орчим хувьтай гэж гарсан.
-Урлагийнхан шинэ жилийн үеэр түргэний машин түрээсэлж, түгжрэл дундуур халтууранд явдаг гэх мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Түргэн тусламжийн машин иргэн дуудлага өгсөн цагт анхан шатны тусламж үзүүлэхээр очдог. Мөн дуудлага өгсөн газраас эмнэлэгт хүргэдэг. Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Манай улсад түргэн тусламжийн газар гэх нэгдсэн төв бий. Мөн дүүргүүдэд нэгжүүд нь байршдаг. Хэрвээ түргэн тусламжийн машиныг хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд ашиглаж байвал тэр мэдээллийг бидэнд өгөх ёстой. Хэрвээ бидэнд мэдээлэл өгвөл арга хэмжээ авна. Энэ бол хориотой асуудал
-Омирконы халдвар өндөр байна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг УОК-оос анхааруулсан. Шинэ жилийн арга хэмжээг хязгаарлах уу?
-Халдварын тархалт өндөр байгаа. Гэхдээ шинэ жилийн арга хэмжээг хязгаарлахгүй.