УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2023 оны улсын төсөв батлагдлаа. Эрүүл мэндийн төсөв 1.5 их наяд төгрөгөөр батлагдаж байна. Гэтэл нийгмийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх ажил төдийлөн сайн хийгдэхгүй байна гэж та шүүмжилж байна?
-Монгол Улс хавдраар жил бүр 4000-5000 хүнээ алдаж байна. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. Хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэгэхээр Монгол Улс салбарын реформ хийх, үр дүнтэй бодлого гаргаж хэрэгжүүлэх, төсөвт тавигдсан мөнгийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбар хоёр үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, өвдсөн хүмүүсээ эмчлэх. Хоёрдугаарт, эрүүл байгаа иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эрүүл иргэнтэй, эрүүл Монгол үндэстэн байх юм.
Гэтэл өнөөдөр төсөвт тавигдаж байгаа мөнгөний 70 хувь нь эмчилгээнд зарцуулагдаж байна. 2021 оны байдлаар 4251 хүнийг хавдрын өвчнөөр алдсан байна. Энэ тоог харвал, манай 1-2 сумын хүн амын тоотой тэнцэж байна. Дэлхий нийтийн сөхрөөд буй ковидын халдвараар Монгол Улсын Засгийн газар сайн арга хэмжээ авч ажилласан тулдаа 2000 гаруй хүнийг ковидын өвчнөөр алдсан байдаг.
Хавдраар өвчилж, амиа алдаад буй хүмүүсийн 10 хүн тутмын 8-г нь аврах боломжтой байсан гэж ДЭМБ ч Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тайланд ч тусгагдсан байна. Тэгвэл 10 хүн тутмын 8-г нь аврах боломжтойг урьдчилаад мэдсэн бол яагаад урьдчилсан сэргийлэх ажил хийгдэхгүй байгаа юм. Энэ нь ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажил орхигдсон байгаагийн илрэл.
2021 онд Боловсролын салбарт 1.9 их наяд төгрөг баталж байсан. Үүнээс 158.2 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн салбарт төсөвлөж тавьсан. Харамсалтай нь, энэ ажил хийгдэхгүй байна. Нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж байж зөв зохистой хооллох, эрүүл хөдөлгөөн сурталчлах, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн боловсролтой болно.
Өнгөрсөн жил 1.9 их наяд төгрөг тавичихаад байхад Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлгийн онош гээд сайхан хөтөлбөрийн нэр хэлээд 60 тэрбум төгрөг тавьсан. Энэ ажлын хүрээнд төрийн болон хувийн эмнэлгүүдэд эрт илрүүлэг хийгдэж байна. Үүнийгээ нийгмийн эрүүл мэндийг дэмжих гол ажил байна гэж хараад байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт 500 мянга гаруй хүн хамрагдсан байна. Эдгээрээс 70 хувь нь буюу 330 мянга нь 0-17 насны хүүхэд байна. Мэдээж 0-17 насны хүүхдүүдэд эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэх ёстой. Гэтэл хүүхдийн хорт хавдар маш ихээр нэмэгдэж байхад энэ хүүхдүүдэд нарийн шинжилгээ хийлгүй зүгээр л биеийн индекс, амны хөндийн үзлэг хийгдэж байна. Амны хөндийн үзлэгийг чанартай хийж байгаа юу гэдэг нь ч эргэлзээтэй. 18-аас дээш насны буюу жинхэнэ бэлэн гоймон авч иддэг, газтай ундаа уудаг, таргалалт, илүү жин нэмэгдээд байгаа хүмүүсээ оношлох асуудал учир дутагдалтай байна.
-Зарим хороодод эрт илрүүлгийн бүртгэл зогссон байдалтай байгаа?
-Манай Завхан аймаг гэхэд л 75 мянган хүн амтай. Гэтэл ганцхан ходоодны дурантай. Улиастай сумын нэгдсэн эмнэлэгт ганц байна. Сая нэг дүүргийн хороо ярьж байна. 30 мянган хүнтэй. Гэтэл өдөрт 4-5 хүн л эрт илрүүлэгт орж байна гэнэ. Энэ хурдаар нь харвал эрт илрүүлгийг бид 20 жил хийх болчихоод байна. Энэ ажил үр дүнтэй болохгүй байна.
Тэртээ тэргүй үндсэн чиг үүрэгт нь байгаа улсын төсвийг баталчихаад байхад эрт илрүүлгийн оношлогоо гээд 60 тэрбум төгрөгийг дахиад ЭМС-гаас санхүүжүүлээд аваад үр дүнтэй ажил хийхгүй байна. Нийгмээ соён гэгээрүүлэхгүй, хавдраар өвчилж буй 10 хүн тутмын 8-г нь аврах боломжтой байхад соён гэгээрүүлэх ажил хийгдэхгүй байгаагаас өнөөдөр энэ хавдарт өвчинд нэрвэгдэж, энэ олон хүнээ цаг бусаар алдаад байна.
-Салбар яам бодлогын түвшинд бусад газар хэлтсүүдээ хэрхэн зангидаж чадаж байна гэж та харж байна вэ. Мөн ирэх оны төсөв ялангуяа эрүүл мэндийн салбарт өндөр тавигдаж байна. Үүнээсээ ирэх онд хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудад нааштай, анхаарал хандуулж байгаа зүйл нь юу байна вэ?
-Дотроо хэрхэн яаж ажиллаж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ НЭМҮТ энэ ажлыг манлайлж ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр нэр томъёо нь хүртэл хоёр өөр. Нийгмийн эрүүл мэнд гээд хуулиндаа заачихсан мөртлөө нийтийн эрүүл мэнд гээд яваад байдаг. Public Health гэдэг үгээ янз бүрээр орчуулаад ач холбогдол нь алдагдаад явж байна.
2022 оны төсөвт ганцхан эрүүл мэндийн салбар биш бүх салбар энэ хүнд хэцүү цаг үед төсвийн хуулийг хэрэгжүүлэхдээ маш бодлоготой зөв зарцуулах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбар үндсэн хоёр чиг үүргийнхээ нэг чиг үүрэг буюу нийгмийн эрүүл мэндийн сайжруулахад дорвитой, үр бүтээлтэй ажиллаж, хүн ардаа хавдраар буюу халдварт бус өвчнөөр цаг бусаар хорвоог орхиж байгаа асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна.
-Батлагдсан төсөв дээр ямар байр суурьтай байна вэ. Гишүүд алдагдал ихтэй төсөв баталсан гэж шүүмжилж байгаа?
-2016 онд бид хар жагсаалтад орох гэж байсан. Ийм улс орныг МАН хүлээж авч, засагласан. Бид юмыг маш амархан мартдаг. 5-6 жилийн өмнөхийг харвал, эдийн засгаа өндийлгөх гэж, энэ олон жилийн өмнө тавьсан өр шир болгоныг шийдэх гэж, хар жагсаалтад оруулахгүй байх гэж, хажуугаар нь эдийн засгаа сайжруулах, нэмэгдүүлэх энэ олон ажлуудыг хийсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар маш олон хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Соёл, боловсролын салбарт ялангуяа хотод төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт иргэдийг илүү тав тухтай амьдруулах бодлогын ажлуудыг нэлээн үр дүнтэй хийсэн. Сурагчдыг гурван ээлжээс хоёр ээлж рүү шилжүүлсэн. Болж өгвөл нэг ээлжийн сургуультай болж, хүүхдүүдийг хөгжүүлэх, бодлогыг нэн тэргүүнд тавьсан. Соёлын салбарт маш олон бүтээн байгуулалтыг хийх гэж үзэж байна. Хөдөө орон нутагт олон Соёлын төв барьсан. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарсан. Яг ингэж байтал ковид цар тахлын үр тулгарсан. Хоёр улсын дайн байлдааны асуудлаар болоод дэлхий нийт тэр чигтээ нэг нэгэндээ аалзны тор мэт худалдааны хориг тавьж байна. Ийм хүнд хэцүү үед бид 2023 оныхоо төсвийг баталж байна. Энэ жилийн төсөвт УИХ, Засгийн газар тойргийн ажлаа хойш нь тэвчиж тавиад эдийн засаг, үнийн өсөлтийг барих, бензин тосныхоо үнийг барих, хүмүүсийнхээ өдөр тутмын аж амьдралын хэвийн хэмжээнд байлгах, улс орны хэмжээнд мега төслүүдээ хэрэгжүүлэхэд гол ач холбогдол өгөх төслүүдийг дэмжих чиглэлд нэгдсэн. Тойрогтоо амласан ажлуудаа хойш тавих онцлогтой төсөв баталсан. Бага зүйлд итгэмжтэй байж чадвал их зүйлд бид итгэмжтэй байж чадна. Монголын төрд байгаа зарим хүмүүсийн хариуцлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй, төрөөс хумсалдаг балгаар ганц өнөөдөр ч биш 30 жилийн хугацаанд Монголын төрд бугширсан асуудал байсаар байгааг бид мартаж болохгүй. Тэгэхээр цаашдаа улс орноо хүчирхэг үндэстэн байлгахын тулд төсвийн мөнгөнд хариуцлагатай байж, хяналтаа сайжруулах ёстой.
Бидний өнгөрсөн 30 жилийн алдаа бол төрийн албанд орсон хүн төсвийн мөнгийг үр дүнгүй шамшигдуулдаг. Ажлаа өгсөн болоод хариуцлага тооцдог. Үүнийг нь дараа дараагийн хүмүүс төрийн мөнгийг шамшигдуулж болдог юм байна. Хариуцлага тооцдоггүй. Ажлаа өгөхөд л болох юм байна гэдэг бодолтой болгож, давруулсан. Ингээд төрийн ажлыг самууруулдаг байдал байсаар байна. Бид хичээх л хэрэгтэй. Төсөв багадаа биш түүнд тавих хариуцлага, хяналт чангарах ёстой.