Энд тэндгүй л нус нь гоожиж, цор цор ханиасан бяцхан хүүхдүүд. Ээж, аав нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах гэж бас цайны цаг эхлэхээс өмнө хүүхдүүдээ үзүүлэх гэж өглөөнөөс хойш эмчийн өрөөний үүд сахина. Гэвч эмнэлэгт ирэх ихэнх хүүхдийн ханиад хүндэрсэн, өндөр халуурсан байдаг нь нууц биш.
Хүүхдээ хэдэн өдрийн турш халуурч, ханиасны эцэст гэнэт эмнэлгийн тусламж хэрэгтэй гэдгийг ойлгон өрхийн эмнэлэгтээ хандах иргэд ч цөөнгүй. Угтаа эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, халуун аарц, чацарганаар дархлааг нь дэмжих зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид өрхийн эрүүл мэндийн төвүүд хэр их ачаалалтай ажиллаж байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, "Шэжид дүг" өрхийн эмнэлэг
Хотын төвөөс чамгүй хол зайд байрлах Чинэлтэй дүүргийн 12-р хороо. Хүн ам ихтэй, жишиг өрхийн эмнэлэгтэй. Өрхийн эмнэлгийн хаалгаар хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд хэд хэдээрээ орж, гарцгаана. Ямарсайндаа л тус өрхийн эмнэлэг оройн 19.00 цаг хүртэл сунаж ажиллаж байгаагаас гадна, эмч нар нь алслагдсан бусад дүүргүүдийнхээ өрхийн эмнэлгүүдэд оройн цагаар очин ажиллаж байгаа гэнэ.
Ойрын өдрүүдэд огцом хүйтэрсний улмаас өрхийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, эцэг эхчүүдийг орой ажлаа тараад хүүхдээ үзүүлэх боломжийг нь нээж өгөхийн тулд уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа аж. Бид энэ талаар "Шэжид дүг" өрхийн эмнэлгийн их эмч, Ц.Цэрэндолгороос тодруулсан бөгөөд тэрбээр,
Өдөрт нэг эмчээр 40-50 хүн үйлчлүүлж байна
"Аравдугаар сарын 15-наас хойш эмнэлгийн ачаалал хийгээд, ханиад томууны өвчлөл нэмэгдлээ. Энэ нь томуугийн улирал эхэлсэнтэй болон сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбоотой. Өдөрт нэг эмч дээр 40-50 хүн үзүүлж байна. Ихэвчлэн даваа, мягмар, лхагва гарагуудад өвчлөл ихэсч байгаагаас гадна эмнэлгийн ачаалал их байдаг.
Бага насны хүүхдүүдийн хувьд томуу, томуу төст өвчин их илэрч байгаа. Угтаа эцэг эхчүүд хүүхдүүдээ дулаан хувцаслах, амны хаалт зүүлгэх шаардлагатай. Бүлээн, шингэн зүйл их өгөх хэрэгтэй. Асаргаа маш чухал.
Энэ жилийн ханиад томууны онцлог нь хоолойны ларенгит хэлбэрээр хүндрэх магадлалтай байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хүйтэн зүйл уулгах, зайрмаг идүүлэх мөн амны хаалтгүй учир хүйтэн агаар шууд залгигдах зэргээс ихээхэн хамаарч байна. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдүүдээ дулаан хувцаслаж, амны хаалт зүүлгэж, дархлааг нь дэмжих зайлшгүй шаардлагатай" гэв.
Их эмч Ц.Цэрэндолгорын хэлснээр бага насны хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд нэлээдгүй харагдаж байлаа. Тэдний нэг бол гурван настай хүүгээ тэвэрсэн аав Л.Шарав юм. Түүний хүүг Ш.Сүхбат гэдэг. Гурван өдрийн турш өндөр халуурсны эцэст өрхийн эмнэлэгтээ ирсэн нь энэ аж.
Ханиад хүрсэн хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна
"Хүү маань ханиад хүрснээс хойш гурав хоногийн дараа ирж үзүүлж байна. Гэрээр эмчилгээ хийсэн. Жаахан удвал хүндрэх төлөвтэй байна. Ханиад хүрсэн хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байгаа гэнэ. Хүндрэхээр бол дүүргийн эмнэлэгт очиж үзүүлээрэй. Тун болохгүй бол өрхийн эмнэлэгтээ дахин ирээрэй гэж эмч нар маань хэлж байна. Эмийг нь таслахгүй сайн уулгах хэрэгтэй гэж зөвлөж байна. Эмнэлгийн оочер дараалал ихэвчлэн нэгдэх, хоёр дахь өдрүүдэд их байдаг юм шиг санагддаг. Тиймээс хэд хоног ачаалал их байгаа байх гэж бодоод өнөөдөр (Баасан гараг) ирж үзүүлж байна" гэлээ.
Түүнээс гадна амхад настнууд маань сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамрагдаж байгаа аж. Тийм ч учир ахмад настнуудын хувьд томуугийн халдвар бага байгаа гэнэ. Бид "Шэжид дүг" өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй ахмад настан П.Оюунчимэгтэй хэсэг хором ярилцахад,
Хүүхдүүдэд маскыг нь сайтар зүүлгэж, дулаан хувцас өмсүүлэх хэрэгтэй
"Манай өрхийн эмнэлэг өндөр настан болон бага насны хүүхдүүддээ байнгын хараа хяналт тавьж, холбоотой байдаг. Тиймээс ахмад настнууд маань өөрсдийн зав зайгаараа өрхийн эмнэлэгтээ ирж томуугийн вакциндаа хамрагдаж байна.
Цас ороод, гэнэт хүйтэрсэн учир эцэг, эхчүүд хүүхдүүдээ нимгэн хувцастай хичээл сургуульд нь явуулж байгаагаас үүдээд ханиад томуу хүрэх нь их байгаа байх. Тиймээс хүүхдүүдээ дулаан хувцаслаад, маскыг нь тогтмол зүүлгэх шаардлагатай гэж бодож байна даа" хэмээв.
Жил бүрийн аравдугаар сар гарахтай зэрэгцэн томуугийн халдвар нэмэгддэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бага багаар ханиалгаж эхлэхэд тийм ч их тоодоггүй. Харин ханиад нэлээдгүй хүндэрсэн үед эмнэлгийн байгууллагад хандахаас урьтаад өөрсдөө онош тавьж, улмаар дур мэдэн эмчилгээ хийдэг. Энэ нь ханиадыг улам хүндрүүлж, цаашлаад хатгаа болох, эмнэлэгт хэвтэх үндсэн суурь болж өгдөг. "Шэжид дүг" өрхийн эмнэлгийн ахлах сувилагч Ж.Гэрэлмаа,
Хүүхэд ханиалгаж эхэлсэн бол хамгийн эхэнд эмчид хандах хэрэгтэй
"0-5 насны хүүхдүүдийн дунд ханиад томуу их нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад хүндрэх эрсдэл их байна. Гүйлгэх, бөөлжих, халуурах, хоолой нь өвдсөн гэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Манай ажил оройн 17.00 цагт тардаг байсан бол одоо 19.00 цаг хүртэл нэг эмч, нэг сувилагч жижүүрлэн ажиллаж байгаа.
Эцэг эхчүүд өмнө нь өөрсдөө дур мэдэн, хүмүүсийн ам дамжсан яриагаар хүүхдүүддээ эмчилгээ хийдэг байсан бол одоо арай илүү мэдээлэлтэй болсон байна. Гэхдээ эмийн сан ороод зовууриа хэлээд л эм авчихдаг. Энэ бол маш буруу. Тиймээс хамгийн эхэнд эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Дур мэдэн янз бүрийн эм тариа хэрэглэх нь гол асуудал болж байна. Түүнээс гадна эцэг эхчүүд хүүхдүүдээ сайтар харж хандан, сайтар амраах, шим тэжээлтэй хоол өгөх хэрэгтэй" гэсэн юм.
Ханиад томууны улирал эхэлсэн учир эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Цар тахлын үеийг бодвол бүгд маскаа зүүхээ больсон нь ч томуугийн тархалт нэмэгдэх гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс дор бүрнээ анхаарал болгоомжтой байж маскаа зүүж, ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалахыг энэхүү сурвалжилгаараа дамжуулан уриалж байна.