Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИСС Б.НОМИН-ЭРДЭНЭ: Гадуур явахад “цаг агаарчин“ явж байна гэдэг болсон, цаг агаараа цаашид хөтөлсөөр л байх болно

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
8 минут 42 секунд

Телевизийн шууд эфирт цаг агаарын мэдээ уншиж гарч, "Алдаа мадаг гаргавал өршөөгөөрэй" зэрэг үгс, эгдүүтэй өнгө аясаар үзэгчдийн хайрыг татаж басхүү багагүй шүүмжлэлийг хүртээд амжсан мисс Б.Номин-Эрдэнийг "UBN STORY" булангийн шинэхэн дугаарын зочноор урьж оролцууллаа.

-Сүүлийн үеийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?

-Ойрдоо цаг агаараа уншаад л байж байна даа.

-Өөрийг тань олон нийт цаг агаарын мэдээ уншсанаас хойш анхаарч харж байна. Басхүү их олон талын санал сэтгэгдлүүд урсаж харагдана лээ. Анх цаг агаарын мэдээ унших санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх цаг агаарын мэдээ унших саналыг National телелвизийн хамт олон тавьсан. Энэ ташрамд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би анх санал ирэхэд их гайхаж авсан. Би чинь эфирийн хүн биш шүү дээ. Нэвтрүүлэгч, сэтгүүлч мэргэжилтэй биш. Тэр утгаараа их сонирхолтой санагдаж байсан. 500 мянган хүнд хүрсэн байсан. Нийт үзсэн хүмүүст баярлалаа гэдгээ хэлэх ёстой байх.

-Мэргэжлийн хүн биш учраас телевизийн шууд эфирт гарах ямархуу байв. Камертай харьцахаас авхуулаад хүндрэлтэй зүйл гарч байв уу?

-Шууд эфирт жаахан сандардаг юм билээ. Гэхдээ би өөрийгөө тийм сайн ярина гэж бодоогүй. Бага багаар сураад ирдэг юм билээ. Одоогоор гурван удаагийн цаг агаар уншчихсан байна. Олон хүнд хүрсэн байна лээ. Тиймдээ ч гадуур алхаж явахад "цаг агаарчин" явж байна л гэдэг болсон.

-"Алдаж магадгүй өршөөгөөрэй", "Би нэг зүйлийг ойлгосонгүй, дагагчдын тоо нэмэгдсэнгүй" гэх мэтчилэнгээр ярьж байгаагаас олон нийт тавилттай юм уу аль эсвэл өөрөө үнэхээр ингэж яриад байгаа юм уу гэж их асуусан байсан?

-Мэдээж би сошиал хаягаа хөгжүүлэх гэж л хэлсэн. Саяхан л пэйжээ нээсэн.

-Олон улсын тэмцээнд оролцоход хувийн сошиал хаягийн хандалт чухал байдаг гэж сонссон. Б.Номи-Эрдэнийн хувь ямар тэмцээнд оролцох гэж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Би Miss Mongolia 2022 тэмцээний тэргүүн мисс болсныхоо дараагаар Япон улсын Токио хотод зохион байгуулагдах Miss International тэмцээнд оролцох гэж байгаа. Миний амьдралын баяртай сайхан үйл явдал болно гэж бодож байгаа. Ямар ч миссийн тэмцээнд сошиал хандалт маш чухал байдаг. Тийм болохоор та нар маань намайг дэмжээрэй гэж хэлмээр байна.

-Тэмцээндээ хэзээ явах гэж байгаа вэ?

-Би тэмцээндээ арваннэгдүгээр сарын сүүлээр явах гэж байгаа.

-Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гэж байгаа утгаараа бэлтгэл маш чухал байх. Бэлтгэл нь хэр хангагдаж байна. Цаг агаар хөтлөхийн хажуугаар амжуулаад л байна уу?

-Ажлууд нэлээн их байгаа. Тэмцээний бэлтгэл шахуу байгаа. Өдөр бүр алхааны бэлтгэл, хувцас хунараа захихаас авхуулаад ажил их байна. Цаг агаарын хөтлөгч хийхэд багагүй ажил шаардана. Гэхдээ бэлтгэл сайн байгаа. Өөрийгөө амжилттай оролцоно гэж бодож байгаа.

-Сөрөгөөс эерэг хандлага нь давамгайлж байгаад талархаж байгаа-

-Цаг агаарын мэдээ уншихад ямар бэлтгэл, ур чадвар шаарддаг юм шиг санагдаж байна вэ?

-Үгээ маш тод хэлэх хэрэгтэй юм билээ. Мэдээж эмэгтэй хүний хувьд үс, зүс гоо сайхнаас авхуулаад чамгүй бэлтгэлийг хангах шаардлагатай байдаг. Би цаг агаарын мэдээ уншиж байхдаа нэвтрүүлэгч нарыг биширсэн. Эфирийн гэрэл тод, доор нь зогсоход халуу төөнөөд их хэцүү юм билээ. Ойр тойронд зааж зөвлөх хүмүүс их байсан.

-Мэдээ уншсан анхны дугаар цацагдсанаас хойш олон нийтийн хандлага ямархуу байна. Тухайлбал, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав?

-Манай аав, ээж их сонин хүлээж авсан. "Манай охин ингээд нэвтрүүлэгч болчихож байгаа юм уу" гээд л. Хүмүүс намайг гадуур явахад таниад байгаа. Тэгээд цугтаа зураг авхуулья гэх тохиолдол ч байна. Би цаг агаар уншсанаас хойш хүмүүст их танигдсан.

-Шүүмжлэл ирж байна уу. Эсвэл эерэг нь давамгайлж байна уу?

-Мэдээж шүүмжлэл ирж байгаа. Гэхдээ сөрөгөөс илүү эерэг нь давамгайлж байгаад талархаж байгаа. Би сэтгэгдлүүдийг их уншаад байдаггүй, айгаад байдаг юм. Жаахан эвгүй коммент байвал уйлчих гээд байдаг төрлийн хүн л дээ. Харин пэйж болон хувийн аккаунт хаягаар хандаж бичиж байгаа хүмүүийн сэтгэгдлийг уншиж байгаа.

-Хичээл зүтгэл хэзээ ч эзнээ хуурдаггүй гэдэгт итгэдэг-

-Өөрийг тань цаг агаарын мэдээний хөтлөгч, мисс гэдгээр нь олон нийт түлхүү таниж байна. Хувь хүн талаасаа уншигчид маань өөрийг тань сонирхож байгаа байх?

-Би бизнесийн удирдлага мэргэжлээр Франц хотын Парисын их сургуулийг 2017 онд төгссөн. Төгсөж ирснийхээ дараа мэргэжлээрээ ажиллаж байгаад одоогоор мисс талдаа илүү анхаараад ажиллаж байгаа. Би айлаас дөрвүүлээ. Аав, ээж маань бизнес эрхэлдэг хүмүүс байдаг.

-Айлын бага эрх хүүхэд юм биш үү гэж их асуудаг байх?

-Би айлын том охин. Намайг бүр гурван настай юу гээд байдаг юм. Би чинь том аниа шүү дээ.

-"Miss Mongolia 2022" тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Тэмцээн ер нь хэр болж өндөрлөсөн бэ?

-"Miss Mongolia 2022" тэмцээний финал нь зургаадугаар сард болж, би тэргүүн мисс болсон. Дөрөвдүгээр сараас шалгаруулалт нь явагдсан. Олон охин ордог. Шалгуурууд их өндөр байдаг.

-Тэмцээнд маш удаан бэлдэж зорьж оролцсон гэж сонссон?

-Тийм ээ. Би маш удаан бэлдсэн. Би өөрийгөө нэг л өдөр мисс болно гэж боддог байсан. Гэхдээ хэзээ гэдгийг нь л мэдэхгүй явсан юм. Тийм ч учраас хувь хүн талаасаа бэлдэх зүйл их байсан юм. Тэр маань тэргүүн мисс болоход нөлөөлсөн юм болов уу гэж бодсон. Сүүлийн үед над руу миссийн тэмцээнд оролцох гэж байгаа охидууд их бичиж, зөвлөгөө асуудаг болсон. Ер нь хичээх л хэрэгтэй. Хичээл зүтгэл хэзээ ч эзнээ хуурдаггүй гэдэг шүү дээ.

-Хүн өөрөө л ЗӨВ байхад бусад хүмүүс буруугаар ойлгохгүй-

-Мисс болохоор зорьж, хичээж яваа охидууд их бий. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад загварын охидыг буруугаар ойлгох хандлага ажиглагддаг шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Нэгдүгээрт, хүн өөрөө зөв байх хэрэгтэй. Зөв хүнийг зөвөөр л ойлгоно шүү дээ. Хоёрдугаарт, нийгмийн жаахан л хувь нь юм. Буруугаар ойлгох хандлага бий. Би ч ялгаагүй загварын салбарт орсноос хойш иймэрхүү хэл аманд их бага хэмжээгээр өртөж л байгаа.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.