НӨАТ-ын баримтыг хэвлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугараас тодруулга мэдээлэл авлаа.
-НӨАТ-ын баримтыг заавал хэвлэх шаардлагагүй гэж үзэж байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээнээс эхлээд бүхий л үйлчилгээ цахимд шилжих ёстой гэж харж байна. Тэгвэл энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс "Цахим үндэстэн болно" гэсэн зорилго тавьсан. Үүний хүрээнд бүх цаасан хэрэглээг халж, оронд нь цахим хэрэглээг сайжруулъя гэсэн хүрээнд хийгдэж байгаа ажил бол энэ ажил. Ялангуяа төрийн үйлчилгээг ч мөн цаасаар авах шаардлага байгаа юу үгүй юу. Үүнд цаг хугацаа зарж байхаар E-Mongolia плаьформ руугаа ороод үйлчилгээ авах бололцоо нээгдсэн.
Тухайлбал миний хувьд энэ жил E-Mongolia-аас 39 үйлчилгээ авсан байна. Үүний үр дүнд 89 цаг хэмнэж, 330 мянган төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа танилцуулж байна. Үүнээс харахад төрийн үйлчилгээ цахимд шилсэнээр
- Нэгдүгээрт, цаасны зардал хэмнэж байна.
- Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй.
- Гуравдугаарт, бодит зардал хэмнэж байна гэсэн үг.
Хэрэв И-Баримтын QR кодыг хэвлэхгүй, цахимаар ордог болбол Монгол Улс даяар эхний есөн сарын байдлаар 220-350 сая төгрөгийн цаасны хэмнэлт гаргах бололцоо байсан гэж судалсан байгаа. Үүнээс харахд төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна бусад бүхий л бичиг баримтыг цахимжуулах бололцоотой гэдгийг харж болохоор байна. Энэ нь мэдээж маш их хэмнэлтийг бий болгоно.
И-Баримт бол зөвхөн нэг жишээ. Цаашид бусад төрлийн цаасан үйлчилгээг цахимжуулах бололцоотой болно.
-Иргэд хамгийн их үйлчилгээ авдаг, НӨАТ-ын баримт авдаг газар бол яах аргайгүй худалдааны төв болон хүнсний дэлгүүрүүд байдаг. Тэгвэл дэлгүүрийн олгож байгаа баримтыг хэрхэн цахимжуулах боломжтой гэж харж байна?
-Худалдан авалт хийсэн тохиолдолд тухайн баримт шууд иргэний данс руу орох боломжтой гэж харж байгаа. Энэ нь иргэдийн дансыг холбоно гэсэн үг.
Тухайлбал, миний бие өөрийн картаар төлбөр тооцоогоо хийлээ гэж үзэхэд заавал цаасан баримт хэвлэх бус шууд автоматраар И-Баримт нь аппликейшн рүү нь бүртгэгдэнэ. Ингэснээр буцаан олголт ч гэсэн заавал уншуулсан баримтаар бус гүйлгээгээрээ авах боломжтой.
Үүнтэй холбоотойгоор тоон гарын үсгийн хууль батлагдсан байгаа. Тиймээс төрийн үйлчилгээний бүх баримт бичгүүдийг тоон гарын үсгээр, цахимаар авах боломжтой болж байгаа.
-Таны хувьд холбогдох байнгын хороог ахалж байгаа. Тиймээс НӨАТ-ын баримттай холбоотой асуудлын талаар хэрхэн ярилцаж байна?
-Миний хувьд уг асуудалтай холбоотойгоор Монгол банк болон бусад арилжааны банкууд, банкны холбоодтой мөн татварын албатай ярилцаж байж нэгдсэн шийдэлд хүрэх ёстой. Тиймээс ойрын хугацаанд И-баримтыг цахимжуулах шийдэлд хүрэхээр ажиллаж байна.
-Гишүүд хэр дэмжиж байна?
-Бүгд дэмжиж байгаа. Өмнө хэлсэнчлэн цаасан хэрэглээнээс салж, 220-350 сая төгрөг хэмнэх боломжтой учир үүнийг боломж гэж харж байна.