Монгол Улсад гадаадын банк салбараа нээж, улмаар улсын шинжтэй томоохон төсөл хөтөлбөрүүд хөрөнгө оруулалт татах асуудал улс төрийн хүрээнд яригдаад удаж байна. Дотоодын эдийн засаг “сэхээнд” ороход бэлэн байгаа энэ үед гадны хөрөнгө оруулалтыг “даллах” нэг хэлбэр гэж зарим улстөрчид, эдийн засагчид ярьж байгаа ч нөгөө утгаараа хууль эрхзүйн орчин бүрдээгүй байхад “хялбаршуулсан” байдлаар банкны хөрөнгө оруулалтыг татах асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай гэж хэлж байгаа юм. Тус сэдвийн хүрээнд бид УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.
“Дотоодын банкнуудын зээл гаргах хөрөнгийн нийт хэмжээ 22 их наяд төгрөг”
-Монгол Улсын эдийн засаг дефолт зарлах эрсдэлтэй байгааг эдийн засгийн шинжээчид хэлдэг. Хүндрэлээс шалтгаалж томоохон хөгжлийн хөтөлбөрүүдийг царцаахгүй байхын тулд гадаадын банкны салбарыг нээж хөрөнгө оруулалт татна гэж ярьж байна. Энэ үнэхээр боломжтой юу?
-Өнөөгийн нөхцөлд гадаадын банк Монгол Улсад нэгж салбараа болон, төлөөлөгчийн газраа нээх бүрэн боломжтой. Гэвч манай улсад албан ёсоор банкны салбараа нээе гэсэн хүсэлт хараахан ирээгүй байна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсад салбараа нээвэл мэдээж улс орны шинж чанартай том төсөл хөтөлбөрүүдийг л санхүүжүүлэх хэрэгтэй. Жижиг зээл олгож, хадгаламж татахгүй байх ёстой. Гол асуудал нь хөрөнгө оруулах хэлбэр нь тодорхой байх нь чухал. Миний хувьд үүнийг дэмжинэ. Учир нь манай банкны салбарын нийт зээл гаргах хөрөнгийн хэмжээ 22 их наяд төгрөг байдаг нь 10 тэрбум ам.доллар ч хүрэхгүй байна. Товчхондоо дотоодын арилжааны банкнууд өөрийн хөрөнгөөр мега төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс улсын хөгжлийг хөдөлгөх томооохон төслүүдэд хэдэн тэрбумаар яригдах санхүүжилт шаардагдах учраас гадны хөрөнгө оруулалт татахгүйгээр хөдөлгөх ямар ч боломжгүй гэсэн үг. Гэхдээ дотоодын банкууд гадаадын том банкуудтай нийлж том төслүүдийг санхүүжүүлэх боломжтой. Үүнийг “синдикат” зээл гэж нэрлэдэг. Хоёрдугаарт Олон улсын банк, санхүүгийн зах зээлд байр сууриа олж төлөвшчихсөн томоохон банкууд манайд үйл ажиллагаа явуулж эхэлснээр дотоодын банкууд суралцах, системээ сайжруулах бүрэн боломжтой.
-Банкны хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр татвал илүү тохиромжтой гэж харж байгаа вэ?
-Эхлээд Монгол Улсын уул уурхай болон банк санхүүгийн байгууллагуудтай харьцдаг байгууллагуудад санал тавих нь зүйтэй болов уу. Нэг тод жишээ гэвэл “Оюу толгой” компани маш олон гадаадын банкнуудаас урт хугацааны хөрөнгө оруулалт татаж үйл ажиллагаагаа явуулж байна.
-Томоохон төслүүдийг гадаадын банкны хөрөнгөөр санхүүжүүллээ гэж бодоход эргэн төлөлт, үр ашиг нь ямар байх вэ гэдгийг тооцоолох нь чухал. Зарим эдийн засгийн шинжээчдийн дүгнэж байгаагаар жижиг зах зээлд том хөрөнгө оруулалт татах нь эргээд улс өөрөө өрөнд унах эрсдэлтэй гэж сануулж байна. Та ямар бодолтой байгаа вэ?
-Зах зээлийг чөлөөтэй байлгах нь чухал. Засгийн газар хөрөнгө татах хэсэгт барьцаа хөрөнгө гаргадаггүй л байх ёстой. Чөлөөт зах зээлийн зарчмаараа зээл авсан бол барагдуулах нь зүй ёсны хэрэг. Мэдээж гадаадын том банкнууд хөрөнгө оруулалт хийх талаа маш сайн судалж ТЭЗҮ-ийн судалгааг хийнэ. Хоёрдугаарт санхүүжүүлэх гэж байгаа төслийнхөө үр өгөөж, баталгаатай байдлыг сайтар шалгадаг. Тиймээс Монгол Улсад хөрөнгө оруулах салбар олон бий. Гэвч гадаадын банкнууд манайхыг сонирхох эсэх нь л чухал асуудал байх.
Гадны банк орж ирвэл томоохон төслүүдийг л санхүүжүүлэх хэрэгтэй
-Гадаадын банк Монгол Улсад салбараа нээх бүрэн боломжтой гэж та ярианы эхэнд хэллээ. Хууль эрх зүйн орчин нь хэр бүрэлдэж чадсан юм бэ?
-Нэгдүгээрт, Монгол Улс хаалттай орон биш. Олон улсад “Капитал контрол” үгүй улс буюу хөрөнгийн хязгаарлалтгүй орон. Дээр нь 1990 оноос хойш хоёр шатлалтай банкны системтэй явж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгийн бирж дээрээс хувьцаа авах боломж нээлттэй. Нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын сангаар дамжиж хөрөнгө оруулах боломж бий. Тодруулбал, Австралийн маш том банк санхүүгийн групп байна. Энэ нь хөрөнгө оруулалтын сантай, олон улсад банкны сүлжээтэй учраас гадаад улс орнуудын дэд бүтцэд хөрөнгө оруулдаг.
-Та 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд Төв банк, банкны тухай хууль тогтоомждоо гадаадын банк Монгол Улсад салбараа нээх асуудлыг юу гэж тусгасан байсан бэ. Мэдээж дотоодын банкнуудад мөрдөгдөх хууль, дүрмээс өөр байх болов уу?
-Монголбанкны бодлогын хүрээнд би хөндлөнгөөс ямар нэг зүйл хэлэх эрхгүй хүн л дээ. Мөнгөний бодлого болон, банкны бодлогыг хараат бусаар шийдвэрлэдэг байгууллага учраас хуулийн хэм хэмжээг тайлбарлахад хүндрэлтэй. Хэрвээ тухайн улсын Засгийн газрын оролцоотой банк Монгол Улсад салбар нээх гэж байгаа тохиолдолд үүнийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцсэний дараа Монголбанкинд асуудлыг хариуцуулдаг. Одоогийн нөхцөлд заавал шинэ хууль гаргах шаардлагагүйгээр банкны хуульд нэмэлт заалт тусгаж түүнийг дагасан тусгай журам боловсруулж ажиллах нь зөв байх.
-Монгол Улсад салбараа нээж хөрөнгө оруулах боломжтой ямар банкууд байна гэж харж байгаа вэ?
-Миний бодлоор “Оюутолгой” ХХК, “Таван толгой”, “Энержи Ресурс” ХХК-тай шууд харьцдаг банкууд салбараа нээхэд хамгийн дөхөм болох байх. Учир нь тухайн банкнууд Монгол Улсын томоохон төслүүдийг санхүүжүүлээд үзчихсэн болохоор боломж ойрхон.
-Хэрвээ гадаадын банк орж ирэхгүй бол бид дотоодоосоо хөрөнгө босгох боломж бий юу?
-Яах вэ, экспортоо нэмэгдүүлж импортыг орлосон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цаашлаад зам харилцаагаа хөгжүүлж, зүүн бүсийг баруун бүстэй холбосон төмөр замаа барих шаардлагатай байгаа юм. Нэн чухал зүйл бол аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал. Жишээлбэл, ган хайлуулах үйлдвэр, зэс утас хийж гаргадаг болох гэх мэт. Монгол Улс газар зүйн байршлаараа давуу тал ихтэй улс. Тухайлбал, геополитикийн асуудал байхгүй, парламентын ардчилалтай улс учраас Төв Азийн эдийн засгийн бүс болж хувирах боломжтой гэж хардаг. Гол нь ОУ-ын эдийн засгийн интеграцид орох шаардлага байгаа юм.
Б.Мягмарсүрэн