Хуульд зааснаар 16 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр тоон гарын үсэгтэй болох шаардлагатай. Өнөөдрийн байдлаар ердөө 300 гаруй мянган иргэн гарын үсгээ баталгаажуулж 2.3 сая иргэн хүлээгдсэн байдалтай байна. Цаашид иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд ямар ажлууд хийж гэж байгаа талаар ЦХХХ-ны сайд Н.Учралаас тодрууллаа.
-Хувь хүний мэдээллийг хамгаалахын тулд тоон гарын үсгийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай гэж хуульчилсан. Өнөөдрийн байдлаар тоон гарын үсгээ баталгаажуулсан иргэд 20 хувьд ч хүрэхгүй байна. Цаашид ямар хэлбэрээр иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх гэж байна вэ?
-УБЕГ тоон гарын үсэг иргэдэд олгох ажлыг зохион байгуулж байгаа ч иргэдийн хамрагдалт ердөө 18 хувьтай байна. Цаашид тоон гарын үсгийг ТҮЦ машинаар олгож эхлэхээр ажиллаж байна. Цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн үйлчилгээ, мэдээллийг холбох шаардлага нэн тэргүүнд бий. Энэ ажлыг банк санхүүгийн салбараас эхлүүлэх ёстой. Тухайлбал банкнаас иргэдэд олгож байгаа зээлийг E-Mongolia цахим сайтаар дамжуулан баталгаажуулснаар орон зай үл хамаарч иргэдэд зээл авах боломжийг нь давхар бүрдүүлэх юм. Ажлын хүрээнд энэ долоо хоногт Төрийн банк, банкны холбоотой албан ёсоор тохиролцоонд хүрнэ.
-Цахим гарын үсгийн тухай хуулийг өнгөрсөн онд дахин шинэчилж баталсан. Монгол улсын 2.6 сая иргэн тоон гарын үсэг авах ёстой гэсэн судалгаа байна. Нэг удаад олгох тоон гарын үсгийн зардлыг иргэнээс биш улсын төсвөөс гаргахаар болсон байдаг. Нэг иргэнд тоон гарын үсэг олгоход хэдэн төгрөг шаардагдаж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд УИХ-аар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг батлахдаа тоон гарын үсгийг баталгаажуулахад шаардагдах зардлыг төсөвт суулгасан. Зардлын тооцооллыг ХЗДХЯ гаргах ёстой. Гол нь тоон гарын үсэгт шилжсэнээр иргэнд хүрэх төрийн үйлчилгээг хялбаршуулах гол зорилготой. Өмнө нь цахим гарын үсгийн тухай хууль 10 жилийн хугацаанд хэрэгжиж ирсэн хэдий ч хэрэглээнд бүрэн нэвтэрч чадаагүй байснаас 30 гаруй мянган иргэн цахим гарын үсгээ баталгаажуулсан байх жишээтэй. Иймд шинээр батлагдсан хуулийн дагуу цахим иргэний үнэмлэх авсан иргэн бүр тоон гарын үсэг авах ёстой болж байгаа юм. Нэг удаад авсан тоон гарын үсэг 5 жилийн хугацаанд хүчинтэй байхаар хуульд зааж өгсөн байгаа.
Б.Мягмарсүрэн