Намрын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхийн нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратигийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллахад энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна. Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал үүнээс улбаатай тээвэр ложистикийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг дэлхий даяар бий болгож байна. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон, цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад сул байгаа төдийгүй инфляц үнийн өсөлт улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэдийн амьдрал, бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Гадаад валютын нөөц 2.5 тэрбум төгрөг болж буурсан нь харанга дэлдэж байна. Энэ нөхцөл байдал үргэлжилвэл ард иргэдийн амьдрал доройтох, эдийн засгийн эргэлтийг удаашруулах бодит эрсдэл үүсч байна" хэмээлээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байна.