Гурван чихтэй, дундаа нэг нүдтэй хурга, гурван хөлтэй тугал, толгойгүй ишиг. Үүнийг сонссон хэн ч үл итгэх аядна. Гэвч энэ бол Дорноговь аймгийн малчдын бодитоор нүүр тулсан ҮНЭН нь байв. Малчид үүнийг “Бадрах Энержи” ХХК-ийн ураны туршилтын олборлолттой холбоотой хэмээн үзэж буйгаа өнгөрсөн хугацаанд бишгүйдээ л их илэрхийлсэн. Эцэс сүүлдээ туйлдсан нь ч үнэн. Гэтэл өнөөдөр Улаанбадрахыг балласан түүхээ төр давтах гэж байна уу гэх асуултыг тавихад хүрлээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт баг. Тэд дараагийн Улаанбадрах болох эрсдэлтэй нүүр тулжээ. Орхигдсон хэдэн малчид Өлзийт суманд нь ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Гурвансайхан компанийн эсрэг “босож” байна. Үүнээс шалтгаалан өнгөрөгч наймдугаар сараас эхлэн нутгийн иргэд, “Гурвансайхан” компанийн харуул хамгаалалтын ажилчид хооронд үл ойлголцол, зөрчилдөөнтэй байдал үүсэж, улмаар нэгхэн сарын дотор нутгийн иргэд эрүүл мэндээрээ хохирсон явдал хэд хэдэн удаа давтагдлаа.
Бид үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжлахаар Дундговь аймгийн Өлзийт сумыг өглөө эртлэн зорив. Харин биднийг очих үед бодсоноос тэс өөр нөхцөл байдал “угтав”. Угтаа хөдөө нутгийн амар амгалан энд алдагдаж. Малчид хамгаалалтын ажилчид хоорондоо маргалдаж, туйлдсан байх дүр зургийг бодитоор харлаа.
-ГУРВАНСАЙХАН ХХК дөрвөн сумдын нутгийг хамарсан 17825,9 га талбайд уран ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг-
Асуудлыг эхнээс нь энд дурдъя. Эл “Гурвансайхан” компани нь Дундговь аймгийн Өлзийт сумаас гадна Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан суманд нийт 17825,9 га талбайг хамарсан уран ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ажээ.
Ташрамд дурдахад, 2020 онд Гурвансайхан компанид хийсэн хяналт, шалгалтын явцад цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчил дутагдал арилгах албан шаардлага хүргүүлж байжээ. Харин энэ оны долдугаар сараас өрөмдлөг хийж эхэлсэн тул наймдугаар сарын 5-нд тухайн багийн ИТХ хуралдаад, иргэд ураны хайгуул болон ашиглалтыг эрс эсэргүүцсэн гэх тогтоолыг гаргасан байдаг.
Иргэд ийнхүү наймдугаар сарын 6-ны өдрөөс хойш тус Гурвансайхан компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайд очиж жагсаал хийж эхэлсэн. Жагсаал хийж буй ард иргэдийн зүгээс хайгуулын ажлаа зогсоох шаардлагыг тавьсан хүлээж аваагүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь үргэлжилж байна.
-МОНГОЛЫГ Монголоор нь даруулах арга-
Иргэд жагсаж буй үнэн. Тэмцэж буй нь үнэн. Харин иргэд нь эрүүл мэндээрээ хохирч байгааг төр худал гэж бодсон бололтой. Тиймээс л өнөөдрийг хүртэл тэднийг тоож очоод уулзчих сэхээтэй төрийн түшээ байхгүй байгаа байх гэх бодол төрж байснаа нуух юун. Өнгөрсөн сард үүссэн зөрчилдөөний үеэр нутгийн иргэний хөлийг усны машинаар дайрсан асуудал үүссэн. Энэ талаар нутгийн иргэд хэлэхдээ “Шууд дайраад гар” гэж хэлээд малчин иргэний хөлийг усны машинаар дайрсан, нэг иргэн доргилт авсан” гэж хэлж байв.
Бие махбодод халдахаас гадна харуул хамгаалалтын ажилчид нутгийн иргэдийг “Шатаана шүү, гэрээс чинь нэг нэгээр нь чирч гаргана” гэх мэтээр заналхийлэх явдал хэрээс хэтэрч байгаа талаар Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж ярьж байна.
Тэрбээр “Иргэд сар гаруйн хугацаанд эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ хугацаанд компанийн хамгаалагч, иргэд хооронд зөрчилдөөн үүсэх боллоо. Хамгаалалтын албаны ажилчид заналхийлэх, элдэв зүй бусаар харьцаж байгаад Засаг даргын хувьд санаа зовниж байна” гэв. Товчхондоо, газар шорооныхоо төлөө монголчууд монголчуудтайгаа тэмцэлдэж байна.
-Гурвансайхан ХХК нутгийн удирдлагууд, иргэдийг ХАГАРАЛДУУЛАХ “арга” хэрэглэв үү-
Биднийг очих үеэр нутгийн иргэд болон сумын Засаг даргын зүгээс Гурвансайхан ХХК-ийн удирдлагуудад нэгэн АСУУЛТ-аар ам авав. Тодруулбал, тус компанийн зарим ажилчид нутгийн айлуудаар орж “Нутгийн удирдлагууд бидэнтэй ойлголцсон учраас та нар юу ч яриад нэмэргүй” гэх зүйлийг ярьсан гэв. Үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын хувьд уг асуудал үнэн бол нэр төрөө сэргээлгэх тал дээр ажиллаж, тухайн компанийг нутгийн иргэдтэй хагаралдуулах зүйл хийхгүй байхыг сануулаад амжив. Харин Гурвансайхан компанийн зүгээс эл асуудлыг үгүйсгэсэн тайлбарыг өгч байв.
-Өрөмдлөг эхэлсэн хэсгүүдийн ойр орчмын айлуудын мал хорогдож байна гэв-
Ураны хайгуулын ажил эхэлснээс хойш хор хөнөөл захаасаа мэдрэгдэж, ойр ормын малчин өрхийн мал хорогдож байгаа талаар малчид хэлж байв. Түүнчлэн албан ёсоор судалгаа хийгээгүй ч ураны хайгуул хийж эхэлснээс хойш энэ орчимд нутагладаг хүн амын дунд хорт хавдар болон бусад өвчний өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэдгийг ч тэд ажигласан аж.
-Гурвансайхан ХХК ашигласан саарал усаа аймаг дамнуулан, бэлчээрт асгасан уу-
Одоогийн байдлаар тус суманд 12 өрөм ажиллаж байгаа юм. Хайгуулын ажилдаа ашигласан саарал усаа мал бэлчих хэсэгт асгаж, мал амьтныг хордуулах үйлдэл гаргасан хэмээн нутгийн иргэд бухимдаж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд гурван ч газар саарал усаа асгасан байхыг нутгийн иргэд баримтжуулан авч, тухайн компанид мэдэгдсэн аж. Эл асуудалд Гурвансайхан компанийн зүгээс “Асгасан гэх нэг газарт очиж, хэмжилт хийхэд асгасан зүйл байхгүй байсан” гэх тайлбарыг өгсөн юм.
Улаанбадрахаас хойш бид ураны ашиглалт, олборлолтоос үүдэлтэй нутгийн иргэдийнх нь “зовлонг” сонссоор өдийг хүрсэн. Гэтэл асуудал дуусаагүй байхад дахин нэг компани мал бэлчих хэсэг дур мэдэн саарал усаа асгасан байж болзошгүй асуудлыг олон нийт гарган тавьж байна. Асуудал үүгээр дуусахгүй. Саарал усаа усны машин ашиглан шөнийн цагаар Өлзийт сумын нутагтай залгаа орших Дорноговь аймгийн Мандах сумын нутаг руу оруулж асгасан гэх асуудлыг ч энэ үеэр хөндлөө.
-“Урантай газрынх гээд малын махыг ч зах дээр худалдаж авахаа больсон”-
Бид ундны усгүй болж байна
Бид газар нутаггүй болох нь гэх. Халуунд халж, хүйтэнд хөрж хэдэн малын буянаар амьдардаг малчдынх нь амнаасаа унагаж буй үг нь энэ. Тэд хүчин мөхөстөж буйгаа хэлж, ярьсаар л. Тэр байтугай тус сумын малын махыг “урантай газрын мах” гэж хэлээд худалдаж авахгүй байгааг малчид учирлаж байв. Одоо тэд хаана хандах учраа олохгүй явна.
Энэ оны 08 дугаар сарын 16-нд аймгийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг томилж, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан тус ажлын баг газар дээр нь ажиллан, “Гурвансайхан” ХХК, малчид хоорондын зөрчилдөөн, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа байдал, гараад байгаа малын зүй бус хорогдлын асуудлыг судалжээ. Гэхдээ эргээд мэдэгдсэн, хариу өгсөн зүйл байхгүй гэдгийг хэлж байв.
-МХЕГ, БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба АЖЛАА ХИЙ-
Одоо л асуух цаг нь. Тэмцэл нь үр дүнд хүрэхгүйдээ бухимдах хэдэн малчдадаа биш юмаа гэхэд газар шороогоо хамгаалж, эзэн нь байх ёстой ТӨР хаана байна. Өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгаас ч тэр, төрд төлөөлөх эрхмүүд нь хяналт шалгалт хийнэ гэж ам гарсан ч өнөөдөр нөхцөл байдал дээр ирээд ажилласан зүйлгүй байгаад иргэд бухимдаж байна.
Түүнчлэн ураны ашиглалт, хайгуулын үйл ажил болон саарал ус асгасан гэх асуудалтай холбогдуулан хийсэн хяналт шалгалтын талаар тодруулга мэдээлэл авахаар МХЕГ, БОАЖЯ руу утас цохисон боловч тодорхой шалтгааны улмаас мэдээлэл өгөх боломжгүй гэх хариуг бидэнд өглөө. Харин Экологийн Цагдаагийн албанд энэ чиглэлд ирсэн гомдол мэдээлэл, шалгасан зүйл байхгүй гэх хариултыг өгсөн юм.
Энэ байдлаас харахад, салбар яам ч, холбогдох хууль хяналтын байгууллагууд ч төрийн ажлыг хүлээсэн шиг хүлээж, иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна.
Орон нутагт хүний аминд хүрэхээс наагуур үйл явц өрнөж байхад нийслэл хотдоо бүгсэн төрийн дээд шатны байгууллагууд нь авсан арга хэмжээ ч үгүй ажиллаж байгаа нь харамсалтай. Хяналт шалгалтаа эрчимжүүлж, малчдын хөндөн тавьж буй асуудалд хариулт өгнө үү, МХЕГ, БОАЖЯ, УУХҮЯ, Экологийн цагдаагийн албаны удирдлагууд аа.