ЗТХ-ийн сайд асан Л.Халтар аравдугаар сарын сүүл арван нэгдүгээр сарын 1 гэхэд Улаанбаатараас Дархан орох чиглэлд жолооч нарыг шороон замаар зорчуулахгүй хэмээн мэдэгдээд амжсан. Олон нийтийн итгэл ч алдарсангүй. Дөрвөн жил хүлээж чадсан юм хойно нэг сарын дараа л гэхэд Дарханы чиглэлд энхэл донхолгүй, дардан замаар зорчино гэдэгт найдлага тавьсаар л. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сард Дарханы зам үерт урслаа гэх дуулианаас хойш замын ажил хэрхэн үргэлжилсэн бэ гэдэгт хариулт эрье. Та бүхэнд Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн автозамын ажлын одоогийн явцын мэдээллийг хүргэж байна.
НЭМЭЛТ: Багц тус бүрийн байршлын нэр
-Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км
-Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км
-Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км
-Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км
-Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км
-АХБ-ЫН САНХҮҮЖИЛТТЭЙ 2 ЭГНЭЭ: 75.6 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 637 гаруй инженер техникийн ажилчид, 261 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт таван багц хэсгийн барилгын ажлын санхүүжилтийн өртгөөр 64.5 хувь, ажлын тоо хэмжээгээр 75.6 хувьтай хэрэгжиж байгаа аж.
-ЕСБХБ-НЫ САНХҮҮЖИЛТТЭЙ 2 ЭГНЭЭ: 57.7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хүрээнд барилгын ажлын төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 714 гаруй инженер техникийн ажилчид, 327 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт таван багц хэсгийн барилгын ажлын санхүүжилтийн өртгөөр 30.0 хувь, ажлын тоо хэмжээгээр 51.75 хувьтай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 2 болон 3 дугаар багц ажлын гүйцэтгэлээр хамгийн бага хувьтай байна.