/Д.Бямбасүрэн: Х.Баттулга бол нохой, гэхдээ тэр манай нохой.../
Өнөөдрийн ГОЛ ДҮР бол маргаангүй Х.Баттулга байлаа. Тууз хайчлахад түүнийг урьсан, уриагүй гэх мэтгэлцээн хөвөрч, өнөөх Х.Баттулгынхаа сүү, усыг ялгахаа байтлаа монголчууд цамнацгааж өнжив.
Арван жил уут, шуудай цоолж элс, чулуугаар “байлдсан” монголчууд арай гэж төмөр замын бараа харсан нь энэ. Зах зээлээсээ таг зөрчихсөн. Өнгөрсөн борооны араас цув нөмөрсөн энэ ажлыг У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын "фэн клабынхан" өдөржин сошиалд булаацалдав. У.Хүрэлсүх ч гэж У.Хүрэлсүх. Хүний эхлүүлсэн ажил дээр попроод.
Энэ төмөр зам чинь авторынх нь төлөө тэгж их үхээд байх тийм гоц гойд ажил биш болсоон, одоо. Арван жилийн өмнө байсан бол харин өөр хэрэг. Тэр уянгалаад байгаа Женко чинь биднийг арван жил хорлосон этгээд. Бүтээсэн 1000 гавьяагаа гацаасан ганцхан гай нь баллуурдах тийм л хүн. Одоо түүний дэмжигчид үнэнтэй эвлэр.
Нээлтэд Х.Баттулгыг урьсангүй гэж олон хүн шархирч байх шиг байна лээ. Х.Баттулгын оронд хэн ч байсан 10 жил төмөр зам гацааж, улсаа хорлосондоо ичээд ирэхгүй. Урьсан байлаа ч очихгүй.
10 жилийн өмнө Хятадыг “мангас” шиг нүүрсний дуршилтай байхад төмөр замаа нарийн царигаар нь тавьчихсан бол Монголын амьдрал өнөөдрөөс өнгөтэй, өөдтэй байх байсан. Өр зээлгүй, эдийн засгийн хямралгүй амьдрал үр хойчдоо өвлүүлэх байсан. Гэвч ах нар нүүрсний экспортын "гол дүр"-ээ алдахыг хүсээгүй. Тэрийг нь Д.Бямбасүрэн гуайн тодорхойлсон “Манай нохой” гүйцэтгэсэн. Энержи Ресурс мөнгөө гаргаад тавих гэж байсан замыг төрд булаан авч, дараа нь танкны үлгэрээ зохиож Монголыг “нохойн зам”-аар оруулсан хүн бол бултаж, зугтахын аргагүй Х.Баттулга.
Х.Баттулгын “ачаар” Оросууд алс дорнодоор Хятадтай өргөн, нарийн хос царигтай төмөр замаа холбочихсон. Жилд 100 сая тонн нүүрс экспортлох гэрээг В.Путин, Ши Жиньпинтэй оны эхэнд байгууллаа. Ингээд сүүлийн арван жилд 30 сая тонн нүүрс Хятад руу гаргадаг байсан Иванууд Ази-Номхон далайн зээлд Оросын нүүрсний эзлэх хувиа 2010 оноос найман хувиар өсгөжээ. 2030 он гэхэд үүнийгээ бүр илүү өсгөх юм гэнэ лээ. Харин манай өр түүнээс ч их болох юм байна лээ.
Өнөөдөр магадгүй Х.Баттулга монголчуудаасаа ичсэндээ очоогүй биз.
Г.Лхагвадорж