Алтан навч хийсэж, аяны шувууд буцсанаар хичээлийн шинэ жил эхэллээ. Дэлхийн нийтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан сурагчид сүүлийн хоёр жил хичээлийн нээлтийн баярт оролцоогүй, цахимаар хичээлдээ суусан. Харин энэ жил эрдмийн их өргөөний эзэд танхимдаа цугларч байна.
Цэцэрлэгийн дулаан ор, олон тоглоом, амттай хоолноос холдож сургуулийн босго алхаж буй бяцхан "6" настнуудын сургуулийг хэрхэн төсөөлдөг, сургууль дээрээ юу хийхийг хүсэж байгаа болон ээж, аав нь юу гэж захисан зэрэг сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншина уу.
Нэгдүгээр ангид элсэн суралцагч Б.Бумханд
-Сургуулийг хэрхэн төсөөлж байна вэ ?
-Олон хүүхэдтэй, хичээл хийдэг, тоо боддог, үг заадаг газар. Цэцэрлэгтэй адил унтдаггүй, хоол өгдөггүй гэж боддог. Хэрэв сургууль дээр хоол өгвөл банштай цай идэхийг хүсэж байна. Харин сургууль дээрээ унтвал багш уурлах байх.
-Сургуульд орж буй сэтгэгдэл ?
-Гоё. Мундаг сурна гэж бодож байгаа.
-Мундаг хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ?
-Бүх хүүхэд мундаг. Бас мундаг хүүхэд гэж найзуудыг хэлдэг. Харин тоглоом булаадаг бол мундаг хүүхэд биш.
-Сургуулийг ямар байгаасай гэж байна вэ ?
-Сургуулийн найзуудыгаа гоё ааштай байгаасай гэж хүсэж байгаа.
-Сургууль дээрээ юу хийж болохгүй гэж бодож байна ?
-Гүйж болохгүй. Гүйвэл багш нар загнана. Бас болоогүй байхад дуу дуулж болохгүй.
Аав, ээж нь юуг захисан бэ ?
-Тоогоо сайн сураарай. Хичээлдээ сайн яваад, багшдаа битгий загнуулаарай гэж хэлсэн.
-Том болоод ямар хүн мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ ?
-Шүдний эмч болно. Учир нь шүдний эмч хүмүүсийн шүдийг янзалдаг учраас гоё санагддаг.
Нэгдүгээр ангид элсэн суралцагч Л.Эрмүүн
-Сургуулийг хэрхэн төсөөлж байна вэ ?
-Миний хувьд сургуулийг гоё гэж бодож байна. Сургуульд тоо, шүлэг, англи хэл заана. Сургуулийн хананд дээр үсэг байгаа гэж бодож байна. Сургуулийн юу ч муухай санагдахгүй байна. Харин сургуульд шөлтэй хоол, бантан өгөх байх. Би пиццанд дуртай. Хэрэв өөр хоол өгвөл пицца өгөөсэй гэж МӨРӨӨДӨЖ байна.
-Сургуульд орж буй сэтгэгдэл ?
-Би сургуульд ороод өөрийгөө сайн сурна гэж бодож байна. Бас олон найзтай болно. Ангийнхаа хүүхдүүдийг сайн ааштай байгаасай гэж хүсэж байна.
-Сургуулийг ямар байгаасай гэж байна вэ ?
-Багшийгаа сайн хүн байгаасай гэж боддог.
-Аав, ээж нь юуг захисан бэ ?
-Хичээлээ сайн сурч, мундаг хичээллээрэй гэж хэлсэн.
-Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу ?
-Сайн уу, чамайг хэн гэдэг вэ гэж хэлмээр байна. Бас нэгдүгээр ангийн хүүхдүүддээ амжилт хүсье. Хичээлээ сайн хийгээрэй.
Нэгдүгээр ангид элсэн суралцагч М.Номин-Эрдэнэ
-Сургуулийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Сургуулийг хэцүү байдаг гэж бодож байна. Яагаад гэвэл хүүхдүүд сурахгүй бол багш дандаа загнаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би тоо, үсэг, дуу, бүжиг, шүлэг, зургийн хичээлүүдээс бүжгийн хичээлд хамгийн их дуртай.
-Сургуульд орж буй сэтгэгдэл ?
-Гоё санагдаж байгаа зүйл нь найзуудтай болж, тоглоно. Бас сайн сураад гоё хичээл номондоо явна.
-Сургуулийг ямар байгаасай гэж байна вэ ?
-Унтаж сэрээд, хичээлээ хийгээд дараа нь гоё амттай хоол идэх байх. Бас олон хүүхэдтэй, багш нь хичээл заадаг буруу хийсэн юмыг нь засаад өгчихдөг байгаасай гэж бодож байна.
-Аав, ээж нь юуг захисан бэ ?
-Болгоомжтой байгаарай, битгий муудалцаарай, хүүхдүүдийг битгий түлхээрэй гэдэг. Харин цэцэрлэгийн багш болохоор цүнхээ авч яваарай. Битгий юмаа мартаарай гэж хэлсэн.
-Том болоод ямар хүн мэргэжилтэй хүн болно гэж бодож байна ?
-Би том болоод тооны багш болно. Зүгээр гоё санагдсан.
-Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу ?
-Хүүхдүүдээ хичээлээ сайн хийгээрэй, мундаг сураарай.
Нэгдүгээр ангид элсэн суралцагч Б.Сэргээ
-Сургуулийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Удахгүй хичээлд явна. Одоо үсэг сурсан. Бас сургуулийн юмнуудыг нь авч байгаа. Манай ахад сургууль хоол өгөхгүй байна гэж хэлсэн. Зүгээр хичээл л хийлгэнэ.
-Сургуульд орж буй сэтгэгдэл ?
-Сургуульд сурах гоё санагдаж байгаа. Хүүхдүүдтэй танилцаад гоё байна. Долоон найзтай болно.
-Сургуулийг ямар байгаасай гэж байна вэ ?
-Багш бас хүүхдүүд байгаа. Бас ширээ, сандал байгаа байх. Сургуульд зөндөө үсэг заана. Бас цай ус уулгадаг.
-Том болоод ямар хүн мэргэжилтэй хүн болно гэж бодож байна ?
-Би том болоод баян хүн болно. Мөнгө аваад машин унаж явна. Баян хүн болохын тулд хичээлээ сайн хийх ёстой.
-Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу ?
-Хүүхдүүдээ үгэнд сайн ороорой за юу,
Нэгдүгээр ангийн сурагч У.Хонгорзул
-Сургуулийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Сургуульд тоглоом бол байхгүй. Бас унтахгүй гэж бодсон. Унтахгүй гэдэг нь гоё. Би цэцэрлэгт байхдаа унтах дургүй байсан. Тоо бодож зургийн хичээл хийнэ.
-Сургуульд орж буй сэтгэгдэл ?
-Би зургийн хичээлд дуртай болохоор сайхан байна. Сургууль дээр олон хүүхэд байдаг болохоор нэг л хоол өгнө. Миний хамгийн дуртай ногоо бол хүрэн манжин. Сургууль дээр хүрэн манжинтай, улаан шөлтэй хоол өгвөл гоё.
-Сургуулийг ямар байгаасай гэж байна вэ ?
-Сургуулийн найзуудаа найрсаг байгаасай гэж хүсэж байна.
-Аав, ээж нь юуг захисан бэ ?
-Хичээлээ сайн хийгээд, онц сураарай гэж захисан.
-Том болоод ямар хүн мэргэжилтэй хүн болно гэж бодож байна ?
-Том болоод дуучин болно. Би Лиза /Blackpink/ шиг дуучин болмоор байна.
-Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу ?
-Хүүхдээ хичээлээ сайн хийгээрэй, онц сураарай.
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуустаа болон багш сурган хүмүүжүүлэгч нартаа 2022-2023 хичээлийн шинэ жилийн баярын мэндийг UBN.MN сайтын хамт олны зүгээс хүргэж байна.