Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрд “булаагдсан“ Төмөрлөгийн үйлдвэр ТЭГ ЗОГСОЖ, ирэх жил “Хөтөл“-ийн цемент ч үгүй, Дарханы ГАН ч үгүй болох нь

Огноо
Унших
13 минут 18 секунд

Монголын төр өнгөрсөн хугацаанд асуудал дэгдэх бүрийд ард иргэдийнхээ амыг таглаж орхидог хэдэн “сайхан” уриатай байв. Гэвч түүнийгээ “ЛООЗОН” төдий болгочихсон. Тэдгээрийн нэг нь “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэх “лоозон”. Товчхондоо, хувийн хэвшил хийгээд ирсэн юмыг төр нь нэг л өдөр булаачихдаг "хямдхан" тогтолцоо руу шилжиж байгаа нь харамсалтай. Үүний ганцхан жишээ нь “Кью Эс Си” компани.

Төр Дарханы замаа барих гэж дөрвөн жил мунгинаж байх зуурт эл компани ердөө 1-2 жилийн дотор Төмөртэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гурван том дэд бүтцийг бий болгочихож. Гэтэл концессын гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газраас гэнэтхэн гаргаснаар гангийн үйлдвэр барих ажлын шаардлагатай дэд бүтцэд зарцуулсан 700-800 тэрбум төгрөг нь салхинд хийсч орхилоо. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан хувийн хэвшлийн хөрөнгө өнөөдөр ч ХИЙ ЭРГЭЖ БАЙНА.

Чухамдаа, хэн нэгэн этгээдийн хамаарал бүхий гэх тодотгол дээр “тоглолт” хийхээс илүүтэйгээр Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх ордуудыг эргэлтэд оруулах, халамжаасаа салдаггүй бодлогыг хөдөлмөрт шилжүүлэх цаашилбал орон нутгийг хөгжүүлэх, дэд бүтцийг шинэчлэх зэрэг “тоглолтоос” давсан ач холбогдлыг нь яримаар. Гэвч төр энэ талаар дурсах нь бүү хэл ярихыг ч хүссэнгүй.

Тэгвэл асуудлыг эхнээс нь эргэн сануулъя. “Кью Эс Си” ХХК 2010 оноос “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай хамтран Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэвч концессын гэрээг цуцалж, “Кью Эс Си” ХК руу чиглэсэн хамгийн том буруутгал нь шаардлагатай үндсэн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах ажлуудыг хийгээгүй буюу ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ гэх асуудал. Тэгвэл “Кью Эс Си” компаниас асуух нь. Төрийн шийдвэрт хариулт өгөх ЗӨВТГӨЛ нь юу вэ.

-ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ: Жилийн орлого 300 гаруй тэрбумаар, төрд төлсөн татвар нь 77 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэв-

"Кью Эс Си" компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй тулж ажилласан жилүүддээ ямар өөрчлөлтийг бий болгов гэдгийг авч үзье.

Тухайн үед үйлдвэрлэлийн өртөг зардлын хувьд ч, дараа дараагийн төслүүд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөлд байсан тул хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн үзэж “Кью Эс Си” компани сонгон шалгаруулалтад шалгарч байжээ. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн жилийн орлого 40-50 тэрбум төгрөг, улсад төлдөг татвар нь 2-3 тэрбум төгрөг байв. Харин хөрөнгө оруулалт авсан төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн тайланд мэдэгдэхүйц эерэг үр дагаврууд гарчээ. Тухайлбал, жилийн орлого нь 400 тэрбум болон өсч, төрд төлсөн татвар нь 80 орчим тэрбум төгрөг болж өссөн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2021 онд 1400 орчим ажилтантай байсан. Харин энэ онд Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор ээлжийн амралтыг 14-14 горимд шилжүүлж 200-300 орчим хүнийг нэмж ажлын байраар хангах нөхцөл бүрдэхээр байв. Өөрөөр хэлбэл, “Кью Эс Си” компанийн бүтээн байгуулалтуудын төлөвлөгөө биеллээ олсон бол ажиллах хүч 1800 болж нэмэгдэх байлаа.

-ГАВЬЯАГ НЬ ТӨР, ГАЙГ НЬ "КЬЮ ЭС СИ" ҮҮРЭВ ҮҮ-

Төслийн хүрээнд "Кью Эс Си” компани нь “Монгол ган цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш тасралтгүй ажиллажээ. Ингэхдээ шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн байдаг. Ийнхүү технологийн тал дээр олон төрлийн судалгаа хийгдэж явсаар өнгөрөгч оны есдүгээр сард ТЭЗҮ-гээ батлуулжээ.

Үүнээс хэдхэн сарын дараа "Кью Эс Си" ХХК-ийн Концессын гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн найман жилийн хөдөлмөр, цаг завыг “юу ч хийгээгүй” гэх дүгнэлттэйгээр үгүйсгэж орхив. Бүтээн байгуулалтаа шалбаагтай нь хутгаж орхисон түүх товчхондоо нэг ийм. Энэ байдалд хийж болох дүгнэлт. Ирээдүйд бий болох гавьяаг нь төр авна. Харин юу ч хийгээгүй гэж дүгнэлтээрээ "Кью Эс Си"-г гангийн үйлдвэр бариагүйн буруутан болгож болно.

-ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ vs ДЭД БҮТЭЦ, ТЭЗҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮР ДҮН-

Төрөөс юу ч хийгээгүй гэж дүгнэсэн "Кью Эс Си” компани өнгөрсөн найман жилийн хугацаанд ямар бэлтгэл ажлуудыг хангасан бэ гэдэгт хариулт эрье.

Төмөртэй уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай дараах дэд бүтцүүд хийгджээ. Эдгээр дэд бүтцүүд бий болсноор гангийн үйлдвэр түүхий эд, тээвэрлэлт тал дээр АСУУДАЛГҮЙ болж байв.

ДЭД БҮТЭЦ: Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам ба шинэ технологиуд шийдэгдэв

-Төмөр зам болоод автозам нь Концессын гэрээнд барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хийгдэж байжээ. Ингэхдээ тус ажлыг 2014 оноос гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж хийж дуусгасан. Гүйцэтгэлээр 36.7 км дэлгэмэл урттай, гол замынх нь урт нь 23 км байдаг.

Харин төмөр замын ажил дуусах шатандаа явах үед 2016 онд Концессын гэрээнд өөрчлөлт орж тус төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК хүлээж авсан. Харин төрд хүлээлгэж өгнө гэх шийдэл гарахаас өмнө төмөр замын бодит өртөг нь 106 сая ам доллар байхаар тооцож "Кью Эс Си" компани гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан байжээ. Ийнхүү санхүүжилтийн зардлыг нэмж 112 сая ам доллароор тооцож, улсад хүлээлгэн өгсөн байдаг аж.

No description available.

-Автозамын төсөл 95 км автозамыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Тодруулбал, төмөр замтай холбоотой Концессын гэрээнд өөрчлөлт орох гэж байгаатай холбоотойгоор автозамыг барих, шилжүүлэх төсөл болгож жил гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн.

No description available.

-Цахилгаан дамжуулах агаарын шугам нь 2014 онд ашиглалтад орсон. Ерөө суманд байрлалтай дэд станцыг шаардлагатай нөхцөлөөр нь өргөтгөл хийж, 50 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьсан.

-Гангын үйлдвэрлэл дээр нэр төрлийг нь олшруулах байдлаар давтах аргын ган бөмбөлгийн үйлдвэр барьж, гангын чанарыг сайжруулах чиглэлд үе шаттай ажлуудыг хийв. Гангын үйлдвэр дээр шанаган зуух буюу гангийн халуун боловсруулалтыг хийдэг өмнө байгаагүй технологийг суурилуулж байсан

No description available.

-Намгийг ачаа тээврийн терминал болгосон нь. Төмөртэй өртөө. Энд төмөр замын бүтээн байгуулалт хийгдээд иж бүрэн цогцолбор болсон. Ачилт, буулгалтаас авхуулаад гаалийн хяналтын бүс болчихсон. Намаг байсан газарт төмөр замын бүтээн байгуулалт хийгдсэн нь энэ аж. Төмөртэй өртөө ашиглалтад орсноос хойш 7-8 сая орчим тонн бүтээгдэхүүн гарсан байдаг.

Төр гар дүрээгүй төслийн дэд бүтцийг “Кью Эс Си” ХХК бүрдүүлсэн нь энэ аж. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн тээвэрлэх тээврийн хүчин чадлыг бий болгож, өртөг зардлыг бууруулах төслүүд хийгдсэн ч гол ажил нь нам зогссон.

ТЭЗҮ: Таван үндсэн хэсгээс бүрдэх МОНГОЛ ГАН цогцолбор

Гангийн үйлдвэрлэлтэй холбоотой төслийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний дутагдалтай байдлаас шалтгаалан технологийг нь өөрчилж, коксоор гол эрчим хүчний шийдвэрлэлтийг хийж шийдлийг олж ТЭЗҮ-гээс батлуулсан байв. Газрын асуудлыг 2021 оны аравдугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Дулааны улирлаа хүлээсэн нь “Кью Эс Си”-д “хохирол” авч ирэв.

ТЭЗҮ-д дурдагдсанаар Монгол ган цогцолбор таван үндсэн хэсэгтэй аж. Үүнд:

-Хорголжийн үйлдвэр

-Коксын үйлдвэр

-Төмөрлөгийн үйлдвэр

-Гангийн үйлдвэр

-Цувимал үйлдвэр

Шинэ ТЭЗҮ-гээр 2024 он гэхэд буюу 2-3 жилийн дотор гангийн үйлдвэрийг барьж дуусгах боломжтой гэж харж байжээ. Гэвч гаднын түншүүдтэй явуулж байсан ажлууд зогсож, өмнөх ажлууд нь зогсонги байдалд оров.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: 1.5 их наяд төгрөг шаардлагатайгаас 700-800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна

Шинэ гангийн цогцолбор үйлдвэрийг барихад 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл шаардлагатай томоохон бүтээн байгуулалтуудад нийт 700-800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Кью Эс Си” ХХК хийжээ.

Төр хийсэн, бүтээсэн зүйлтэй нь буцаан авчхаад, хууль хяналтын байгууллагад шилжүүлчихлээ. Гэтэл үүний цаана төслүүдийн “маргаашийг” хэрхэх нь тодорхойгүй үлдлээ. Үүнээс л үүдэж төслүүд гацсан хэрэг. Улс төрийн тогтворгүй бодлого шийдвэр томоохон хэмжээний бүтээн байгуулалтад маш хортой байдаг болохыг эл жишээнээс бид харж болохоор байна.

ҮР ДҮН: 350 мянган тонн арматур үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг хангаж, 20 хувиар хямд өртгөөр хийгдэхээр ТЭЗҮ-д тусгагдсан байв

Одоо ажиллаж буй гангийн үйлдвэр нь анх баригдахдаа нэг жилийн хүчин чадал нь 100 мянга гэх тооцоолол гарч байжээ. Гэвч үйлдвэр ашиглалтад орсон хугацаанаасаа хойш нэг ч удаа хүчин чадалдаа хүрч ажиллаж чадаагүй байна. Тодруулбал, 2010 он хүртэл буюу Кью Эс Си ХХК орж ирэх хүртэл хугацаанд жилдээ 3-4 мянга орчмыг л үйлдвэрлэдэг байсан аж.

Тэгвэл шинэ гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар бид юу ХОЖИХ байв. Шинэ батлагдсан ТЭЗҮ-гээр жилдээ 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолжээ. Судалгаагаар Монгол Улс жилдээ 260-270 мянган тонн арматур хэрэглэдэг. Цаашид ч энэ хэрэглээ өсөх нь ойлгомжтой. Тиймээс 350 мянган тонн арматур үйлдвэрлэхэд Монгол Улсын дотоодын хэрэгцээг хангаад явах боломжтой. ТЭЗҮ-д дурдагдсан тооцооллоор одоо зарагдаж буй арматураас 20 орчим хувийн хямд өртөгтэй хийгдэх аж.

-Төр “гөжүүдэлж” суугаад, төслийн ирээдүйг зураглахад ч хүндрэлтэй болгов-

Монгол Ган цогцолбор нь эрдэс баялгаас ган үйлдвэрлэх зорилгод хүрэхийн тулд олборлолтоос эхлүүлэн бүхий л шат дамжлагуудад хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлж байгаагийн хамгийн сүүлийн шатны чухал төсөл. Ажил ид өрнөж байж. Нэгэнт төр шийдвэрээ гаргасан. Гэсэн хэдий ч төслийн цааш цаашдын ирээдүйг өнөөдөр зураглая гэхэд ч хүндрэлтэй байдалд ороод байна.

Концессын гэрээний хүрээнд гангийн үйлдвэрлэл барих ажлын үйл явц, тулгарсан асуудал зэргийг дүгнэхгүйгээр цуцалсан. Өнгөрсөн хугацаанд “Кью Эс Си” ХХК-ийн зүгээс бодит нөхцөл байдлыг ямар асуудлууд байсан, шийдлүүд нь юу байв зэргийг ярилцахгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байгаагаа мэдэгдсээр байгаа юм.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан эдийн засгийн ач холбогдол бүхий эл төслийг улс төржүүлж, асуудалд хувийн “тоглолт” хийхгүй байх чухал байна. Төр энэ байдлаараа гөжүүдэл суусаар байвал Төмөрлөгийн үйлдвэр ТЭГ ЗОГСОЖ, ирэх жил “Хөтөл“-ийн цемент ч үгүй, Дарханы ГАН ч үгүй болох нь.

Цонх угаадаг залуу гурван давхраас унах гэж байсан хүүхдийг аварчээ
Цонх угаадаг залуу гурван давхраас унах гэж байсан хүүхдийг аварчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.