Эрх баригчид өчигдөр “давхар дээл”-ний чагт болсон Үндсэн хуулийн зүйл заалтыг Цэцийн тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг 62 гишүүнээрээ өргөн бариулж, олонхоороо кнопдож хүчингүй болгов. Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ УИХ-ын хэдэн ч гишүүн оруулах боломжтой боллоо.
Тэгвэл өчигдрийн санал хураалтад Ардын намынхан нэлээн барьц алдаж харагдлаа. Учир нь 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг батлахын тулд заавал УИХ-ын нийт гишүүдийн 4/3-ын ирцтэй, 57 гишүүн гишүүн дэмжсэн шаардлага үүссэн. Харин өчигдрийн чуулганы хуралдаанд нийт 62 гишүүн оролцож, Т.Доржханд гишүүн ганцаараа эсрэг санал өгөв. Харин үлдсэн 61 гишүүний нэрсийг харахад улс төрийн олон зүйл уншиж болохоор байлаа.
Тодруулбал, МАН-ын нийт 62 гишүүнтэй “бүдүүн” бүлгээс нь өчигдөр 55 гишүүн “давхар дээл” тайлах Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж кнопдсон. 7 гишүүн нь хуралдаа оролцсонгүй. Хэрвээ мягмар гарагт эрх баригчид О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар нь зөвшөөрч АН-ын бүлгийн Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Ганибал, С.Одонтуяа, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 6 гишүүн дэмжээгүй бол хуулийн төсөл нь унах байлаа.
Хэрэв хуулийн төсөл нь унасан бол сайдаа тодруулах гээд бантагнаж байгаа дээрээ улам зутагнаж, улс төрийн ацан шалаанд орох байв. Нөхцөл байдал эвгүйтэх магадлалтайг мэдэрсэн МАН-ынхан өчигдөр өглөө бүлгийн хурлаа цомхон хийж, Ерөнхий сайд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийг санал хураалтад идэвхтэй оролцож, хариуцлагатай хандаарай. Хэрэв эсрэг санал өгөх болон хариуцлагагүй хандсан хүмүүст намаас сахилгын хариуцлага тооцно гэж хатуухан сануулсан” гэх мэдээлэл бий.
Тэгвэл хуралдаа суугаагүй Ж.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Б.Жавхлан гэх 7 гишүүний асуудлыг Ардын намынхан хэрхэн харж байгаа вэ. Хуралд оролцохгүй “зугтана” гэдэг бол “Давхар дээл”-ийг явуулах гэсэн намын бодлогыг сөрж байгаагийн тод илрэл.
Гарцаагүй хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг бол ойлгоно. Харин гадаад, дотоодод томилолттой явааа гишүүдийг бол “Давхар дээл”-ийг хүлээн зөвшөөрөх байгаа гэж ойлгоход үнэнээс хол хазайхгүй. Яагаад гэвэл өнөөдрийн энэ улс төрий процессын “хар зураг” аль уже наадмын үеэр л гарсан. Ээлжит бус чуулган зарлах нь ч тодорхой, ямар хуулиудыг хэлэлцүүлэх нь үнэн хэрэгтээ тодорхой байсан. Тийм атал чухал санал хураалттай гэж байхад дэлхий хаанаас ч хүрээд ирэх боломж гишүүдэд бий юу гэвэл бий.
Мөн Ц.Даваасүрэн гишүүн ээлжит бус чуулганд оролцсон. Т.Аюурсайхан гишүүн өмнөх долоо хоногт нь ҮХЦ-ээс тогтоол гаргуулсан намынхаа удирдлагуудыг шүүмжилчихээд ээлжит бус чуулганы үйл явцад оролцсонгүй. Тиймээс ил тод намын бодлогоо эсэргүүцсэн энэ хоёр гишүүнд нэн түрүүнд сахилгын асуудал яригдах болов уу. Харин өчигдөр байнгын хорооны хуралд оролцож байсан Сангийн сайд Б.Жавхлан санал хураалтад оролцоогүй нь хачин, сонин асуулт болж байх шиг. Сайдаараа үлдэж Сангийн яамаа үргэлжлүүлэх амбиц байгаа хүн ямар шалтгаанаар чухал санал хураалтад оролцсонгүй вэ. Байнгын хороон дээр өвчтэй гэж нэр дуудуулж байсан Б.Баярсайханаас эхлээд зарим гишүүд чуулган дээр ирж саналаа өгч байна лээ.
Ерөнхий сайд, намын дарга нь хатуу сануулга өгсөөр байхад чухал санал хураалтад ирээгүй, оролцоогүй хүмүүстээ сахилгын ямар арга хэмжээ авах вэ. Хамгийн нэгдүгээрт, сайд болон байнгын хорооны томилгоонд нэрийг нь оруулахгүй байх. Хоёрдугаарт, Т.Аюурсайхан гишүүний дэд даргын асуудлыг ярьж магадгүй юм. Гуравдугаарт, намын хяналтын хорооноос ямар нэгэн сахилгын шийтгэл ноогдуулж болзошгүй.
За, ямартаа ч АН-ын бүлгийн 6 гишүүн байгаагүй бол МАН-ынхан “тэнгэр” харах дөхсөн аюултай санал хураалт өчигдөр болж өнгөрлөө.
Г.Лхагвадорж