Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19 вирусний оношлогоог хэрхэн хийдэг вэ?

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
7 минут 7 секунд

Шинэ короновирусний цар тахлыг хязгаарлах гол хүчин зүйлсийн нэг нь тухайн вирусийг алдаагүйгээр зөв илрүүлэх явдал юм. Энэхүү вирусний халдвар нь шинэ төрөл учир түүнийг оношлох шинжилгээний арга техник нь сүүлийн хэдхэн сарын дотор боловсруулагдсан бөгөөд шинжилгээний хариуны найдвартай байдал дээр олон нийтийн зүгээс ч эргэлзээтэй байдал үүсэх болсон. Иймээс COVID-19 вирусний оношлогоонд хэрэглэж байгаа шинжилгээний аргууд ямар зарчмаар ажилладагийг тайлбарлая.

Өнөөдрийн байдлаар COVID-19 вирусний оношлогоонд молекул биологийн болон серологийн шинжилгээний гэсэн 2 үндсэн аргыг хэрэглэж байгаа бөгөөд эдгээр аргууд нь тухайн хэрэглэх нөхцөл байдал, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хүрэлцээ хангамж гэх мэт олон хүчин зүйлсээс хамааран сул болон давуу талуудтай аргууд юм.

Молекул биологийн шинжилгээ – Real-time PCR

Юуны түрүүнд энэхүү арга нь халдварын идэвхитэй үед буюу тухайн үйлчлүүлэгчийн биед вирус болон түүний удмын мэдээлэл (ген) агуулагдаж байгаа тохиолдолд ЭЕРЭГ гэж оношлодог гэдгийг ойлгох нь зүйтэй. Харин өвчин гүйцэт эдгэрсэн үед хариу СӨРӨГ болно. Учир нь тус шинжилгээгээр вирус дотор агуулагддаг удмын мэдээлэл буюу РНХ-г илрүүлдэг. Байгаль дээрх бүхий л амьд биетүүдийн эсүүд өөрийн удмын мэдээллийг агуулдаг бөгөөд бактер, вирус гэх мэт бичил биетийн хувьд удмын мэдээлэл нь харьцангуй төстэй боловч тухайн вирусний бусад вирусээс ялгах өвөрмөц хэсэг бий. COVID-19 вирусний хувьд энэхүү өвөрмөц хэсэг нь SARS-CoV-2 хэмээх ген юм.

Real-time PCR гэдэг нь энгийн нүдэнд үл үзэгдэх бичил түвшинд молекулуудыг салгах, хувилах, нийлүүлж угсрах гэх мэт маш нарийн олон үе шаттай ажилбар юм. Шинжилгээний сорьц нь шүлс, хоолой залгиурын арчдас гэх мэт тухайн вирусийг агуулж байж болох ямар ч эд байж болно. Тус шинжилгээгээр вирусний тухайн өвөрмөц хэсгийг таслан авч, полимераза хэмээх “ОЛШРУУЛАГЧ” ферментийн тусламжтайгаар хэдэн мянга дахин хувилж, тусгай өвөрмөц анализаторын тусламжтайгаар тухайн генийн хэсгийг илрүүлдэг. Иймээс шинжлүүлэгчээс авсан сорьцод вирусний РНХ маш цөөхөн байсан ч илрүүлэх боломжтойгоос гадна тухайн вирусний генийн өвөрмөц хэсгийг илрүүлж байгаа учир өөр вирусний халдвартай андуурагдах боломж байхгүй. Иймээс одоогийн байдлаар вирусний халдварыг оношлох алтан стандарт гэж тооцогдож байна. Гэхдээ энэхүү шинжилгээний аргачлал нь олон нарийн үе шаттай нарийн нийлмэл үйл явц гэдгээс гадна шинжилгээ хийж буй мэргэжилтний ур чадвар, шинжилгээнд хэрэглэж буй урвалж бодисуудын чанар гэх мэт олон хүчин зүйлсээс хамааран хуурамж ЭЕРЭГ хариу гарах тохиолдол байда байна. COVID-19 вирусний Real-time PCR шинжилгээний нарийвчлал 80% гэж үзэж байна. Ижил төстэй бусад амьсгалын замын халдваруудын хувьд энэ үзүүлэлт мөн л 70-80 хувь байдаг байна.

Серологийн шинжилгээ – Эсрэг биет илрүүлэх урвал

Бидний биеийг халдвараас хамгаалах үүрэг бүхий, олон төрлийн зэвсэглэл бүхий дархлааны систем гэх иж бүрэн хамгаалалтын тогтолцоо ажиллаж байдаг. Энэхүү хамгаалах тогтолцооны нэг хэсэг нь шингэний дархлаа гэж нэрлэгддэг хамгаалах механизм юм. Биед нэвтрэн орж халдвар үүсгэдэг гадны биетийг эсрэгтөрөгч (antigen) гэдэг. Дархлалын системийн В лимфоцит хэмээх эсүүд биед халдвар үүсгэгч орж ирэхэд зөвхөн түүнд түлхүүр цоож мэт яг таарах өвөрмөц уургийг нийлүүлэгжүүлж эхэлдэг бөгөөд үүнийг эсрэг бие гэж нэрлэдэг. Эсрэгбиет цусаар эргэлдэх явцдаа биед гаднаас нэвтэрсэн эсрэгтөрөгчтэй холбогдох бөгөөд эсрэгтөрөгч-эсрэгбиет хоорондоо холбогдсныг дархан бүрдэл гэж нэрлэдэг. Улмаар үүссэн дархан бүрдлийг дархлааны системийн залгиур эсүүд залгиж устгаснаар биеийг халдвараас хамгаалдаг. Халдвар биеэс зайлуулагдсны дараа тухайн өвөрмөц эсрэгтөрөгчид тохирох эсрэгбиет ялгаруулсан В лимфоцитууд санамжийн эс болж хувирах ба хэдэн сараас хэдэн арван жил цусанд хадгалагдах ба тухайн халдвар биед дахин нэвтрэх үед өвөрмөц эсрэгбиетээ шууд ялгаруулахад бэлэн байдалтай байна. Ийм санамжийн эсүүд үүсэхийг дархлаа тогтох гэж нэрлэдэг.

Серологийн буюу ийлдэс судлалын шинжилгээг шинжлүүлэгчийн цусанд эсрэгбиетийг байгаа эсэхийг тогтоодог. Үүний тулд эсрэг биеттэй холбогдох эсрэгтөрөгчийг гаргаж авсан байх шаардлагатай. Маш энгийнээр тайлбарлахад цусны ийлдэсээс дээж авч эсрэгтөрөгчтэй холиход дархан бүрдэл үүсэж байвал биед вирусний халдвар орсон бөгөөд дархлааны систем тухайн вирусын эсрэг ажиллаж эсрэг биетүүдийг боловсруулаад эхэлсэн гэдгийг илтгэнэ. Эсрэгбиетүүд нь IgG болон IgM гэсэн 2 төрөлтэй байж болох бөгөөд халдвар хурц үедээ байгаа бол IgM, халдвар эдгэрч, санамжийн эсүүд үүссэн бол IgG ялгардаг. Тэгэхээр энэ шинжилгээгээр тухайн хүн вирусний халдвар авсан эсэхийг тогтоохоос гадна халдвар аль үе шатандаа байгааг тогтоож болно. Шинжилгээнд хэрэглэж буй хурдавчилсан тестүүд нь энэ төрлийн шинжилгээнд хамаарах бөгөөд өвөрмөц тоног төхөөрөмж, нарийн ур чадвар, цаг хугацаа шаардагдахгүй гэх мэт давуу талуудтай боловч COVID-19 халдварын хувьд зарим тохиолдолд хуурамч эерэг хариу гарах боломжтой байгаа нь томоохон сул тал болж байна. Иймээс хурдавчилсан сорилын хариуг Real-time PCR аргаар батлах шаардлагатай болж байгаа юм.

Гэхдээ эмнэлэгийн практикт өдөр тутам хэрэглэгддэг, маш өндөр нарийвчлалтай жирэмсний тест, элэгний В,С вирус, тэмбүү оношлох хурдавчилсан тестүүд бүгд л энэ зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Иймээс тодорхой хугацааны дараа COVID-19–ын хурдавчилан тестийг хөгжүүлснээр өртөг багатай, хурдан хугацаанд оношлогоо хийх боломжтой аргачлал болох боломжтой юм.

Алтанбулаг боомтоор орж ирсэн 49 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 49 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүллээ
 
Өрхийн дундаж орлого 2.6 сая төгрөг байна
Өрхийн дундаж орлого 2.6 сая төгрөг байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.