Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 47 секунд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан эрт дээр үеэс Монгол, Турк хоёр улс нь түүх, соёлоороо холбогдож ирсэн бөгөөд Монгол, Туркийн дипломат харилцааны 56 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, энэ хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа улам бүр тэлж байгааг онцоллоо.

Сүүлийн жилүүдэд барилгын салбар, барилгын материалын худалдаа эрчимтэй тэлж буйг сайшаан тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 01 дүгээр сард Турк Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэхэд чухал түлхэц болсон бөгөөд айлчлалын үеэр хот байгуулалт, барилга, боловсрол, соёл зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны талаар тодорхой ойлголцолд хүрснийг Монголын тал онцоллоо.

Мөн Хархорин хотыг сэргээн хөгжүүлэх төсөлд Турк Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г Туркийн хөрөнгө оруулалтаар боловсруулах саналыг тавив. Талууд орон сууцжуулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, 2024 онд үзэглэгдсэн “Орон сууцжуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Турк Улсын загварыг судлан нэвтрүүлэх талаар санал солилцов.

Монголын тал мөн усны нөөцийн тогтвортой менежмент болон гадаргын ус ашиглалтад Турк Улсын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Анкара хотод ашиглагдаж байгаа гадаргын усыг боловсруулах технологийн шийдлийн талаар мэдээлэл солилцов. Мөн Улаанбаатар хотын төвийн төвлөрлийг сааруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Залуус-1” жишиг хорооллын төслийг нөгөө талд танилцуулж, орон сууц, нийгмийн дэд бүтэц, бизнесийн байгууламжийн бүтээн байгуулалтад туркийн компаниуд хөрөнгө оруулах боломжтойг мэдээлэв. Төслийн нийт өртөг 1.6 их наяд төгрөгөөр тооцогдож буйг дурдлаа.

Уулзалтын төгсгөлд талууд барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган өргөжүүлэх эрмэлзлээ дахин нотлов.

Ө.Шижир: 6 тэрбумын зээл чинь 6 тэрбумын хүүтэй болоод 12 тэрбум ам.долларт хүрсэн
Ө.Шижир: 6 тэрбумын зээл чинь 6 тэрбумын хүүтэй болоод 12 тэрбум ам.долларт хүрсэн
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!