Нам, засгаа бүтэн контролдсон У.Хүрэлсүх 2027 онд ПУТИН маягийн эргэн ирэлт хийх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 25 секунд

Ардын нам парламентын толгой дээр зоргоороо гарлаа. Уг нь Үндсэн хуульд олонх болсон нам парламентын даргыг санал болгоно гэж заагаагүй. Харин УИХ-ын тухай хууль нь Үндсэн хуулийн энэ агуулгатай зөрчилдөж “Олонхын бүлэг УИХ-ын даргыг нэр дэвшүүлнэ” гэснээр хамаг будилааны үндсийг тавьж өгчээ. Саруул ухаан биш юмаа гэхэд эрүүл ухаантай улсад бол энэ зөрчилдөөнтэй хуулийг гялс засах учиртай. Гэвч манайд эсрэгээрээ.

Энэ бүгд дүүрч. МАН-ын Их хурал хуралдаж, парламент дээрх томилгоо үндсэндээ явчихсан учраас одоо улс төрийг нь том зургаар нь харж болох өнцгүүд бидний өмнө байна.

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нэгдүгээрт, аймхай байлаа. Хоёрдугаарт, барьцаатай байв. Ингээд бүхэл бүтэн нэг үе нуран уналаа. Одоо бүх улс төрийн “тоглолт” Ерөнхийлөгчийн талынханд шилжив. Ингэснээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын даргын дүрээр, цаашлаад Ерөнхий сайдад горилогчийн дүрээр У.Хүрэлсүх эргэн ирэх нөхцөлүүд бүрэн бүрдлээ.

НЭГ, Нам, засаг, парламент гээд бүх зүйлийг Ерөнхийлөгчийн тал контролдож эхэллээ

Сая болж өнгөрсөн улс төрийн “зодоон”-ы цаана Ерөнхийлөгчийн тал болон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчдийн хэн нь намдаа засаглах вэ гэсэн тэмцэл байсан тухай өмнөх нийтлэлээрээ өгүүлсэн.

Сая болсон процессын дараа парламентын тэргүүнээр У.Хүрэлсүхийн зөвлөхийн дүрээр том улс төрд орж ирээд аав хүүгийн харьцаанд хүрсэн Н.Учрал сонгогдлоо. Ерөнхий сайдаар нь бараг 20 жил холдож будилаагүй Г.Занданшатар нь баталгаажиж үлдлээ. Намын даргаар нь өнөөх Н.Учрал сонгогдов. Ардын намын генсекээр Тамгын газрын дарга асан Я.Содбаатараа үргэлжлүүлэн томилуулав.

Ингээд УИХ, Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бодлого нэгэн дуугаар хэрэгжих нөхцөл бүрдсэн. Намынхаа бүхий л үйл ажиллагаанд хүссэнээрээ оролцох боломж Ерөнхийлөгчид гарч ирлээ.

ХОЁР, Бага хурлын 40 хувь, Удирдах зөвлөлийн 60 хувь, нарийн бичгийн дарга нарын 80 хувьд У.Хүрэлсүхийн талын хүмүүс томилогдов

БАГА ХУРАЛ - Сая болж өнгөрсөн МАН-ын Их хурлын дараа нэг зүйлийг ажиглавал Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтэц нь Ерөнхийлөгчийн хүмүүс олноороо оров. Бага хурлын гишүүдийнхээ тоог 597 болгож өргөтгөсөн. Аймаг, дүүргийн намын хороо бүрд Ерөнхийлөгчийн квотоор хүмүүс орсон гэгдэж байна. Нээрээ ч захаас нь харахад, Говь-Алтайд гэхэд түүний орон тооны бус зөвлөх Ш.Амарсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын Г.Гандөл, Архангай аймагт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн шадар туслах О.Мишээл, зөвлөх байсан Б.Мөнхжин. Баян-Өлгийд түүний зөвлөх байсан Б.Даваадалай зэрэг танил нэрс олноороо харагдаж байна. Энэ маягаар аймаг, дүүрэг бүрд өөрийн хүмүүсээ оруулжээ. Дээр нь нэмээд намын квотоор ч гэсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Ч.Лодойравсал, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Пүрэвдагва гэх зэрэг маш олон хүмүүс багтсан. Эдгээрээс гадна Г.Занданшатар, Н.Учрал, Я.Содбаатар гээд түүний төлөөний хүмүүс орно. Эдгээр хүмүүсийнх нь хүмүүс олноор орно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага хурлын гишүүдийн бараг 40-50 хувийг бараг шууд хамааралтай хүмүүсээрээ бүрдүүлжээ. Үүн дээр Я.Содбаатар, Г.Занданшатар, Н.Учрал, Ж.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн Бага хуралд оруулсан гишүүдийг нэмэхэд Ардын нам дотор хэнийг ч “баас” болгож чадах олонх юм. Хүсвэл хэнийг ч нь лидер болгож дөнгөх хүч юм.

УЗ: МАН-ын сая бүрдсэн Удирдах зөвлөл 39 хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээрийн 60 хувь нь шууд Ерөнхийлөгчийн гарын болон талын хүмүүс байгаа нь харагдаж байна. Энэ дунд Сү.Батболдын хоёрхон хүн, М.Энхболдын нэг, Н.Энхбаярын хоёр хүн, Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нарын арав хүрэхгүй хүмүүс багтсан. Гэвч ихэнх нь квотын хүмүүс гэсэн үг. Жишээ нь Хотын дарга, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн нар солигдвол оронд нь хэний хүн орж ирэх вэ гэдэг асуудал. Ийм хэмжээний Удирдах зөвлөл дээр ямар шийд хамгийн хурдан гарах вэ гэдэг сонирхолтой.

НБД нар: Товчхондоо бол таван нарийн бичгийн даргын дөрвийг нь У.Хүрэлсүхийн тал авсан. “Андууд” хамтлагийнх нь бөмбөрчин Манлайжавын хүү Цэлмүүн, хэвлэлийн зөвлөх Ө.Золбаяр гээд шууд болон шууд бус хамааралтай дөрвөн хүн орж ирсэн. Нарийн яривал Н.Энхбаатар ч гэсэн Ерөнхийлөгчийн нөмөр нөөлгөөр л улс төрд орж ирсэн. Сүүлд Л.Оюун-Эрдэнэ талыг барьчихсан болохоос биш.

Ингээд хоёрдугаар хэсгийг бүхэлд нь харвал Ардын нам дээр шийдвэр гарах бүхий л хэсэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэгддэг хүмүүс томилогджээ. Ийм байхад Ардын нам нэрээ У.Хүрэлсүхийн нам болгож сольсон ч чадахаар байна гэсэн үг.

ГУРАВ, 2027 оны дараа “Путин” маягийн эргэн ирэлт

Тэгвэл төрийн институци, хуулийн байгууллагууд, эрх баригч Ардын нам гээд Монгол Улсын шийдвэр гаргах хэмжээний мөнгөтэй, нөлөөтэй бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талынхан хуу хамж авлаа. Ингэснээр эрх мэдлийн тэнцвэр алдагдаж жинхэнэ утгаараа хууль биш хүн засагладаг нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын автор нь ч У.Хүрэлсүх байсан. Тэр л энэ хоёр залууг болоогүй байхад нь өндөрт шидэж, нөгөө хоёр нь өндрөөс буухгүй юм шиг аашилж байгаад чангаар унасан юм.

Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийг 2017 оноос хойш 10 орчим жил контролдсон хүн бол гарцаагүй У.Хүрэлсүх юм. Тиймээс өнөөдрийн түүний угсарсан бүтэц дахиад арав орчим жил Ардын намаар дамжуулж Монголын улс төрд нөлөөтэй оролцож, контролдох гэсэн гал эрмэлзэлтэй байж мэднэ.

Тэр үйлдэл нь 2027 оны сонгуулийн дараа цаг нь болохоор Ардын намын дарга, дараагийн Ерөнхий сайд гэсэн хүлээлттэйгээр У.Хүрэлсүх эргэн ирж болох гарц юм. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо хашиж буй албаныхаа замналыг дуусгаад юу хийх талаараа нэг ч үг унагаагүй. Ойрын хүмүүс нь дахин нэр дэвших асуудлыг ярьж улс төрийн хов хэрүүлийг эхлүүлсэн гэхээр улс төрийн идэвхтэй байдлаа Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа дуусгахыг хүсэхгүй байна гэсэн үг байх. Хэрвээ тэр Н.Энхбаяр, Х.Баттулга нар шиг улс төрийг үргэлжлүүлэн хийхээр шийдвэл Ардын намын бүх хаалга, цонх түүний өмнө онгорхой болов.

Үгүй, ядаж нэрээ хичээгээд хойшоо суувал бүхнийг алсаас нэг хэсэгтээ л контролдох боломж бүрдлээ.

Энэ бүх технологийг харахад В.Путин 2008 онд Дмитрий Медведев гэх “Тоглоомын Ерөнхийлөгч”-ийг гаргаж ирээд өөрөө Ерөнхий сайдаар дөрвөн жил ажилласан түүх Монголд давтагдах магадлалтай л харагдаж байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч тохиолдолд У.Хүрэлсүхийн талын хүн л нэр дэвшинэ.

Үйл явцыг хамтдаа үргэлжлүүлэн ажиглацгаая

П.Наранбаяр: Сурагчдын амралтыг яам шийднэ. Нөхцөл байдлыг нарийн харах хэрэгтэй
П.Наранбаяр: Сурагчдын амралтыг яам шийднэ. Нөхцөл байдлыг нарийн харах хэрэгтэй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!