Ж.Дэлгэрсайхан: Татварыг өршөөх нь асуудлыг хүндрүүлчихээд, түр хугацаанд “залруулах” гэж байгаа л үйлдэл

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
8 минут 19 секунд

Өнөөдрийн байдлаар нийт 320 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж 6.5 их наяд төгрөгийн татвар өр, алдангитай гэх мэдээлэл бий. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс татварын өршөөлийн буюу Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн мэдүүлэх талаараа мэдэгдсэн.

Энэ талаар эдийн засагч, СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Та эдийн засагч хүний хувьд татварын өршөөлийн асуудал дээр ямар байр суурьтай явдаг юм бэ?

-Ер нь татварыг өршөөх нь өөрөө асар их эргэлзээтэй асуудал. Миний хувьд энэ асуудалд дэмжихгүй байр суурьтай байна. Харин Монголд татварын бодлого хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Өнөөдөр Монгол Улсын татварын бодлого хаашаа чиглэж ирсэн юм бэ гэдэг нь чухал. Монгол Улсын эдийн засгийн суурь асуудал нь юу вэ гэдгийг ойлгож байж бид өршөөлийн асуудлыг шийдэх ёстой. Нэг удаагийн өршөөлөөр асуудлыг шийдэж чадахгүй болов уу гэсэн байр суурьтай байна.

Өнөөдрийг хүртэл татварын болон бусад чиглэлд хийж байгаа алхмууд нь асуудлыг хүндрүүлдэг, улмаар нэг удаагийн шинж чанартай үйлдлээр асуудлыг шийдэх гэж оролддог нь бидний том алдаа. Багш, эмч нарын цалин болон боловсролын салбарын асуудал гэх мэт асуудлууд нь олон жилийн буруу бодлогын дүнд даамжирч ирсэн зүйл.

-Энэ удаад ярьж байгаа нь анхных биш. Өмнө нь 2008, 2015 он гээд хоёр ч удаа өршөөл үзүүлж байсан. Үүний үр дүн нь ямар байсан юм бэ?

-2015 оны татварын өршөөл нь тухайн цаг үедээ эдийн засгийн хүндрэлтэй мөн НӨАТ-ыг хэрэгжүүлэх цаг хугацаатай давхцаж таарсан гэдэг утгаараа эерэг тал нь эдийн засагт байсан сул чөлөөтэй, нуугдмал 30 гаруй их наядын хөрөнгүүдийг ил болгож чадсан байдаг. Харин татварын өршөөл үзүүлснээр хэнд үр ашиг нь очиж, Монгол Улсын эдийн засгийн гол асуудлыг шийдэж чадсан уу гэвэл “Үгүй” гэж хариулна. Тийм учраас татварыг өршөөнө гэдэг нь асуудлыг хүндрүүлчихээд, түр хугацаанд “залруулах” гэж байгаа л үйлдэл.

-Татварыг бууруулна гэхээр төсвийн орлого буурч байна гэж ойлгож болохгүй-

-Тэгвэл урт хугацаандаа татварын бодлогыг зөв байлгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Монгол Улсын татварын орлого нэмэгдсээр ирсэн. Ялангуяа, 2020 оноос хойш нүүрсний салбарын сэргэлттэй холбоотойгоор татварын орлого ДНБ-ий 34-35 хувийг эзэлж байсан үе бий. Одоо энэ орлого буцаад буурч байна. Өнөөдрийн татварын орлогын бодлого бол төрийг санхүүжүүлэх чиглэлээр хэт төвлөрсөн, төсвийн орлого нь тэлсэн ийм байдалтай байна. Тийм учраас Монгол Улсын татварын тогтолцоог бүрэн шинэчилье гэвэл иргэд, ААН-үүдэд ээлтэй байдлаар татварыг бууруулах хэрэгтэй. Татвар бууруулна гэхээр төсвийн орлого буурч байна гэж ойлгож болохгүй. Богино хугацаанд дарамт ирж болно. Урт хугацаандаа Монгол Улсын эдийн засаг тэлэх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх гээд олон асуудал байна. Цалин хөлсийг бодитоор нэмэгдүүлж чадахгүйгээс болж хөдөлмөрийн бүтээмж өсөж өгөхгүй байна.

Гэтэл эрдэс баялгийн салбараас олсон орлогоороо төсвөө санхүүжүүлээд, урсгал зардлыг нэмэгдүүлээд байгаа нь бусад ААН-үүдэд дарамт авчрах эрсдэлийг дагуулна. Учир нь уул уурхайн салбар байнгын өндөр орлоготой байж чадахгүй, мөчлөг дагадаг салбар.

Тиймээс иргэдийн орлогыг бодитоор дэмжиж, ААН-үүдийн өргөжих боломжийг бүрдүүлсэн татварын бодлогын шинэчлэл бидэнд хэрэгтэй байгаа.

-Одоогийн байдлаар 320 мянга гаруй иргэн, ААН 6.5 их наядын татварын өртэй байна. Сүүлийн нэг жилд хоёр дахин өссөн шалтгаан нь юу байв?

- Эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг бид харж байна. 2022-2024 он харьцангуй таатай байсан. Статистик мэдээллээс харвал, эдийн засгийн өсөлтөд худалдаа, үйлчилгээний салбарын орлого буурсан нь сөргөөр нөлөөлж буй байдал харагдаж байгаа. Шулуухан хэлэхэд, өнөөдрийн татварын нөхцөл байдал богино хугацаанд эдийн засаг доройтсонтой холбоотой. Суурь шалтгаан нь Монгол Улсын татварын бодлого иргэд, ААН-үүддээ ээлтэй бус байна.

Олон ААН татварын өртэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэг удаагийн шийдвэрээр өршөөх нь асуудлыг бүрэн шийдэж чадах уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Хэрвээ бид татварыг нэг удаа өршөөгөөд, багш, эмч нарын цалинг нэг удаа нэмээд асуудлыг шийддэг бол эдийн засаг хэт амархан харагдана.

-Саяхан батлагдсан ирэх оны төсөв иргэд, ААН-үүдэд татварын талаар хэр нааштай байдлыг авчрах бол?

-Бодлогын хувьд ирэх оны төсөв харьцангуй эерэг болсон. Учир нь төсвийн зардал 2021-2023 онд өндөр өсөлттэй байсан. Өөрөөр хэлбэл, нүүрснээс олсон орлогоо дагаад төсвөө хэт тэлсэн. Гэтэл ирэх оны төсвийн зарлагыг бууруулсан. Зардлын өсөлтөөс шалтгаалаад ДНБ-д эзлэх төсвийн зарлага 38 гаруй хувьтай болсон байсныг ирэх оны төсөвт 32.2 хувь болгож бууруулсан байна. Нөгөө талдаа татварын шинэчлэл хийх эхний оролдлогуудыг “хойшлуулсан”. Энэ нь мэдээж улс төрийн нөхцөл байдал болон багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд 900 гаруй тэрбум төгрөг гаргах болсонтой холбоотойгоор энэ асуудал хойшилсон гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, татварын шинэчлэл тал дээр харьцангуй ухралт боллоо.

-Бүтээмжгүйгээр цалин нэмээд байгаа нь эдийн засаг талаасаа тийм ч сайн зүйл биш-

-Багш, эмч нарын цалинг нэмсэнтэй холбоотойгоор хувийн хэвшлүүд ч цалингаа нэмэх шаардлага үүссэн. ААН-үүд цалингаа нэмье гэхээр татвар, НДШ нь дарамт болдог шүү дээ. Үүн дээр таны байр суурь?

-Цалин хөлс бол макро эдийн засгийн суурь бодлого байх ёстой. Нэг шаардлагаар эсвэл улс төрийн шийдвэрээр нэмдэг зүйл биш. 2015 оноос хойш Монгол Улсын эдийн засаг болон төсвийн орлого, зарлага, мөнгөний нийлүүлэлт 4-7 дахин өссөн байдаг. Гэтэл Монгол Улсын бүтээмж 20-хон хувиар өссөн. Тэгэхээр бүтээмжгүйгээр цалин хөлсийг нэмээд байгаа нь эдийн засаг талаасаа тийм ч сайн зүйл биш. Эргээд инфляц, үнийн өсөлтийг бий болгох үйлдэл. Цалингаа нэмүүлж чадсан талуудын хувьд ч гэсэн нийгмийн суурь асуудлыг нь шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Богино хугацаанд нэрлэсэн орлого нь өсөх байх. Дунд, урт хугацаандаа дахиад л энэ асуудалтай 3-4 жилийн дараа тулгарахад гайхах зүйл байхгүй л болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

Намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын гишүүд АНУ-д ажиллах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзжээ
Намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын гишүүд АНУ-д ажиллах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!