
"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол өнөөдөр эхэлж байна.
Сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй.
Энэ үеэр сонсгол даргалагч УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Нийт 92.467 хуудас баримт цуглуулсан ч 51 хувь нь байгууллагын, төрийн, албаны, "МАШ НУУЦ" гэсэн тамгатай байсан учраас ашиглаж чадахгүй байна. Яагаад хуудас бүр дээр НУУЦЫН ТАМГА дарсан юм бэ" гэв.
Үүний хариуд Оюутолгой компанийн төлөөлөл "Эдгээр мэдээллүүд нь НУУЦ гэхээс илүү олон нийтэд гаргаад байдаггүй мэдээллүүд" гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Иргэд нэг уурлавал магадгүй тэрнээс ч том юм болохыг үгүйсгэхгүй шүү. Хардлага төрүүлээд байгаа учраас оффист чинь аюулгүй байдал алдагдаад байгаа юм" гэлээ.
"Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Нууцын тэмдэг нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл болохыг тодорхойлсон тэмдэглэл. Хянан шалгах албаны хэрэгцээнд бүрэн ашиглаж болно
Гагцхүү олгогдсон мэдээллийг албаны бус зориулалтаар бусдад тарааж түгээхээс сэргийлж, байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалахыг хүссэн тэмдэглэл юм" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!