
Эрх баригч намынхан гурван сар шахам л амьсгаа дээгүүр гүйлдлээ. Ухаан алдахын даваан дээр арайчүү намын даргатай болж авлаа. Харин тэд ийн гүйж явахдаа ЭВ НЭГДЭЛ гэх улс төрийн имижээ "эрх мэдэл" дээр л тогтож байсныг тод томруун гэгч нь харуулав. Товчхондоо, Х.Тэмүүжин гишүүний хэлдгээр "Амиа золиод ч хамаагүй авах ёстой шидийн суудал"-ын төлөөх энэ "зодоон" лавтай л гурван сар биднийг уйдаасангүй.
За яахав. Энэ хэд маань асуудлаа цэгцлээд авдаг юм байж. Харин одоо бидний асуух ээлж.
Хаачив. Бор тээгтэй холбоотой ХУЛГАЙ?
Сайдаас бууснаасаа хойш аниргүй байсан Б.Энхбаяр МАН-ын даргын сонгуулийн өмнөхөн ёстой л нэг "бөмбөг" дэлбэлсэн. Зүгээр ч нэг "бөмбөг" биш шүү. Хулгайтай, хүн амины хэрэгтэй, нууц нууц чатуудтай гээд ёстой л драма шиг л зүйл болж өнгөрсөн. Харин энд дунд тогтож харах сэдэв нь Бортээгтэй холбоотой хулгайн асуудал байсан юм. Нүүрсний сонсголоор ил болсон ч тодорхой асуудлуудад дарагдсан гэх энэ асуудалд УИХ-ын даргаар ажиллаж байсан, намын даргад горилогч Д.Амарбаясгалангийн нэр холбогдсон юм. Тиймдээ ч маргааш өдөр нь Д.Амарбаясгалан гурван цаг гаруй сэтгүүлчдэд "байцаагдсан". Гэтэл өнөөдөр Бортээгийн ордыг, түүнтэй холбоотой асуудлыг ярих нь бүү хэл дурсах ч улстөрч алга. Эсвэл манай улстөрчид ийм загасны ой санамжтай болчихоо юм болов уу.
Хаачив. Г.Занданшатарын шинэ "илд" Хууль зүйн сайдын тэмцэл?
Бортээгийн асуудлыг хөндөгдөж эхэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Мөнхбаатар сайдтайгаа ч хэлэлцэж, зөвшилцөлгүй Б.Энхбаярыг оронд нь аваачихаа зарласан. Ийн зарлахдаа "Хулгайтай тэмцэхээр Б.Энхбаярыг томилж байна" гэж мэдэгдсэн. Харин шинэхэн сайд маань Бортээгээ бодоод завгүй явна уу эсхүл бодлогын асуудлууддаа дарагдчихав уу. Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл цухуйлгаснаас хойш чимээгүй л явна. Ямартай ч хулгайтай хийх тэмцлээ мартаагүй л гэж найдъя даа.
Хаачив. Өнөөх Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа?
МАН-ын цагаан байрнаас хальсан "зодоон"-д хавчуулагдсан хүн бол Х.Булгантуяа. Шөнөжин коммент уншиж, алх ничигнүүлсэн дарга маань эцэс сүүлдээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг ҮХЦ-ийн шийдвэрийг сонссон. Үүний дараа хэсэгтээ л Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээсээ татагдах уу, хуулийн хариуцлага хүлээх үү гэж бужигнасан. Гэхдээ түүнд оногдуулсан "төрийн хариуцлага" нь УИХ-ын даргаас нь буулгах л байлаа. Энгийн иргэн Үндсэн хууль зөрчсөн бол яах байсан бол. Маш сонирхолтой.
Хаачив. Хуулиа мартдаг Ц.Сандаг-Очир?
Угтаа төрийн ордонд өрнөсөн талцлыг хурцатгасан үйл явцын нэг бол чуулган дээр ТББХ-ны саналаар санал хураасан үйл явдал. Өчигдөр нь ТББХ-ны санал тийм ч чухал биш ээ гээд ярьж явсан ТББХ-ны дарга маань маргааш нь "Үгүй юм байна аа. Санал хураана" гэчихсэн явсан. Үүнээс нь болоод гишүүд ёстой л хоёр талд гарч ээлжилж хэвлэлийн хурал хийцгээсэн. Сүүлдээ Засгийн газар нь ҮХЦ рүү гүйж очсон. Хэдий УИХ-ын шийдвэр гарсан ч ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн санал хураалт гээд дүгнэчихсэн. Эл үйл явцаас хойш ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очирт хариуцлага тооцох эсэх асуудлыг хэн ч дурсаагүй юм.
Хаачив. Ёс зүй, шударга ёсыг шаардаж байсан гишүүд?
Улс төрд мөнхийн дайсан байдаггүй л гэлцдэг. Хоёр талд ээлжилж мэдээлэл хийж, шударга ёс шаардаж байсан гишүүд гол асуудлаа мартчихав уу. Хулгайн асуудлуудаа шалгуул гэж дахин шаардахгүй юм уу, шахахгүй юм уу. Эсвэл хулгай гэдэг нэрийн дор "бууж өг" гэж л яриад явсан юм уу. Та бүхэн их хурлын индэр дээр гар гараа барьж, тас тэврэлдэхдээ хулгайн асуудлаа мартчихсан юм уу. Хэрэв хулгай, намын даргын сонгууль хоёр тусдаа асуудал байсан л юм бол худлаа ч болтугай шаардлагаа тавь
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!