Парламент дээрх “Тоосонд дарагдсан“ батлагддаггүй ХУУЛИУД

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 4 секунд

Бид өмнө нь УИХ ирэх оны төсвөөс өөр хууль батлаагүй талаар нийтэлсэн билээ. Тэгвэл энэ удаад УИХ-д өргөн мэдүүлсэн ч 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд батлагдаагүй яваа хуулийн төслүүдийг онцолж байна. Өөрөөр хэлбэл, дараах хуулийн төслүүд нь парламентын шүүгээнд тоосонд дарагдаад хэвтэж байгаа гэсэн үг.

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газраас 2025 оны 1-р сарын 19-нд өргөн мэдүүлсэн/

Дээрх хуулийн төслийг 1-р сарын 19-нд өргөн мэдүүлснээс хойш бараг жилийн дараа сая л нэг юм анхны хэлэлцүүлэг рүү нь оруулж байна. Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж, улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг УИХ-аас 2014 онд баталсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсаныг хууль санаачлагчид дурдсан юм.

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Б.Уянга, О.Батнайрамдал нар 2025 оны 6-р сарын 27-нд өргөн мэдүүлсэн/

Хууль санаачлагчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохилдолд хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзжээ.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025 оны 5-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн/

Дээрх хуулийн төсөлд тусгасан зарим заалтуудаас дурдвал, 13.14 дүгээр зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан "хуулийн этгээд" гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй.

-Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "мөрдөн шалгах" гэсний өмнө "хууль сахиулагч", "алба хаагч" гэсний өмнө "алба тушаалтан," гэж нэмсүгэй.

5 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “нийгэмд аюултай” гэснийг хассугай.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /2025 оны 7-р сарын 4-нд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан өргөн мэдүүлсэн/

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилжээ.

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын гишүүд 2025 оны 5-р сарын 9-нд өргөн мэдүүлсэн/

Хуулийн төсөлд дараах суурь гурван асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнд:

1. Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

2. Ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

3. Ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг хамаарна.

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025 оны 4-р сарын 1-нд өргөн мэдүүлсэн/

Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Мөн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна.

Түүнээс гадна эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө гэж хууль санаачлагчид үзжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-нд Гэгээн Ширээт Улсад айлчилна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-нд Гэгээн Ширээт Улсад айлчилна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!