
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.08/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотголоо. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээс хүргэж байна.
- Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
- Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.
- Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргасан. Үзлэг энэ 7 хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэв.
Мөн Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бодлогын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалаа.
УИХ-ын гишүүд Евразийн хэлэлцээр үе үеийн Засгийн газрын чухал хэлэлцээр болохыг онцолсон. Малын гаралтай мах, арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүний экспортод ямар өөрчлөлт гарах талаар асууж тодруулав. Худалдааны хэлэлцээр "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо" хөтөлбөртэй нягт уялдаатай байгааг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр онцолсон юм.
Худалдааны хэлэлцээрийн онцлох заалтууд:
1. Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно.
2. Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно.
3. Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана.
4. Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Ингээд хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!