Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн “зовлон” зогсож, МАН-ын шинэ дарга Н.Учралын “толгойны өвчин” эхэллээ. Авлигатай тэмцэнэ гэвэл намтайгаа тэмцэнэ. Асуудлыг шийдье гэвэл намаа шинэчилнэ. Ард түмнээ жаргаая гэвэл өөрөө зовно. Өөрөө жаргамаар байвал ард түмнээ зовооно л гэсэн үг.
Яг одоогийн МАН-ын нөхцөл байдлыг харахад алийг нь ч явуулж чадахгүй “зэлтэрийн гацаа” Н.Учралын өмнө тулж ирэв. Товчхондоо түүнд хоёр л зам бий.
НЭГ,
Ардын намын хуурамч инээд, худлаа найрамдал бол түр зуурынх. Бүгд л ханцуйндаа “хутгатай”, кармаандаа салаавчтай зогсож байгаа. Энэ их талцал, өс хонзон болчихсон намын удирдлагуудаа эвлэрүүлнэ гэдэг үлгэр. Аргалж байгаад тэнцвэрийг нь олоод урагшаа нэг алхах л түүний хувьд гол зорилго нь юм. Тиймээс хүссэн хүсээгүй тэр намаа бүхэлд нь “тэвэрч” авахаас өөр гарцгүй боллоо.
Нам доторх зовлонгоо яая гэж байхад АН-ынхан гэнэтхэн унтаж босож ирээд аюултай улс төр хийчихлээ. Нэмээд хэлэхэд чулууны цаад эзэн нь Ардын нам дотор байгаа юу гэдгийг л сайн мухарлах ёстой байх. Парламентад суудалтай бусад намын гишүүд, өөрийн бүлгийн гишүүдээрээ гарын үсэг зуруулахад “Намын дарга УИХ-ын дарга болохгүй” гэдэг зорилго нь биелэх магадлал асар өндөр харагдаж байна. Дээр нь МАН доторх гомдогсод хүчээ өргөвөл Н.Учрал Ерөнхий сайд руу явах уу, Ерөнхий сайдынхаа дор суух уу гэдэг сонголт руу тулж очно.
Ингээд бодоход Ерөнхийлөгч ахтай. Биш ээ аавтай. Ерөнхий сайд ахтай, генсек ахтай түүнд Ерөнхий сайдын суудал руу тэмцэлдэх боломжгүй үгүй. Энэ тохирооны үндсэн дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр түүнд боломж олгосон. Гэтэл нөгөө талд нь хэзээ мөдгүй улс төр хийх эрсдэлтэй Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар парламент дотор багагүй хүч хуримтлуулчихсан сууж байна. Энэ хэдэд бол Г.Занданшатарыг унагах нь өдрийн бодол, шөнийн зүүд байх учиртай. Өөрөөр хэлбэл, парламентын сөрөг хүчний ч хүсэл.
Харин Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд гэсэн ах нарын нь хүсэл ЗГ-ыг тогтвортой байлгах. Тэгвэл яаж ч хөдөлж мэдэх үеийн залуус нь Н.Учралыг гарцаагүй шахаанд оруулна. Энэ бүгдийг нам доторх Бага хурал, Удирдах зөвлөл, намын томилгоо гээд маш олон зүйл дээр буулт хийж байж л давж гарна. Ингэхийн талууд шууд биш юмаа гэхэд тойрсон хүмүүст нь албан тушаал өгөх байдлаар “тэвэрч” байж давна.
ХОЁР,
Энэ зам бол эрсдэлтэй зам. Гэхдээ эрсдэлтэй ч гэсэн эрүүл зам. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий эв нэгдлээс илүүтэй өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж ял, ямбыг нь зэрэг эдлэх явдал юм. Авлига, хулгайтай холбогдсон нөхдөө хуулийн байгууллагаар шийдүүлж, улс төрийн хариуцлага тооцох гарц юм. Ингэсэн тохиолдолд тоглоомын Бага хурал бүрдүүлэхгүй. Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нараа бусдын гар хөлөөр дүүргэхгүй юм. Ингэсэн нөхцөлд намынхаа барьцаанд орохгүй.
Гэхдээ өнөөдрийн нөхцөлд энэ замыг сонгох ямар ч боломж МАН-ын шинэ даргад байхгүй л болов уу. Тиймээс энэ талаар дэлгэрүүлж бичих нь цагийн гарц.
Ямар ч тохиолдолд Н.Учрал намаа тултал нь тэврээд, баахан худлаа эвлэрэл дунд хоёр жилийг үднэ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!