Ерөнхийлөгчийн УЛС...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 24 секунд

Хоёр сар гаруй дээлээ урагдтал “зодолдсон” Ардын намынхан Н.Учралаа даргаар тавив. Ингээд МАН-ын ойрын хэдэн жилийн улс төрийн “хар зураг” товч, тодорхой бэлэн боллоо. Яг одоо бүгдээрээ эрх баригчдын зураг, зодоон хоёрыг нь илүү том зургаар нь харцгаая.

Товчхондоо, У.Хүрэлсүхийн тал илүү юу, Д.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн тал илүүрхэх үү гэдэг тулаан гурван жил үргэлжилж эцэст нь Ерөнхийлөгчийн тал бүгдийг “туушиндлаа”. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан Монголд “дефакто” ноёрхож эхэлнэ.

Тэдэнд эрх баригч намын дарга, генсек байна. Ардчилсан улсын парламентын олонх байна. Дээр нь нэмээд АН-ын “бөлдөгтэй” хэдэн гишүүд байна. Тамгын даргаараа толгойлуулсан Засгийн газар байна. Цагдаагийн дарга, АТГ-ын дарга, шүүх, ҮХЦ, прокурор гээд хуулийн “хонгил” иж бүрнээрээ байна. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнээ байх уу, улсаа бодох уу гэдэг хоёр сонголтын өмнө гарцаагүй ирлээ. Хэрвээ буруугаар ашиглавал хоёр жил гаруй “галзуураад” эцэст нь нуран унах нь ойлгомжтой.

I АНГИ: Я.Содбаатарыг генсекээс эсэргүүцсэн нь...

Зарим хүмүүс гэнэт л Д.Амарбаясгалан зориг ороод Ерөнхийлөгчийн талтай үзэлцээд эхэлсэн гэж эндүүрээд явна. Үгүй. Түүнд үүнээс өөр сонголт угаасаа байгаагүй. Ер нь МАН дотор өрнөсөн үе хоорондын болон эрх мэдлийн энэ “зодоон” аль эрт 2022 оны 8 сарын 29-ны өдөр эхэлсэн юм. МАН-ын генсек, Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн гурван ангитай өрнөсөн уг “зодоон”-д талууд гурван жил байдгаа барлаа.

Анх 2022 оны 8-р сарын сүүлээр Цэцээр “Давхар дээл”-ийн босгыг алга болгох үедээ Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө цагийг болоогүй гэж тооцоолж байсан Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар оруулж ирснээр гол зүйл хөврөв. Найздаа итгээгүйдээ хажуудаа авч ирсэн үү, найзынх нь тусламж үнэхээр хэрэгтэй болоод дэргэдээ суулгасан уу мэдэхгүй. Гол нь яг энэ томилгооны араас 2024, 2027, 2028 оныг тооцоолж байсан Ерөнхийлөгчийн талынхан шаргуу ажиллаж Тамгын дарга Я.Содбаатарыг МАН-ын генсекээр томилохоор тохиров. Тохироо хэрэгжих өдөр нь 12 сарын 6-ны Бага хурал. Гэвч энэ хурлаас гурав хоногийн өмнө гэнэтхэн “Нүүрсний жагсаал” өрнөж улмаар 20 хоног улс төр, төв талбай хоёр хөл толгойгоо алдав.

Энэ дүйвээнээр Я.Содбаатарын томилгоо “утаарч”, бичиг цаасаа зөөчихсөн байсан Д.Амарбаясгалан генсек намын дүрмээ 2024 оны сонгууль хүртэл зөрчих нөхцөл бүрдлээ.

Ер нь тэр нүүрсний жагсаалын үеэр Их тэнгэр рүү жагсах, онц байдал зарлах яриа гарах, 7 минутад 118 удаа ширээгээ “шаах” гээд одоо ч учир нь тайлагдаагүй олон сонирхолтой явдлууд болж билээ.

II АНГИ: ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ НУРААЛГАСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УНАЛТ...

Хоёрдугаар анги нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан үйл явдлаар өрнөсөн. Ерөнхийлөгч төсөвт нь бүхэлд нь хориг тавьж, утааны асуудлаар дарга нарыг өрөөндөө дуудаж “Найрааны Засгийн газар тар” гэж загнасан үйл явц бүхэлдээ өнгөрсөн хаврын улс төр рүү чиглэж байв. Ингээд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн асуудал сөхөгдөж, улс төр хүндэрч эхлэхэд нөгөө тал нь огцруулах асуудал болгон өргөжүүлэв. Гэхдээ энэ нь түүний гэр бүлийн тансаглал, нийгмийн оюун санааг хараад будсан хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг өмөөрч буй хэрэг биш. Харин ард нь яг ямар улс төр давхар явсан бэ гэдгийг л тодруулж буй хэрэг юм.

Нэг зүйлийг сонирхуулахад, огцрох нь ойлгомжтой болсон Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар Ерөнхий сайдын суудлаа Д.Амарбаясгаланд шилжүүлэх гэж багагүй зүтгүүлж, шахсан. Гэвч Д.Амарбаясгалан үүнийг нь хүлээн авч, Ерөнхийлөгчийн талтай тэмцэлдэж зүрхлээгүй түүхтэй.

III АНГИ: Д.Амарбаясгалангийн ялагдал...

Гуравдугаар ангийн улс төрийг дахиад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эхлүүлсэн. Уг нь намын даргаа хэл амгүйгээр Г.Занданшатарт шилжүүлнэ гэж хавар тохирсон байв. Гэвч тэд тохирооноосоо буцаж Л.Оюун-Эрдэнэ шахсаар байгаад УИХ-ын дарга байсан хүнийг “рингийн гол” рүү түлхэж орхив. Ингээд тэд намынхаа Бага, Их хуралд зориулж өнгөрсөн зун хэд хэдэн удаа гишүүдийг цуглуулж лоббидох гэж үзсэн. Мөн аймаг, дүүргийн намын хорооны дарга нар руугаа ч ажилласан. Хамгийн алдартай уулзалт нь Архангайн “Цэнхэрийн уулзалт” байв. Эндээс Ерөнхийлөгч талынхан Г.Занданшатарт намын даргаа өгөхгүй гэдгийг мэдэж өнөөдрийн энэ “зодоон” хурцын хурц хэлбэртээ шилжсэн түүхтэй. Ингээд шат дараалсан мэдэгдэл, талцал явагдсаар эцэст нь Н.Учрал өчигдөр хожлоо. Дахиад л Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ялагдлаа. Энэ ялагдал нь эргээд босохгүй байж мэдэх ялагдал боллоо. Д.Амарбаясгалангийн хувьд яллагдагчаар татагдсан. Нийгэмд нэр хүнд гэж үгүй болсон. Нэмээд гишүүнээс нь түдгэлзүүлбэл байдал улам хүндэрнэ.

Гол нь нам, төрийн дээр олон жил явчихсан найзуудын гишгэсэн мөр цэвэр байсангүй. Үүн дээр нь л Ерөнхийлөгчийн тал ажиллачихлаа. Одоо ч үргэлжлүүлэн ажиллана.

Өчигдрийн тэр тайзан дээрх гар барилт, инээд бол зүгээр л үзүүлэн тоглолт. Бүгд халаасандаа салаавчтай зогсож байгаа.

Г.Лхагвадорж

МАН-ЫН ИХ ХУРАЛ: Намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг баталлаа
МАН-ЫН ИХ ХУРАЛ: Намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг баталлаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!