“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар оролцлоо.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ онцлог. Энэ нь манай эрчим хүчний системд байгаагүй нэн хэрэгтэй технологи юм. Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна” гэлээ.
Төслийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd болон Zhongtian Energy Storage Technology Co,.Ltd компанийн хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулан, барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Батарей хуримтлуурын технологи манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр бий болно.