"Цемент шохой" ТӨХК-иас цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг эхлүүлж, 1 уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Улмаар "Ченжүүдэд хандаж хэлэхэд та бүхэн цементээ хадгалаад нэмэргүй шүү. Үнийг нь буулгаад захуудаар зарахгүй бол ашиггүй. Дархан Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлд цемент 14.000 төгрөг. Нийслэлд 15.000-аас хэтрэхгүй байхаар зохицуулж байна" хэмээн Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал Л.Наранбаатар мэдээлсэн юм.
Үүнтэй холбогдуулан цементийн үнэ бууж байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Энэ 7 хоногт цементийн үнэ яагаад буув гэдэг асуултад хариулах юм байна. Аль алийг нь шалгаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Үнийг хөөрөгдсөн зарим этгээдэд хариуцлага тооцохоор зөрчлийн хэрэг нээсэн. Цаг тухайд нь мэдээлнэ" хэмээлээ.