Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D.Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо. НИТХ-ын төлөөлөгч нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцсон уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үг хэлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон D.Parliament.mn цахим системийг танилцуулсан. Тэрбээр “D.Parliament.mn сайтыг нээснээр УИХ-ын үйл ажиллагааг нээлттэйгээр таны гар дээр тавьж байна гэсэн үг. Анх 1996 онд интернэт нэвтрүүлэхэд ердөө 500 хүн холбогдож байсан бол одоо нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдсон. Нийт хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Тэгэхээр ухаалаг утастай хүн бүр төрийн хэрэгт шууд оролцож, санал бодлоо илэрхийлж болно гэсэн үг. Энэ сайтыг ард иргэд та бүхэн хэрэглэж, бодит саналаа өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж төрийн үйл ажиллагаа нээлттэй болж, ардчиллын төгөлдөршил, парламентын ардчиллын төлөвшил явагдана” гэсэн юм.