Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар авч хэлэлцсэн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм эмчилгээ болон тэдэнд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд гадагш явж эмчлүүлж байгаа мэдрэлийн ёзоор тайрч уналт таталтыг багасгах хөнгөвчлөх эмчилгээний аргыг энэ намартаа багтааж эх орондоо хийдэг болохоор зорьж ажиллана. Ингэхдээ өөрийн оронд хийх нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын эмч нарыг Монголд авч ирэх байдлаар өөрсдийн багийг бэлтгэнэ. Энэтхэг болон Турк улсууд руу холбогдож эхэлсэн. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн хагалгааг хийдэг. Чангарсан дээд, доод мөчдийн булчинг суллах цаашилбал нөхөн сэргээх хагалгааг хийснээр тархины саажилтын зэргээс шалтгаалж зарим хүүхэд алхаж, гишгэх боломж бүрддэг" гэв.