ЭЦГ-аас өчигдөр орой Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ"-нд нэгжлэг хийсэн. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанид МХЕГ-аас шалгалт хийсэн. МХЕГ-аас зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байсан. "Эм ди си пи" гэх БНХАУ-ын иргэний компани. Тус компани нь Хятад руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан. Агуулахад нь дулааны аргаар боловсруулан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234.8 тонн мах байсан. Дулааны аргаар боловсруулсан махад "ХКҮ" компанийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн байна. Мэргэжлийн хяналтын газраас битүүмжилсэн агуулахад цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ямар нэгэн байдлаар тус агуулахаас мах гадагшаа гарсан, эсвэл лац, ломбо хөдөлсөн зүйл байгаагүй.
Мах экспортлох зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компанийн агуулахад ХКҮ компанийн хаяг шошго бүхий 4842 хайрцаг мах байсан тул энэ компанийг шалгах шаардлага гарч байгаа юм. Тиймээс өчигдөр нийт таван газар буюу ₮Эм Ди Си Пи₮ компанийн байр болон захирлын орон сууц, ХКҮ компанийн оффис дээр прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийсэн.
Өчигдөр үндэсний үйлдвэрлэл рүү дайрлаа гэх зэрэг ташаа мэдээлэл гарч байна лээ. ХКҮ компанийн байр нь Мах Импекс компанийн хашаанд байрладаг учраас бид нэгжлэг хийхийн тулд тус байр руу нэвтэрсэн. Түүнээс биш "Мах Импекс" компанид нэгжлэг хийсэн, үйл ажиллагааг нь шалгасан асуудал байхгүй.
Энэ хэрэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, химийн хортой аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа учраас МХЕГ болон Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалтууд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, мах экспортлох зөвшөөрөлгүй компани ямар шалтгаанаар дулааны аргаар мах бэлтгэсэн. Үүнийгээ ямар аргаар гадагшаа экспортлох гэж байсан гэдгийг шалгана. Мөн дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй ХКҮ компанийн хаяг шошготой хайрцагтай мах зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компанийн агуулахад байгаа учир шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгалт үргэлжилж буй тул хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байна. Бид зөвшөөрөлтэй "ХКҮ" компани зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компаниар мах бэлтгүүлсэн үү, тус компани нь ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар ашигласан байна уу гэдэг шалгалтын ажиллагаанууд хийгдэнэ" хэмээлээ.