Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Эрдэмтэд халдварлах чадвар их, хүндрэл, нас баралт өндөртэй ковидын шинэ хувилбар намар гарч ирнэ гэж тооцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 11 секунд

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавирусийн тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дараах мэдээлэл хийв.

"Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2022 оны тавдугаар сарын сүүлийн 7 хоногт коронавируст халдвар өмнөх 7 хоногтой харьцуулахад 3 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9.000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15.000 хүн нас барсан).

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавируст халдварын тохиолдлын нийт тоо буурсан хэдий ч Хойд Америкийн бүс нутагт 9 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн талын орнуудад 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нас баралт дэлхийн хэмжээнд буурсан ч Номхон далайн баруун бүсийн орнуудад 18 хувиар Африкт 15 хувиар, Америк тивд 13 хувиар тус тус өссөн байна.

Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийн хөгжүүлэлтийг хийсээр байна. Дэлхийн вакцины 5 том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани нь жилд 1 удаа тарих Томуу болон Ковид-19 халдварын эсрэг хосолсон тунтай вакцины туршилтыг хийж эхэлсэн ба эхний үр дүн сайн гарч, тус компани нь дэлхийн хүн ам жилд 1 удаа намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна.

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч байгаа ба байгалийн жамаараа вирус тасралтгүй мутацид орсоор байна. Энэхүү мутациас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэд ийм хувилбар намар гарч ирнэ хэмээн тооцож байна.

Ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргаад байна.

ДЭМБ-ын зүгээс КОВИД-19 цартахлын хариу арга хэмжээ ба бэлэн байдлын зураглал архитекторыг өөрчлөн гишүүн орнуудаас санал авахаар 2022 оны 4 дүгээр сард гишүүн орнууддаа илгээсэн.

Энэхүү зураглал нь Засаглал манлайлал, эрх зүйн орчин, хариуцлага, систем тандалт, зөв мэдээлэлтэй хүн ам ба иргэдийн оролцоо, эмнэлгийн тусламж, хариу арга хэмжээ, санхүүжилт, удаан хугацааны тогтвортой байдал, яаралтай үеийн нөөц санхүүжилт гэсэн үндсэн бүлгүүдээс тогтож байгаа нь манай улсын нөхцөл байдал, шаардлагатай ижил байна.

Европын холбооны зүгээс гишүүн орнууддаа ирэх намрын давалгаанд зориулсан зөвлөмжийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улсын хувьд бид дараагийн давалгаанд бэлтгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ба вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулах ажлуудыг хийж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Вирусийн шинэ хувилбар гарах магадлал өндөр байна гэсэн мэдээлэл байна. Манай орны иргэдийн дийлэнх нь гурван тун хийлгэсэн, цус өтгөрөх магадлал өндөр байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд оношилгоо, эмчилгээний удирдамжийг тухай бүр шинэчилсэн, тус удирдамжид цус шингэлэх эмчилгээг тусгаад явсан. Улсын гуравдугаар эмнэлэгт зүрх болон мэдрэлийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх үндэсний төв байгуулсан. Цар тахал болон өвчлөлтэй холбогдуулан судалгааны ажлууд гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байна. Ялангуяа вакцины гурав дахь дөрөв дэх тунгуудын судалгаанууд нэлээн эрчимтэй хийгдэж байгаа. Олон хүн цугларсан газарт маск зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа" гэлээ.

Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.