АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "АН-ын бүлэг нэг ноцтой асуудлыг ярилцлаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20, 30-аад жил болж байна. Өнөөдөр улсын төсвийг орлогыг бүрдүүлэхэд 90 гаруй хувийг уул уурхайн компаниуд оруулж ирж байна. Үүний дийлэнхийг төрийн өмчит хоёр компани оруулж байна. Тэгэхээр ерөнхийдөө хувийн хэвшил устаж алга болох эрсдэл байна.
2019 онд төрийн өмчийн компаниудын төсөвт төлж буй орлого нь 9.7 их наяд байна. 7.6 их наядын зарлага гаргасан. 4.2 их наядын өртэй болсон байна. Монгол Улсын хөрөнгө хаашаа урсаж байгааг энэ гурван тоо л харуулна. Төрийн өмчит компаниудын нийт өрийн хэмжээ 40 их наяд болсон. Тэгэхээр бид хувийн хэвшлээ дэмжиж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө.
Хэмнэлтийн хууль хэрэгтэй ч жижиг зүйлээр оролдохгүй. Том эдийн засгийн бүтцээ харж ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ҮХНӨ-д АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Д.Ганбат: АН-ын байр суурь ҮХНӨ дээр тодорхой байгаа. Бид хоёр том гүрний дунд оршдог. Парламентыг төгөлдөржүүлэхийг бид дэмжинэ. АН-ын эрх бүхий байгууллага болох ҮБХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, энэ талаар байр сууриа илэрхийлж, бүлгийн гишүүддээ байр сууриа илэрхийлсэн.
С.Одонтуяа: ҮХНӨ-ийн асуудалд би УИХ-ын дэд даргынхаа хувьд маш олон хэлэлцүүлэг хийсэн. Улстөрийн намуудтай хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд дийлэнх гишүүд дэмжиж байна.
ҮХНӨ-өөр холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмж, хүчтэй парламент бий болгохыг хүсэж байгаа. Холимог тогтолцооны давуу тал нь намууд сонгуульд нэг завин дээр сууж орно гэсэн үг.