Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил эхэлснээс хойш гурав дахь жилтэйгээ нүүр тулах гэж байна. Энэ хугацаанд Азийн хөгжлийн банк /АХБ/-ны санхүүжилтээр хийж буй төслийн 90 км зам дээр хоёр ч удаа гэрээ байгуулсан. Тэгвэл Дарханы замын одоогийн нөхцөл байдал болон ажлын явцын талаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн зөвлөх С.Очирбаттай ярилцлаа.
-Гүйцэтгэгч компаниуд бүгд зам дээр гарсан байгаа юу. Ажил хэр жигдэрч байна?
-Энэ оны хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд гүйцэтгэгч компаниуд зам ажлын талбай дээр жигдэрч гарсан. Зарим гүйцэтгэгч нарын хувьд хоёрдугаар сард өрөмдлөг тэсэлгээ, чулуу бутлах, материал бэлтгэх зэрэг ажлуудыг хийсэн. Энэ жил өвөлдөө дулаан боловч хаврын саруудад нэлээн хүйтэн байснаас газар гэсэхгүй гуравдугаар сарын 20 хүртэл газар шорооны ажил хийхэд нэлээн хүндрэлтэй байсан. Одоогийн байдлаар хучилтын ажил руу орж байна.
-Улаанбаатар Дархан чиглэлийн замын төслийн нэг онцлог нь хоёр банкны санхүүжилтээр явагдаж буй ажил. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн багц хэсэг тус бүрийн ажлын явц хэр үргэлжилж байна вэ?
-Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн хувьд таван гүйцэтгэгчтэй. Зарим гүйцэтгэгч нь хиймэл байгууламж, далан, суурийн ажлуудаа хийсэн тул хучилтын ажил руу орсон байна. Жишээлбэл, нэгдүгээр багцын гүйцэтгэгч болох Арж Капитал компани асфальттай хучилтын ажил руу орсон. Ингэхдээ суурь хучилтын ажлаа тавдугаар сарын сүүлээр дуусгана. Тавдугаар багцын хувьд мөн адил хучилтын ажлаа эхэлсэн байгаа. Тус багцын хувьд долдугаар сарын сүүлээр асфальтан хучилтаа хийхээр бэлэн болсон байгаа. Харин 2,3,4 дүгээр багцын тухайд гүүр хоолойн ажлаа тавдугаар сарын сүүлээр зургаадугаар сарын дунд үе гэхэд дуусгана. Үүний дараагаар хучилтын ажлаа эхлүүлэх боломжтой.
Ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг мөнгөн дүнгээр нь тооцож илэрхийлбэл, нэгдүгээр багц болох "Арж капитал" компанийн 53 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 2,3 дугаар багцын хувьд 22-24 хувьтай үргэлжилж байгаа. 4 дүгээр багц 19, 5 дугаар багц 34 хувьтай байна.
Замын ажлын тухайд нэг онцлог байдаг. Өртөг багатай далан, хиймэл байгууламжийн ажлын хувь бага, ажил нь удаан хийгддэг. Бүтэн жил ч ноцолдоод дийлддэггүй ажил л даа. Ямартай ч тус ажлуудыг гүйцэтгэгч компаниуд хийгээд байгаа. Харин одоогоор өртөг өндөртэй хучилтын ажлууд явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ байдлаас шалтгаалан өртөг өндөртэй ажлууд хийгдэж эхлэхэд гүйцэтгэлийн хувь өсөөд явна гэсэн үг.
-Тэгвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тус хэсгийн 2 болон 4 дүгээр багц өнгөрсөн хугацаанд хамгийн удааширалтай байсан хэсэг шүү дээ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй замын төслийн гүйцэтгэгч нарын хувьд хоёр болон дөрөвдүгээр багцад шинээр гэрээ байгуулагдсан. Тодруулбал, Баянчандмань, Баруунхараа орчмын зам гэсэн үг. Тухайн зам нь өнгөрсөн оны аравдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр гүйцэтгэгч хоёул гүүр, далан хоолойн ажлуудаа хийж байна.
Энэ жилийн зорилт маш тодорхой. Улаанбаатар Дарханы хооронд зорчиж буй тээврийн хэрэгслийг хучилттай замаар явуулах зорилттой. Хоёрдугаарт, сум суурин газар болох Баянгол, Баянчандмань сум хэсгийн замуудыг улсын наадмаас өмнө асфальтан хучилттай болгож тээврийг хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй замын төслийг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ ирэх жил дуусгавар болно. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ ирэх жилийн өдийд дуусна. Гэхдээ энэ жилийн хувьд ямар ч байсан хучилттай замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах зорилт тавьсан.
-Хучилттай замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах зорилт тавьсан гэж байна. Гэтэл өнөөх 2 болон 4 дүгээр багц та бүхний тавьсан зорилтод чинь хүрч чадах юм уу?
-Хамгийн бэрхшээлтэй нь дөрөвдүгээр багц болох Баруун хараа орчмын зам байгаа. Хучилт тавина л гэж үзэж байгаа. Ажил ихтэй хэдий ч бид нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дэд сайд газар дээр нь ажиллаж байгаа. Манай зүгээс техник, технологийн хяналтыг нь тавиад ажиллаж байна.
-Өнгөрөгч оны сүүлээр тухайн хоёр багц дээр өөр компаниуд ажиллахаар гэрээ байгуулсан. Өмнөх компаниутай маргаан эцэс болсон гэж ойлгож болох уу?
-Маргаан гарсан ч гэрээг цуцалсан. Энэ үүднээс олон улсын тендер зарлаад дүгнээд гэрээг шинээр байгуулахад бүтэн жил шаардагдсан. Тендерийн хугацаанд л өөр гүйцэтгэгчтэй гэрээг байгуулсан. Хамгийн гол нь өмнөх гүйцэтгэгч нартай гэрээг цуцлах гэж 2-3 сар болсон.
-Одоогийн байдлаар техник, хүн хүчийн хувь ямархуу байгаа вэ?
-Талбай дээр одоогийн байдлаар 800 гаруй ажилтан, 400 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Үндсэн үйлдвэрийн баазууд талбай дээр байршиж, угсралтаа хийгээд ажиллаад эхэлсэн. Энэ жилийн хувьд хэд хэдэн бэрхшээл гарсан. Эрээний хил хаалттай байгаагаас БНХАУ-аас ажилчид орж ирж чадахгүй байсан. Иймээс дандаа туслан гүйцэтгэгч нарын Монгол ажилчид ажиллаж байгаа.
Гүйцэтгэгч нарын удирдах инженер техникийн ажилтнууд БНСУ-аар дамжин Монголд ирсэн. Зарим гүйцэтгэгч нарын 2020 онд ирсэн Хятад ажилчид буцаагүй. Эндээ өвөлжсөн.
-Нэг техник саатаж түүний сэлбэг хэрэгслийг хилээр оруулж ирэхэд хугацаа нэлээн шаардагдаж байгаа талаар мэдээлэл байсан?
Тоног төхөөрөмж сэлбэгийн хувьд бэрхшээлтэй асуудлууд үүссэн. Ялангуяа асфальтан заводтой сэлбэг хэрэгслүүд, замын материал зэргийг Эрээний боомтоор оруулж ирэхэд хугацаа алдаж байгаа. Эл асуудалд захиалагч ЗТХЯ чармайн ажиллаж байгаа. Ингэхдээ Эрээний консул болон холбогдох гаалийн байгууллагуудтай ногоон гарцаар сэлбэг хэрэгслийг татан авах чиглэлд ажиллаж байгаа. Үндсэн гол материал дотоодод байгаа тул хүндрэл бага. Саяхан цементний тасалдал гарч магадгүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ яг ч тасраагүй. Хангалттай байгаа. Арматурын үнэ өссөн ч ОХУ-аас сааталгүй орж ирж байгаа.
-Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж удааширсан бол гэрээг сунгах бус торгуульд орно-
-Одоогийн нөхцөлд Дарханы замын ажилд нарийн зохион байгуулалт, хоорондын уялдаа холбоо шаардлагатай гэдгийг томилолт авч очсон салбарын дэд сайд нь ярина лээ?
-БНХАУ-ын зарим гүйцэтгэгч нарын төлөвлөлт маш муу байгаа. Бичиг цаасаа явуулж чаддаггүй, материалын туршилт шинжилгээг хийхдээ хугацаа алддаг, чадваргүй хүмүүс байна. Нөгөө талаас хоёр өөр санхүүжилттэй төсөл явж байгаа учраас хоорондын ажлын уялдаа тал дээр асуудал гарч ирж байгаа. Зарчмын хувьд, Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий замын араас нь Европын сэргээн босголтын банкны төслийн ажил явах ёстой. Учир нь Азийн хөгжлийн банкны замын зурвас нь гол хэсэгтээ байрлана. Гэтэл Азийн хөгжлийн банкны төслийн хоёр хэсгийн замын ажил өнгөрсөн жил л эхэлж байгаа учраас уялдаа холбоотой ажиллах тал дээр асуудлууд үүсээд буй юм. Мөн орон нутагтай холбоотой асуудлууд байдаг. Зарим газар зам тавиулах, орц гарцын тал дээр хүртэл асуудал үүсгэж байна.
-Ер нь тодорхой хүчин зүйлсээс шалтгаалж замын ажил дахин хугацаанаасаа хойшилбол тухайн компаниудтай гэрээ сунгах асуудал яригдах уу. Энэ тал дээр ямар зохицуулалт байдаг юм бэ?
-Гэрээ сунгах асуудлыг тодорхой нөхцөл байдлаас нь шалтгаалж ярина. Түүнээс биш гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж удааширалтай явсан бол сунгах бус торгуульд орно. Тиймээс гэрээт хугацаандаа л дуусгах ёстой. Мөн нэг асуудал нь гүйцэтгэгч нарын зүгээс үнийн өсөлттэй холбоотойгоор хүсэлтийг тавьж байгаа. Ялангуяа арматур төмрийн үнэ өсөж байгаа. Гэрээнд энэ талаар заасан зохицуулалт бий. Гэхдээ үүнийг захилагч шийдэх ёстой. Захиалагч ч, банк ч үүнийг шийднэ гэж байгаа.
-Хүн хүч хангалттай байгаа юу?
-Хүн хүч хангалттай бус байгаа.
-Юунаас шалтгаалж байна. Та өнгөрсөн жил зам дээр ажиллах хүн олдохгүй, цалингаа голоод байгаа гэх зүйл ярьж байсан. Нөхцөл байдал одоо ч хэвээр байна уу?
-Өнгөрсөн жил зарим гүйцэтгэгч нар Говь-Алтай аймгаас хүртэл хүмүүс татсан. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүмүүсийг авч ажиллуулсан. Долоо болон наймдугаар саруудад гар ажиллагаа их ордог ажлууд нэмэгддэг тул ажиллах хүч нэмэгдүүлэх шаардлага үүсэх байх. Одоо ч инженер, техникийн ажилчид мэргэшлийн хүмүүс нэлээн дутмаг байна. Сонин хэвлэлээр зар өгөөд л байгаа. Засал, тэгшилгээ, бэхэлгээний ажлуудад нэлээн хүн хүч шаардлагатай болдог. Тухайн үед салбар яамнаас холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа.
-Удааширалтай байгаа хэсгүүдэд ЗХШШ-ын бие бүрэлдэхүүнээс хүч нэмэгдүүлж ажиллан гэх зүйлийг Засгийн газрын хуралдааны үеэр яригдаад өнгөрсөн. Энэ тал дээр тодорхой шийдэл, төлөвлөгөө гарсан байгаа юу?
-Зайлшгүй шаардлага гарвал санхүүжүүлэгч банкуудтай ярилцаж, зохицуулалт хийх байх.
-Хайрган зам дээгүүр жолооч нар 120-130 километр цагийн хурдтай давхиснаас осол гарч байна-
-Таны хувьд тус төслийн зөвлөхөөр ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл замын ажил бахь байдгаараа. Олон нийт шүүмжлэлтэй хандсаар ч ирлээ. Замын ажил удааширах гол шалтгаан нь юу байсан гэж та харж байна?
-Өмнө хэлсэнчлэн гэрээний хугацаа болоогүй байгаа. Эхлээд би ойлгохдоо, гарын үсэг зурсан хугацааг бус өөрсдийн санаа бодлоо аваачиж илэрхийлсэн. Тухайлбал, 2019 оны зургаадугаар сард замын ажил эхэлсэн. Тэгэхэд энэ жилдээ дуусгана гэж хэлсэн нь хүлээлт үүсгэчихсэн. Хоёрдугаарт, 2020 онд 105 Хятад оруулж ирнэ гэсэн ч бүтэн жил өнгөрсөн. Ковид гарснаас оруулж ирж чадаагүй. Ингэж явсаар 2020 оны гуравдугаар сард 105 инженер техникийн ажилтныг оруулж ирэх асуудлыг Засгийн газарт тавьсан. Гэвч ингэж ярьсаар наймдугаар сард орж ирсэн. Зуны хугацааг алдсан. Иргэд ч буруу ойлгосон. Засаг төр нь ч дорвитой шийдвэр гаргаагүй. Тухайн үед зоригтой шийдвэр гаргасан бол ажил нэлээн урагшлах байсан. Сүүлдээ 2,4 дүгээр багцын гүйцэтгэгч нар ч ажлаа хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
-Одоогийн байдлаар түр замаар зорчиж буй хэсгүүдэд ямар арчилгаа хийгдэж байгаа вэ?
-90 орчим километрт түр замаар зорчиж байна. 2,4 дүгээр багц дээр замаа хааж ажил явуулахаас өөр аргагүй. Хайрган замаар явуулж байгаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад арай гайгүй замаар усалгааг хийж байна.
Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байгаа. Түр зам дахь 2-3 газарт алба хаагчид зогсож, жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байх чиглэлд хяналт тавьж байгаа юм. Хайрган замыг засчихлаар 120-130 километр цагийн хурдтай давхиж байна. Үүнээс шалтгаалан осол гарч байна.
Хайрган замыг зассан ч долоо хоногийн дараа л дэржигнүүр үүсчихэнэ. Байнга л засаж байгаа.
-Түр замын асуудлыг гүйцэтгэгч нар нь хариуцаж байгаа юу?
-Тухайн хэсгийн гүйцэтгэгч нар хариуцаж байгаа.
-Замын нөхцөл байдлаас шалтгаалсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэг хүлээхийг гүйцэтгэгч нарт анхааруулсан-
-Та сая бас хэллээ. Түр замууд дээр жолооч нар хурд хэтрүүлж байна гэж. Хурд хэтрүүлснээс бусад тохиолдолд хүний амь нас, эд хөрөнгөнд хохирол учирвал тухайн хэсгийн гүйцэтгэгч компани хариуцана гэж байсан. Энэ юу болов. Ер нь гэрээ байгуулахдаа тусгаж өгсөн байгаа юу?
-Бүх гүйцэтгэгч нарт энэ талаар анхааруулсан. Замын нөхцөл байдлаас шалтгаалсан асуудалд та бүхэн хариуцлага хүлээнэ гэх байдлаар сануулсан. Цагдаа замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэх актыг тавьбал гүйцэтгэгч бүрэн төлнө. Хэр хэмжээгээр зөрчил очиж байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй байна.
-Тэгэхээр тогтоох нь Тээврийн цагдаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Тээврийн цагдаагийн алба хариуцаж, тогтооно. Цагдаагийн актаас л шалтгаална. Бидний зүгээс хатуу шаардлагыг тавьж байгаа.
-Дөрөвдүгээр багцын замын ажил хугацаандаа багтах эсэх нь эргэлзээтэй, хүндрэлтэй л харагдаж байгаа-
-Нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хүний хувьд 2023 оноос хэтрүүлэхгүйгээр замын ажил дуусах боломжтой гэж та харж байна уу?
-Олон улсын төсөл учраас гэрээнд гарын үсэг зурсан нөхцлөөрөө л явах ёстой. Гэрээнээс хэтэрвэл өөрсдөө торгуулиа төлөөд явна.
-Гэхдээ асуудалтай хэсгүүд байгаа шүү дээ?
-Дөрөвдүгээр багцын тухайд нэлээн хүндрэлтэй л харагдаж байгаа. Гэхдээ цаг хугацаа байна. Мэдээж гүйцэтгэгч ч торгууль төлөөд суухгүйн ойлгомжтой. Зүтгэж л таарна.
-Санхүүжилт тал дээр үүсч байгаа асуудал бий юу?
-Санхүүжилт саатахгүй байгаа. Харамсалтай нь, санхүүжилтээ авахаар гүйцэтгэлээ бичдэг гүйцэтгэгийн бичиг баримт ирэхгүй байгаа. Учир шалтгааныг нь мэдэхгүй юм. Талбай дээр ажлаа хийж байгаа боловч хийсэн ажлаа үнэлүүлээд гүйцэтгэл авахын тулд маш нарийн шалгуур давна. Лаборатори ажиллаж байгаа. Түүнээс биш гүйцэтгэл бэлэн болоод ирэхэд манайхаас албан бичиг яам руу явуулдаг. Сангийн яам дээр удаахгүй байх тал дээр ажиллаж байгаа.
-Замыг хурдан хугацаанд ашиглалтад өгөх нь чухал боловч нөгөөтээгүүр чанар ч яригдах ёстой. Энэ тал дээр ямар хяналт тавьж байгаа вэ?
-Гол асуудал нь зургийн дагуу чанартай хийх. Энэ тал дээр манай 27 инженер ажиллаж байна. Хяналт тавьж байгаа. Чанаргүй хийвэл мөнгийг нь өгөхгүй л гэсэн үг шүү дээ.
-Гүйцэтгэгч нар бүгд Хятадын компаниуд байгаа юу?
-Үгүй. Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй төслийн нэгдүгээр багц дээр Арж Капитал компани ажиллаж байгаа. Удааширалтай байгаа Азийн хөгжлийн банкны хоёрдугаар багц хэсгийн ажлыг мөн Арж Капитал компани авсан. Хамгийн сайн ажиллаж байгаа дотоодын компани.
-Замын ажил тал дээр Монгол компаниудад шүүмжлэлтэй хандаад байдаг юм билээ?
-Дотоодын компаниуд тендерт орж чадахгүй байгаа нэг гачлан нь ажлын туршлага, хоёрдугаарт санхүүгийн чадвар, байгууллагын хчин чадвар. Анх удаа олон улсын тендерт орж шалгарсан нь тухайн Арж Капитал компани байгаа юм. Бүх гүйцэтгэгч нар ажлаа зэрэг эхлүүлсэн. Гэтэл дотоодын тус компанийн гүйцэтгэл 52-53 хувьтай үргэлжилж байна. Дотоодын нөхцөл байдлыг ойлгож, удирдлага зохион байгуулалт ч сайн байгаатай холбоотой. Дор хаяад тоног төхөөрөмж оруулж ирэх тал дээр Хятадууд будилж байхад Монгол компани нөхцөл байдалдаа хурдан арга хэмжээ авч ажиллаж байна шүү дээ.
ШУУД ҮЗЭХ: