"Монос косметикс", "Нахиа импекс" компаниуд гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэхдээ техникийн спирт ашигласан тухай өчигдөр УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр МХЕГ мэдэгдсэн билээ. Харин "Монос косметикс" компанийн зүгээс цахим сүлжээгээр УОК-ын мэдэгдэлд эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Тэдний зүгээс "техникийн спирт" гэх нэр томьёо зохисгүй бөгөөд хүнсний 3-р зэрэглэлийн спиртээр "Санитас"-ийг үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан УОК-оос өнөөдөр дахин мэдэгдэл хийлээ
Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель нь MNS: 61592010 гэсэн Монгол Улсын стандартыг хангасан байх ёстой. Энэ стандартад гар халдваргүйжүүлэгч гелийг хүнсний зориулалттай, тансаг зэрэглэлийн 96 хувийн хатуулагтай спиртээр хийнэ гэж зааж өгсөн байдаг. Мөн "Монос" ХХК-ийн мэдэгдэлд дурьдсан "3-р зэрэглэлийн спирт" гэсэн нэр томьёо уг стандартад байхгүй. Ерөнхийдөө альфа, тансаг, онцгой, дээд гэсэн төрлүүд байдаг. Гар халдваргүйжүүлэгчийг дээр дурьдсанчлан тансаг зэрэглэлийн спиртээр хийх ёстой. Харин тэдний хэрэглэсэн техникийн спирт нь технологийн явцад эхний шатанд гардаг спирт юм. Дэлхийн зарим улс оронд уг спиртээр халдваргүйжүүлэгч хийхийг зөвшөөрдөг.
Уг спиртийг дотроосоо ууж хэрэглэвэл мэдээж биед хор нөлөөтэй. Харин гаднаас арьс салстад ариутгагч хэлбэрээр хэрэглэхэд сөрөг нөлөөгүй. Гэвч "Монос ХХК"-г гар ариутгагч хийх стандартыг дагаж мөрдөөгүй гэдэг утгаар нь 3 сая төгрөгөөр торгосон. Түүнчлэн тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй болохыг шалгалтаар тогтоосон. Тус компани спиртээ сургуулийнхаа хоёрдугаар давхарт ил хадгалаж байсан. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон гэлээ.
Харин техникийн спиртээр хийсэн гар ариутгагчийг лабраторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шинжилгээний хариунаас цаашдын шийдвэр хамаарна гэлээ.