Өнөөдөр бэлэн мөнгө гүйлгээнээс гарч, бүх төлбөр тооцоог утсаараа хийж буй. Цахим хэрэглээг дагаад ахмадууд ч бас суралцаж байна. Ингэхдээ сайн дурын оюутан залуус өөрсдийн өдөр тутмын хэрэглээ болсон интернетээр төлбөр тооцоо хийх, төрийн үйлчилгээ авах энгийн үйлдлүүдийг зааж сургаж байгаа юм.
Тодруулбал, нийслэл болон орон нутгийн нийт 1277 ахмад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийж сурчээ.
Энэ талаар Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яам мэдээлэлдээ дурдсанаар, “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай игэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх "Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Яамны зүгээс бодлогын хүрээнд зорилтот бүлгийн, тэр дундаа тэр дундаа ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байгаа нь энэ хөтөлбөр юм байна.
Хөтөлбөрийн хүрээнд, 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, тэд бол “Үндэсний цахим элч” бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 9-ныг дуусах хүртэл ахмадуудад цахим орчин ашиглахыг зааж бие даан банкны төлбөр тооцоо, төрийн үйлчилгээ авахад нь тусалж зааж сургасан нь энэ аж.
Анх хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөх багийнхан 100 сайн дурын сургагч багш бэлтгэх, 1000 ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэхээр зорьж байсан ч бодит амьдрал дээр сайн дурын "Үндэсний цахим элч" нар болон цахимд суралцах ахмадууд их байсан нь ийнхүү зорилтоос давахад нөлөөлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна 13 аймгийн 188 ахмад настнууд, нийт 1277 ахмад цахимд суралцсан байна. Үүгээрээ ахмадуудын хувьд өдөр тутамд нь тулгардаг тэтгэвэр авах, төлбөр тооцоо хийхэд заавал бэлэн мөнгөөр эсвэл картаар АТМ эсвэл банк орж цаг, мөнгөө үрэх шаардлагагүй болж байгаа нь давуу тал болж буй.
Нөгөөтэйгүүр, сургалтын үеэр ахмад болон залуу үеийнхний ойлголцол илүү сайжирсан нь талархлын сэтгэгдлээс харагдаж байсан нь зөвхөн цахим хэрэглээг зааж сургахад биш нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудалд ч эерэг нөлөө үзүүлснийг энд онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!