ЗАЙРАН Б.ЭРДЭНЭСАН: Нэг ч гэсэн хүүхдийг эх орондоо хямд зардлаар эмчлэх боломжийг эрэлхийлж, 300 ортой ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ барих төслийг эхлүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 27 секунд

Монголдоо 300 ортой хүүхдийн эмнэлэг барих зорилт тавьж, төсөл эхлүүлсэн Зайран Б.Эрдэнэсантай ярилцлаа. Түүнийг “Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн ялагч, ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг таван оролцогчийн нэг гэдгээр нь Монгол түмэн андахгүй мэднэ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Буянтогтохын Эрдэнэсан гэдэг. Ээж, аав талаасаа хар, цагааны уг аваад бөөгийн ертөнцөд ороод 10 гаруй жилийг үзэж байгаа зайран. Программист мэргэжлээр их сургуулиа төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Бөөгийн замналаар яваад энэ зүйлийнхээ төлөө өөрийгөө хөгжүүлж, баяжуулж, ард олондоо туслах гэж хичээж л явна даа.

-Таныг 800 ортой хүүхдийн эмнэлэг барина гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-800 ортой эмнэлэг гээд хэтрүүлэн тоотой мэдээлэл явж байна лээ. Уг нь бол 300 ортой эмнэлэг барих төсөл эхлүүлчихсэн явж байгаа. Анх бол төслийн багийнхантайгаа 800 ортой эмнэлэг гэж ярьж байсан нь үнэн. Миний ч гэсэн чин сэтгэл Монголд хамгийн ортой хүүхдийн эмнэлэг барихыг зорьж байсан. Гэхдээ 800 ортой эмнэлэг гэхээр манай багт арай ахдахаар байсан. Тиймээс бид ярилцаж байгаад 300 орт дээр тогтсон.

-Яагаад хүүхдийн эмнэлэг барья гэж шийдсэн юм бол?

-Яагаад хүүхдийн эмнэлэг барья гэж хүсэж, зорьж тэмүүлсэн бэ гэхээр над дээр маш олон ээжүүд ирдэг. Тэдний дунд хүүхэд нь гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа төлбөр мөнгө хэцүү байна гэсэн ээжүүд олон байдаг. Энэ асуудлаас болж маш олон хүүхэд энддэг. Тиймээс яагаад нэг ч гэсэн хүүхдийг дотооддоо хямд зардлаар эмчилж болох орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг барьж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Мөн би өвчний улмаас хайртай дүүгээ алдаж байсан. Миний шавь нар дотор ч эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр үр хүүхдээ алдаж байсан хүмүүс бий. Энэ мэт олон зүйл нөлөөлсөн учраас удаан бодсоны эцэст энэ зүйлийн төлөө зорьж, "ХОС БОЙТОГ" төслөө эхлүүлсэн.

-Ажил одоо ямар шатандаа явж байна вэ?

-Одоогоор төсөл бичигдээд явж байна. Барилгын зураг маань удахгүй гарна. Газартай холбоотой асуудал бас байгаа.

-Төслийн санхүүжилтийг яаж шийдэх вэ?

-Ард түмнийхээ хандиваар л босгоё гэж байгаа юм. Гадуур намайг өөрийнхөө зардлаар эмнэлэг барих гэж байна гэж ойлгоод байх шиг байсан. Би өөрөөсөө 100 хувь хөрөнгөө гаргаад эмнэлэг барих хэмжээний их хөрөнгөтэй хүн биш. Бидний баримталж байгаа зарчим бол Монгол түмнээсээ нэг өдрийнхөө хэрэгцээний мөнгийг ирээдүй болсон үр хүүхдүүддээ хандивлаач л гэж хүсэх гээд байгаа юм. Мэдээж бүх тооцоо шилэн байж, ил тод зарлаад явна. Яг төсөл эхлүүлээд явахаар олон асуудал байдаг юм байна. Тэр болгоныг болгоно, бүтээнэ. Гуйгаад, дуулаад, уйлаад ч хамаагүй бүтээх болно. Би холбоон дотроо ч хэлж байгаа. Нэгдэх нь ороод ир би мөлхөөд ч хамаагүй энэ эмнэлгийг барина гэдэг сэтгэл байна гэдгийг.

-Эмнэлгээ хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна вэ?

-Ирэх 2026 оны хавар гэхэд дуусгах зорилт тавьж байна. "Амжих уу. Төсөв чинь бүрдэх үү" гэж асуух хүн олон байсан. Миний хувьд бол зорьж, зүтгээд тэмүүлэхэд болохгүй юм байхгүй гэж бодож байна. Олон нийтэд хандаж, хандивын ажлаа хараахан эхлүүлээгүй байгаа ч маш олон хүн бидний энэ ажилд тусалж дэмжихээ илэрхийлсэн. Эхнээсээ туслаад явж байгаа. Надаар төлөг тавиулдаг барилгын компанитай ах эмнэлгийн маань зураг төслийн үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа. Гадаад дотоодын олон төслийг амжилттай бичсэн ах хүү төслийг нь бичээд өгье гээд өөрөө ороод ирсэн, зүс таних залуу 50 сая төгрөгийн бетон хандивлахаа илэрхийлсэн гээд дэмжиж тусалж, хандивт нэгдэхээ илэрхийлж байгаа хүн олон бий.

-Та бөө хүн учраас онгод тэнгэрээсээ асуусан байх?

-Мэдээж асуулгүй яах вэ. Өөрөө бөө хүн юм чинь давуу талаа ашиглаад төлөг тавьж үзсэн. Онгодуудаасаа асууж үзсэн. Зам нь цагаан үйлс нь дэлгэр бууж байгаа учраас итгэлтэй зоригтой бууж байгаа учраас итгэлтэй зоригтой явж байгаа.

-Иргэдийн хандив тусламжаар бүтээн байгуулалт хийнэ гэхээр эерэг, сөрөг олон зүйл тань дээр ирэх байх. Ийм зүйлээс дөжирч, идэж, уух гэж байна гэх мэтээр их шүүмжлэлтэй ханддаг болсон цаг үе шүү дээ?

-Хүн ер нь өөрийгөө их ажиглах ёстой юм шиг байна. Магадгүй би 5 жилийн өмнө байсан бол арай өөр зүйл хүсэж байх байсан болов уу. Над дээр настай хүн ирж үзүүлэхэд би тэр хүнд тухайн хүнээс настай юм шиг би зөвлөгөө өгдөг. Амьдралыг тэр хүнээс илүү үзчихсэн юм шиг. Тэгэхээр өнөөдрийн надад бол шунах шунал гэдэг зүйл байхгүй болчихсон. 8-9 жил хүн үзээд суучихсан учраас амьдралын мөн чанарыг ойлгочихсон. Гар дээрээ өчнөөн олон хүн алдаж байлаа. Өчнөөн олон хүүхдийг амь тасрахыг, аав ээж нь яаж зовж зүдэрч, шаналж гашуудахыг харлаа.

Зарим аав ээжүүдийн хүсэлтээр нялхсын сэхээн амьдруулах тасаг руу орохдоо өвчиндөө шаналж байгаа хүүхдүүдийг хараад маш их эмзэглэдэг, эрхээ гартаа чанга ороогоод чадал тань хүрвэл энэ бүх хүүхдийн өвчин зовлонг эрхэндээ ороогоод аваарай өвөө нар минь, онгодууд минь гээд гарах үе ч олон байсан. Энэ бүхэн намайг энэ зүйл рүү хөтөлсөн.

Түүнээс гадна хорвоо ертөнцөд хүн болгон үүрэг хариуцлага, янз бүрийн даалгавраар ирдэг гэж боддог. Тэгэхээр надад оногдсон даалгавар магадгүй энэ байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Тавинбэх: Түлшний чанараас болж УТАА НЭМЭГДЭЭГҮЙ
Н.Тавинбэх: Түлшний чанараас болж УТАА НЭМЭГДЭЭГҮЙ
 
 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын шинж тэмдэгтэй
 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын шинж тэмдэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!