УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Улсын Дээд шүүхээс гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Уг шийдвэр гараад сарын хугацаа болсон хэдий ч УИХ тогтоол ирээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж буй.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын ЕНБД Б.Баасандоржоос тодруулахад "Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. Заавал тогтоол гаргаж, УИХ-д хүргүүлэх учиртай тул одоогоор УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг хэрхэх асуудал ярихад эрт байна. Хэрэв Дээд шүүхээс тогтоолоо явуулбал, хуульд зааснаар УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнд холбогдох асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ингэхдээ Дээд шүүхийн тогтоол ямар зүйл заалтыг холбогдуулж ирүүлэх нь гол асуудал болж байгаа. УИХ ийм нөхцөлд шүүхийн шийдвэрийг хэрхэх вэ гэдэг зохицуулалт одоогоор байхгүй байгаа юм" гэв.
"Дээд шүүхийн шийдвэрийг УИХ хэрхэн авч хэлэлцэх вэ гэдэг нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулна"
Сануулахад, УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар манайд өгсөн ярилцлагадаа "Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүн гэхээс илүү энд зарчмын асуудал хөндөгдөж байгаа. Эрх зүйт төрийн гурван засаглал байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал. Шүүх засаглал хараат бус байна. Энэ утгаараа өнөөдөр шүүхийн шийдвэрийг хэн ч хэлэлцэх эрхгүй.
Би хувьдаа Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Учир нь Үндсэн хуулийн 29-р зүйлд УИХ-ын гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол эргүүлэн татна гэсэн байдаг. Үүнээс үндэслээд УИХ-ын тухай хууль давхар яригдана. УИХ-ын тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэж УИХ тухайн гишүүнийг эргүүлэн татах эсэх тогтоол батална гэж заасан байдаг.
Миний хувьд УИХ-ын тухай хуулийн энэ зохицуулалтад мөн эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр эргүүлэн татах шаардлагагүй гээд үзчихвэл яах вэ гэдгийг бодох л асуудал" хэмээж байв.
“Надад хулгай хийх хүмүүжил байхгүй. Би өөрийгөө зөв хүмүүжилтэй гэж бодож байгаа“
Харин УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Надад хулгай хийх хүмүүжил байхгүй. Би өөрийгөө зөв хүмүүжилтэй гэж бодож байгаа. Улс төрийн шийдвэр л гаргасан шүү дээ. Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Намайг ард түмэн сонгосон учраас энэ миний асуудал биш сонгогчдын асуудал болсон" гэдэг тайлбарыг өгөөд буй юм.
Дав.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. Харин Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийвдэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!