Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас зогсоож, мөрдөн шалгаж ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Тус компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Цагдаагийн байгууллага шалгаж эхэлмэгц тус компанийн зүгээс "Цагдаагийн байгууллага компанийн үйл ажиллагааг зогсоосон тул хохирлыг бид барагдуулахгүй" хэмээн мэдэгдэл бичсэнээ тэр даруй устгасан. Энэ нь хэрвээ асуудал буруу эргэвэл "Бэлтэс Мөрөн" ХХК иргэдийг хохироогоод, хохирлыг барагдуулахгүй байх вий гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлсэн.
Тиймдээ ч иргэдийн зүгээс "Бэлтэс Мөрөн" компанийн удирдлагуудад хилийн хориг тавих ёстой, эс бөгөөд хил гараад зугтвал хариуцлагыг хэн үүрэх вэ гэсэн асуудлыг тавьж эхлэн Хөвсгөл аймагт жагсаал цуглаан зохион байгуулж байна.
Иргэдийн хэлж байгаа ч үнэний ортой. Өмгөөлөгч Д.Алтангэрэлийн мэдээлж буйгаар "Одоогийн байдлаар 200 орчим тэрбум төгрөгийн хохирол гарна гэсэн тооцоолол байна. Энэ төлбөрийг "Бэлтэс Мөрөн" компани төлж барагдуулах ямар ч боломжгүй. Учир нь энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ явагдаагүй үед чөлөөтэй зорчих эрхтэй байдаг. Энэ байгууллагын үйл ажиллагааг явуулж буй этгээдүүд тэнд цугласан их хэмжээний мөнгийг аваад гадаад улс руу гарч алга болбол мөнгө оруулсан иргэд бүгд хохироод үлдэнэ.
Энэ асуудлаар тус компанийн үйл ажиллагааг явуулж буй этгээдүүдийг цагдан хорих, Монгол Улсын хилээр нэвтрэхийг нь хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай. Тэгж байж асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй үед хэрэг бүртгэлийн шатанд эдгээр хүмүүс оргон зайлах боломжтой" гэсэн юм.