Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар, Төвбанктай хамтарч ажиллахыг хуулиар хязгаарласан байдаг. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд Монгол Улсын засгийн газраас Монгол банканд валютын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээс гарцгүй нөхцөл байдалд орж байна.
Манай улсад одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Тиймээс зарим нэг валютын төлбөр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлах, хилээр гаргах асуудалд Засгийн газраас хяналт тавих, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах, хил хязгаараа чангатгах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монголбанк дангаараа хүчин мөхөсдөж байна.
Засгийн газар мөнгөний бодлого, сангийн бодлого дээр Төвбанктай хамтарсан хариуцлага хүлээх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа" гэлээ.