Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар өгөв. Тэрбээр "Эрдэнэтийн 49, Оюутолгой Дубайн гэрээтэй бүлэглэл Хөгжлийн банк дээр ч ажилласан. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гаргаж тавьсан юм. Хөгжлийн банктай холбоотой 3.2 их наяд төгрөгийн асуудал байна. Үүний 1.8 их наяд нь чанаргүй зээлийн ангилалд багтсан.
Үүнийг ажиглавал, Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 орчим сая долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Тэднийг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамт бий. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно.
Мөсөн уулын дөнгөж орой нь. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесмэнүүд. Тэдний зүгээс сонгуулийнх нь зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болчихсон улстөрчид араас нь гарч ирнэ. Тиймээс ийм удаашралтай явж байна. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад хэдэн хүнийг цагдан хориод Хөтөл ХХК-ийг хураагаад авахаар хэн хэн хамгийн их цочиж байна. Тэр хүмүүс үүний ард байгаа гэж ойлгоорой. Ордон доторх хүчин мөхөствөл олон нийтдээ хандах болно. Хөгжлийн банкны асуудал хараат бусаар шийдэгдэнэ гэж итгээрэй" хэмээлээ.