УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы замын шинэ урсгалын замын санхүүжилтийг нэмж байгаа. Өнгөрсөн жилийн жагсаалтад байсан зүйлийг энэ жил оруулж ирэхдээ яагаад хасчихдаг юм. Дарханы зам дээр сүүлийн хоёр жил тасралтгүй үзэж тарж байна шүү дээ. Өнгөрсөн жил Европын сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсож, салбар яам нь төслийн нэгжээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар сар хагас зогссон. Сангийн яам хөөцөлдөж байж санхүүжилтийг нээлгэсэн. Энэ жил зээлийн хэлэлцээрийн зүйл заалтыг үндсэн чиглэлд оруулаагүй хариуцлагагүй алдаа гаргаснаас болж хоёрдугаар сарын 1-нд эхлэх Дарханы зам дээр хүн алга. Төслөө эрт оруулж ирэхгүй яасан юм. Бид та нарын өмнөөс ард иргэдэд загинуулж байгаа. Энэ миний үг биш, Дарханчуудын үг" гэв.
ЗТХ-ийн сайд Л.Халтар "Өвлийн сар дуусаагүй, хаврын сар эхлээгүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. Барилгын ажлыг зөвлөх компаниай ярьж байгаад хоёрдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Газар шорооны ажил долоо хоногийн өмнө эхэлсэн. Гүйцэтгэгчийг, ажиллаж буй инженер техникийн ажилтнуудыг сөрөг байдлаар ярихад хүмүүсийн урам хугарах зүйл гарч байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Зам тээврийн яаман дээр нэгдүгээр сард Ажлын хэсэг очиж ажиллахад хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж байсан. Хоёрдугаарт, инженер техникийн ажилтнуудын араар өөрийн чадваргүй байдлаа битгий нуу. Тэд сайн ажиллаж байгаа. Гэмгүй хүмүүсийн араар битгий нуугдаад бай" гэв.