Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөн урсгалаа чөлөөлөх үү, Монголбанкны Б.Лхагвасүрэнг чөлөөлөх үү

Огноо
Унших
4 минут 38 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Валютын захад ам.доллар, юань хомсдов. Банкууд өдрийн гурван сая төгрөгтэй тэнцэх валют арилжих хязгаар тогтоосон нь харилцагчдынхаа бухимдлыг төрүүлж эхлээд хагас сарыг барж, цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Түүхий эд, бараа материалаа татах гээд гурван мянган ам.доллар шилжүүлэхийн тулд гурван өдөр банк руу гүйж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчтэй ч таарлаа. Хөдөлмөрлөж, хуримтлуулж олсон банкин дахь хэдэн төгрөгөө эдийн засгийн эргэлтэд оруулчих санаатай банкны ажилтныг гуйж гувьшсан, загнаж зандарсан харилцагчидтай ч таарлаа.

Эдгээр будлиан, үл ойлголцол, тодорхойгүй байдлыг эдийн засагт ердсөн этгээд энэ долоо хоногийн эхээр ил гарч ирээд “Монголчууд машин аваад байна, үнэтэй машин авахад 500 сая ам.доллар зарцуулсан. Иймд тансаг хэрэглээний татвар нэмэх хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг хийгээд буцаад далд орчихов. Энэ дүгнэлтээ өнгөрсөн оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр УИХ чуулган дээр хэлсэн бол, ядаж цухуйлгаж, тансаг хэрэглээний татварыг нэмүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Угтаа тансаг хэрэглээтэй нь төр, тарчиг хэрэглээтэй нь ард түмэн бид.

Гэтэл энэ оны төсөв, мөнгөний бодлогыг парламентаар хэлэлцэх үед Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 3.4 хувь суларсан байна. Сүүлийн хоёр жил 4-5 хувь суларч явж байгаа учраас ирэх жил савлахгүй байх гэсэн төсөөлөлтэй байгаа. Ирэх жил эдийн засгийг сэргэнэ гэж үзэж инфляцыг 6 хувь байна гэж онилж оруулж ирсэн” гэж мэдэмхийрч байжээ. Ийнхүү төвбанкны их мэдэгчид эдийн засгаа зөв оношилж чадахаа больсон, инфляциа оновчтой онилох чадвараа алдсан нь эрх баригч намын чадваргүй тавиулуудаар дүүрсэнг илтгэх мэт.

Хэрэв тийм бол аливаа улсын төвбанкны түвшинд яригддаг “Боломжгүй гурвалжин” гэдэг ойлголт, түүний үр нөлөөний талаар гадарлахгүй нь лавтай. Энэ нь хөрөнгийн чөлөөт урсгал, ханшийн уян хатан байдал, хараат бус мөнгөний бодлого нэг цэг дээр зэрэг огтолцох боломжгүй тухай ойлголт. Зөвхөн хоёрыг сонгох боломжтой бөгөөд үлдсэн нь золигт гардаг жамтай.

Харин төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ удаад хөрөнгийн чөлөөт урсгалыг хорьж, ханшийг хүчээр барих коммунист бодлого баримталж, бие даасан мөнгөний бодлогыг золигт гаргаж байгаа нь илт байна. Харамсалтай нь, амьдрал дээр энэ сонголт хамгийн муу хувилбар байх нь олонтой. Жишээ нь 2015 оны Казакстаны тэнгэ, 2018 оны Туркийн Лирагийн богино хугацааны чөлөөт уналтыг дурдаж болно. Бид ч бас 2009 онд ийм байдал орж, ам.доллартай харьцах төгрөгийн ханш хоёр сарын дотор 1100 төгрөгөөс 1700 төгрөгт хүрч, эцэст нь бодлогын хүүг огцом өсгөж байсан туршлагатай. Огцом өсгөсөн бодлогын хүүгээс үүдэж зээлийн олдоц хумигдаж, хүү нь өсдөг жамтай.

Валют арилжаанд тавьсан төвбанкны төлгөн коммунистуудын гаргасан хоригийг яаралтай засах, төгрөгийн ханшийн чөлөөт уналтаас өмнө, инфляци 20 хувийг давахаас өмнө, иргэдийн худалдан авах чадвар эрс муудахаас өмнө, ядуурал гаарч, дундаж давхарга ширгэхээс өмнө, авлига дээр суурилсан төлбөр тооцоо, гүйлгээ бий болохоос өмнө хөрөнгийн чөлөөтэй урсгалыг дэмжих шаардлагатай байна.

Эс бөгөөс Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн коммунист бодлогын жоронд хордох нь иргэд, аж ахуй нэгжүүд бөгөөд эргээд сэргэх дунд хугацааны төлбөр нь асар үнэтэй тусах болно.

Иймд эрх баригчдын ойрын хугацаанд шийдэх ёстой асуудал нь Монгол Улсын мөнгөн урсгалыг чөлөөлөх үү, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг чөлөөлөх үү болж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө буцаан татлаа
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө буцаан татлаа
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.